Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Оюунчимэг: Архидалтын эсрэг авч болох хамгийн үр дүнтэй арга бол ажлын байр бий болгох


-Нэг гэр бүлийн дөрвөн хүн нэг тасагт хэвтэн эмчлүүлж байсан тохиолдол бий-

Ж.ГЭРЭЛЧУЛУУН

Архи, согтууруулах ундааны асуудал хувь хүний гэхээсээ нийгмийн асуудал болсныг хаа хаанаа ойлгож ухамсарладаг ч асуудал даамжирсаар нийт хүн амын 30 гаруй хувь нь архинаас хамааралтай болж, архи, согтууруулах ундааны үйлдвэрлэл ч өргөжсөөр байна.
Уулзаж ярилцсан эмч, мэргэжилтнүүд архидан согтуурах байдал гамшгийн хэмжээнд хүрсэн, цаашлаад үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэх нь элбэг. Энэ тухайд Наркологийн эмнэлгийн дарга, клиникийн профессор Б.Оюунчимэгтэй ярилцлаа.


-Жил бүрийн хоёрдугаар сард “Архидан согтуурахаас сэргийлэх өдрүүд” нэртэй арга хэмжээ болдог. Энэ үйл ажиллагааны үр дүн ямар байгааг эхлээд сонирхвол?
-Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 224 тоот тогтоолоор Архидан согтуурахтай тэмцэх аяныг жил бүрийн хоёрдугаар сард зохион байгуулахаар болсон. Энэ жилийн хувьд нэлээн өргөн хүрээнд болж байна. Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Төмөрбаатарын баталгаажуулсан тусгай хөтөлбөр, удирдамжийн дагуу сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулж, эрүүлжүүлэх байрны эмч, мэргэжилтнүүдийг сургалтад хамрууллаа.
Жишээ нь, Нийслэлийн цагдаагийн газрын харьяа дүүргүүдийн эрүүлжүүлэх албадын албадан саатуулах байранд ажилладаг эмч нар хамрагдаж байна. Мэдээж эрүүлжүүлэх, албан саатуулах гэдэг утгаараа согтуу хүмүүс л хүргэгдэж очно шүү дээ. Согтолтын зэрэг хүнд, гэр орондоо агсам согтуу тавьдаг, гудамжинд согтоод уначихсан хүмүүс эрүүлжүүлэгддэг, анхан шатны тусламж авдаг газар.
Тиймдээ ч сургалтад оролцож буй эмч, мэргэжилтнүүдэд архинд донтох өвчин гэж юу юм, анхны тусламж хэрхэн үзүүлэх вэ, эмийн болоод сэтгэцийн эмчилгээний ялгаа, үр дүн, өвчтөнтэй сэтгэлзүй талаас нь хэрхэн ажиллах тухай нарийн мэргэжлийн наркологийн эмч, мэргэжилтнүүд сургалт явуулсан.

-Ер нь, наркологийн эмнэлгийн ачаалал хэр байна. Үнэхээр өөрөө ухам­сар­лаад эмгэгээ эмчлүүлье, архинаас гаