Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хорт хавдраар өвчлөгсдийн 40 гаруй хувь нь дөрөвдүгээр шатандаа оношлуулдаг


Б.МЯГМАРЖАВ


Сүүлийн үед монголчууд  хоол хүнсэндээ бэлэн бүтээгдэхүүн болон шарж хуурсан хүнс, халуун ногоо  хэрэглэх нь нэмэгдсэн. Энэ нь ходоодны шархлаа хорт хавдар үүсгэх нэг нөхцөл болж байгааг эмч нар анхааруулж эхлэв. Учир нь манай улс ходоодны хорт хавдрын нас баралтаар дэлхийд нэгдүгээрт, өвчний тохиолдлоороо хоёрт эрэмбэглэгдсэн  нь уг өвчин аль хэдийнэ аюулт төвшинд хүрснийг илтгэж байгаа  хэрэг. Нийт хавдрын тохиолдлын 14.7 хувийг ходоодны хорт хавдар эзэлдэг бөгөөд энэ өвчин нь удамшлын суурин дээр орчны олон төрлийн хүчин зүйлс нөлөөлсний дунд үүсдэг өвчин юм. Хорт хавдар үүсэх хамгийн гол шалтгаан нь ходоодны хеликобактерийн халдвар бөгөөд халдвар үүсэх нөхцөл нь тамхины хэрэглээ, давс, вирусийн халдвар. Дээр нь аяга халбага солих, хүүхдээ амнаасаа хооллох. Ингэснээр хүүхэд байхдаа авсан халдвар нь зовиургүй явсаар эцэстээ хавдар үүсгэдэг байна.

Судалгаагаар ходоодны гарах хэсгийн хорт хавдрын нийт тохиолдлын 70 гаруй хувь нь хеликобактерийн шалтгаантай байдаг гэнэ. Ходоодны хорт хавдар нь дэлхий дахинд хорт хавдрын нас баралтад гуравдугаар байранд ордог бөгөөд уг өвчнөөр өвдсөн хүмүүсийн 30 хүрэхгүй хувь нь таван жил амьдардаг нас баралт өндөртэй өвчин юм. Дэлхийд  жилд ойролцоогоор сая хүн  ходоодны хорт хавдартай гэж шинээр онологдож,  723 мянган хүн амь насаа алдаж байна. Уг өвчний нийт тохиолдлын бараг тал хувь нь Зүүн Азийн орнууд БНСУ, БНХАУ, Япон, Монголд байна. Харин эдгээр улсаас манайхаас бусад улс орон эрт илрүүлгийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр  өвчний нас баралт жил ирэх бүр буурч байгаа аж. Тиймээс манай улсад эрт илрүүлгийн хөтөлбөр үгүйлэгдэж  байгаа юм. БНСУ-ын ходоодны хорт хавдрын нийгэмлэгийн мэдээллээр 1995 онд ходоодны хавдар нийт тохиолдлын 28,6 хувь нь эрт үедээ оношлогдож байсан бол 1999 оноос эрт илрүүлгийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээр 2009 онд эрт үедээ оношлогдох хувь нь 57,7 хувь болж өсчээ. Үүний үр дүнд ходоодны хорт хавдраар оношлогдсон өвчтөнүүдийн таван жил амьдрах магадлал 40 гаруй хувьтай байсан бол 2006-2010 онд 70 орчим хувьтай болсон гайхам үр дүн гарчээ.

Харин манай улсын хувьд хавдартай өвчтөний таван жил амьдрах магадлал ердөө 25 хувь  байгаа нь нийт өвчлөлийн 85 орчим хувь нь хожуу шатандаа оношлогддогтой шууд холбоотой. Ходоодны хорт хавдар нь эрт үедээ оношлогдвол бүрэн эмчлэгдэх боломжтой. Манай улсад оношлогдож буй хорт хавдрыг үе шатаар нь авч үзвэл нийт өвчлөгсдийн дөнгөж нэг хувь нь өмөн үедээ, гурван хувь нь нэгдүгээр үе шатандаа, 11 хувь нь хоёрдугаар үедээ, 43 хувь нь гуравдугаар, 42 хувь нь дөрөвдүгээр үе шатандаа оношлогддог. Хэрэв эрт үедээ оношлогдвол ходоодны хорт хавдрыг улаан хоолой ходоодны уян дурангийн аргаар дотор талаас нь салст хуулах, салстын доод давхаргыг хуулах зэргээр эмчлэх боломжтой. Харин хожуу үеийн хорт хавдрын эмчилгээ нь олон талт өртөг ихтэй эмчилгээ хийх шаардлагатай байдаг. Тухайлбал, мэс засал, хими, хөнгөвчлөх эмчилгээ гэх мэт. Гэвч эдгээр өвчний эмчилгээний үр зүн төдийлэн сайн биш байдаг. ХСҮТ-д жилд дунджаар 300 орчим хүн ходоодны хорт хавдрын мэс засал хийлгэдэг.

Баянзүрх дүүрэгт “Хавдрын эсрэг үндэсний аян” хэрэгжинэ

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд ХСҮТ, БНСУ-ын эмч мэргэжилтнүүд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ жилийг ХСҮТ-өөс ходоодны хорт хавдрын эрт илрүүлэг хийх үндэсний хөтөлбөр боловсруулах жил болгон зарлажээ. Ингэснээр буруу хооллолт дадал зуршлаас иргэдийг ангид байлгах мөн хэвлэл мэдээлэл олон нийтийн байгууллагаар дамжуулан иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхийг зорьж байгаа аж. Хорт хавдрыг эрт илрүүлснээр 70 гаруй хувь нь эмчлэгдэх бүрэн боломжтой. Харамсалтай нь , монголчуудын хэнэггүй зан, ажлын зав чөлөө зэргээс шалтгаалан иргэд эрт илрүүлэгт төдийлөн хамрагдаж чадахгүй байна. Эрт илрүүлгийн үндэсний хөтөлбөр хэрэгжүүлснээр тухайн хавдраар өвчлөх магадлал хэд дахин буурч байгааг салбарын мэргэжилтнүүд хэлсэн. Тухайлбал, улсын хэмжээнд хөх, умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийг эрүүл мэндийн байгууллагын анхан шатны нэгж дээр буюу өрхийн эмнэлгүүдэд хийснээр уг хавдрын өвчлөл буурчээ.
Энэ тухай  ХСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн “Өнөөдрийн байдлаар нийт оношлогдож байгаа иргэдийн 70 гаруй хувь нь хожуу үедээ ирж байна. Ингэснээр эмчлэгдэх магадлалтай хүмүүс 20 хүрэхгүй хувьтай байгаа юм. Гэтэл БНСУ ходоодны хорт хавдраар дэлхийд тэргүүлдэг. Гэсэн ч эрт илрүүлэг 80 гаруй хувьтай эдгэрэх магадлал нь 65-аас дээш хувьтай байдаг. Тиймээс манай улс хавдрыг эрт илрүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай. Хөтөлбөр хэрэгжүүлснээр бид хорт хавдраар нас барж байгаа 3000 хүнээс наад зах нь 2000-ынх нь амь насыг аврах боломжтой. Тэгэхээр манай төвийн хавдартай тэмцэх ажлыг нэг хэсэг бол яах аргагүй хорт хавдрыг эрт илрүүлэх буюу оношлох. Иргэдийн хувьд ходоодны хорт хавдраас сэргийлэх, ходоодоо дурандуулахаас айдаггүй байх, эмнэлгийн талаас тоног төхөөрөмж дуранг сайжруулах шаардлагатай” хэмээн ярьсан юм.  Хорт хавдрын эсрэг хамгийн үр дүнтэй арга бол эрт оношлуулах. Өвчнөө эрт оношлуулж эмчилгээгээ зөв хийснээр хорт хавдраас ангижрах боломжтой гэдгийг хүн бүр санах хэрэгтэй.  Иймээс 40-ээс дээш насны иргэд ямар нэгэн зовиур илрээгүй ч ходоодоо жилд нэг удаа дурандуулж байх шаардлагатай гэдгийг эмч мэргэжилтнүүд анхаарууллаа. Учир нь, ходоодны хорт хавдраар өвчлөгсдийн нас залуужиж байгаа аж.

ХААН банк МҮОНРТ, ХСҮТ хамтран хавдрын эсрэг үндэсний аяныг хамтран зохион байгуулж зургаан жилийг ардаа орхижээ. Энэ хугацаанд улсын хэмжээнд 90 мянга гаруй иргэнийг хавдрын цогц үзлэг оношлогоонд хамруулжээ.  Энэ жилийн хувьд  “Хавдрын эсрэг үндэсний аян-2017” хэрэгжүүлэхээр болсон. Ингэхдээ  өвчлөл хамгийн өндөр тооцогддог Сүхбаатар, Хэнтий, Баянхонгор аймаг болон нийслэлд Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлэх юм байна. ХААН банкны хувьд өнгөрсөн хугацаанд тус аяныг хэрэгжүүлэхэд 820 гаруй сая төгрөгийн санхүүжилт үзүүлж, орон нутгийн 2200 гаруй ажилтнаа эрүүл мэндийн идэвхтнээр бэлтгэж хавдраас сэргийлэх мэдээллийг олон нийтэд түгээсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан