Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгчийн сонгуулиар хэдэн төгрөг зарцуулахыг энэ долоо хоногт тогтооно

Л.НОМИН

Монгол Улсын Ерөнхий­лөг­чийг сонгох долоо дахь сонгууль ирэх зургадугаар сарын 26-ны даваа гарагт болно. Сонгуулийн нэгдсэн хуулиас Ерөнхийлөгчийн сонгуулийн хэсгийг салгаж батлах гээд чадаагүй тул одоогийн хүчин төгөлдөр хуулийг дагахаар болоод буй. Харин зарим шаардлагатай өөрчлөлтийг Сонгуулийн ерөнхий хорооны журмаар зохицуулах нь. Хуваарийн дагуу энэ сард багтаан буюу санал авах өдрөөс 120 хоногийн өмнө сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүү­лэгчид хэсгийн хороодыг байгуулж, зарлах ёстой. Өмнөх сонгуулиар 1896 хэсгийн хороо байгуулан ажилласан.

Сонгуулийн зардлын дээд хэмжээг мөн энэ долоо хоногтоо багтаан тогтоох юм. Сар шинийн баярын өмнөх ажлын сүүлийн долоо хоног учраас. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг 15 тэрбум 846,8 сая төгрөгөөр зохион байгуулсан. Энэ жилийн сонгуульд 14 тэрбум төгрөг зарцуулахаар улсын төсөвт суулгасан байна. Харин Ерөнхийлөгчийн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг нэр дэвшигч 3 тэрбум төгрөгөөр, нэг намаас зарцуулах дээд хэмжээг 5,1 тэрбум төгрөгөөр СЕХ тогтоож байсан юм. АН 6 тэрбум 632 сая 130 мянга 300 төгрөг сонгуульдаа зарцуулсан гэж тайландаа дурдсан бол МАН 5 тэрбум 68 сая 672,5 мянган төгрөг зарцуулсан байна. МАХН хамгийн бага буюу 815 сая 771 мянган төгрөг Ерөнхийлөгчийн сонгуульд зарцуулсан тайлан бий.

Хэсгийн хороод байгуулаг­дан ажилдаа орсноор ирэх гурав­дугаар сарын 1-нээс эхлэн сонгогчдын нэрсийн жаг­саалт цахим хэлбэрт ор­но. Сонгуульд санал өгөх эрх бүхий 1 сая, 911 мянга 47 сонгогч УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулиар бүртгэгдсэн. Гэхдээ өнгөрсөн жилийн УИХ-ын сонгуулиар гадаадад байгаа ир­гэдээс саналыг аваагүй. Сон­гуулийн систем нь тийм бо­ломж олгоогүй. Тэгвэл энэ удаа­гийн Ерөнхийлөгчийн сон­гуульд гадаадад суугаа иргэ­дийн саналыг авах ажлыг зохион байгуулна. Салбар ко­миссуудаа дипломат төлөө­лөгчдийн газруудад байгуулан Га­даад харилцааны яаманд төв комисс байгуулж, тэднийг удирдан зохион байгуулах юм. 2012 оны УИХ-ын болон 2013 он Ерөнхийлөгчийн сонгуу­лиар гадаадад суугаа монгол иргэдийн саналыг авч байсан билээ.

Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх сонгогчдын тоо буурсаар ирсэн статистик бий. 2013 онд 66,50 хувь нь сонгуульд оролцсон байдаг. Гэхдээ 2016 оны УИХ-ын сонгуульд сонгогчдын ирц өмнөхөөс өссөн. 2012 оны УИХ-ын сонгуульд 67,28 хувийн ирцтэй байсан сонгогчдын идэвх сэргэж 73,28 хувийн ирцтэйгээр саналаа өгсөн юм.

Нэр дэвшигчдийг бүртгэх хугацаа санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхэлж, тав хоногийн турш үргэлжлэнэ. Энэ хугацаа нь тавдугаар сарын 2-нд эхэлнэ. Бүртгэл дууссанаас 3 хоногийн дотор буюу тавдугаар сарын 14-нд багтааж нэр дэвшигчийг бүртгэх эсэхийг СЕХ шийдэж, хэрэв татгалзсан бол түүнийгээ 17-ны өдрөөс хэтрүүлэлгүй зөрчлөө засч дахин мэдэгдэх ёстой. Санал авах өдрөөс 30 хоногийн өмнө нөхөн нэр дэвшүүлэх боломжтой буюу нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулна. Өөрөөр хэлбэл, тавдугаар сарын 27 гэхэд аль намаас хэн нэр дэвшиж өрсөлдөхөөр болсон нь албан ёсоор тодорхой болно гэсэн үг. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд гурван намаас нэр дэвшүүлэн өрсөлдсөн. Харин энэ удаагийн сонгуулиар парламентад суудалтай гурван нам бий ч чухам хэдэн хүн нэр дэвшин өрсөлдөх нь хараахан тодорхойгүй байна. Гэвч хэвлэл мэдээллээр янз бүрийн таамгууд гараад эхэлсэн.

Тухайлбал, Монгол ардын намаас гурван ч нэр дуулдаж буй. МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Шадар сайд У.Хүрэлсүх гэсэн нэр гарч байгаа. Ардчилсан нам бүх гишүүнээсээ санал асууж, түүнээс хамгийн олон санал авч нэрлэгдсэн хоёр нэр дэвшигчийг тавдугаар сарын эхээр болох VIII Их хурлаараа санал хурааж шийдэхээ мэдэгдсэн. Тэгэхдээ хэвлэлээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал, Г.Батхүү нарыг нэрлэж буй ч саяхан АН-ын гишүүнчлэлээ сэргээсэн Б.Жаргалсайхан ч горьдлого тээж явгааг үгүйсгэхгүй гэх болов. Харин Монгол ардын хувьсгалт намын дарга Н.Энхбаярт ямар ч боломж үгүй тул нэгэн ээдрээтэй асуудал үүсээд байгаа аж. Ямартай л УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарыг дэвшүүлэх таамаг гарч, түүнд нь албан ёсны тайлбар одоо хүртэл хийгээгүй яваа. Зарим эх сурвалж, АН-ыг дэмжиж оролцоно гэж байгаа ч баталгаатай бус. Парламентад суудалтай намын хувьд дангаараа оролцох ёстойг гишүүд нь хөндөж, Бага чуулганаараа эцсийн шийдвэр гаргах хэрэгтэй гэжээ.

Монгол Улсын Үндсэн хуульд “45 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэж заасан байдаг. Сонгуулийн тухай хуулиар

-Банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй

-Хугацаа хэтэрсэн албан татварын өр, төлбөргүй байх

-Нэр дэвшигч компанийн 51 ба түүнээс дээш хувьцааг эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрхий өр төлбөргүй байх

-Ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан бол ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байх

-“Монгол Улсын уугуул иргэн” гэж Монгол Улсын харьяат эцэг, эхээс төрж, түүнээс хойш тус улсын харьяат хэвээр байгааг ойлгоно.

-“Сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан” гэж анхан шатны санал авах өдрөөс өмнөх хуанлийн таван жилийн хугацаанд тасралтгүй зургаан сараас дээш хугацаагаар гадаад улсад оршин суугаагүй байхыг ойлгоно.

-Төрийн жинхэнэ албан хаагч Ерөнхийлөгчид нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө төрийн албанаас чөлөөлөгдсөн байна.

-Нэг намын гишүүнийг өөр намаас, намууд хамтарсан тохиолдолд тухайн хамтарсан намуудаас өөр намын гишүүнийг нэр дэвшүүлэхийг тус тус хориглоно.

-Нам аливаа нэг намын гишүүн бус иргэнийг түүний бичгээр гаргасан зөвшөөрлийн үндсэн дээр нэрийг нь дэвшүүлж болно хэмээн заасан. Сонгуулийн сурталчилгааны хоног 20. Энэ бол орон даяар явж, сурталчилгаа хийхэд асар богино хугацаа хэмээн багагүй шүүмжлэл өрнөсөн. АН даргын сонгуулийн сурталчилгааг 21 аймаг, есөн дүүрэгт хийхдээ 30 хоног зарцуулсан. Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааг 20 хоногт багтаан явуулахад нэлээд шахуу хуваарь, хөтөлбөр шаардагдах нь тодорхой.  


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан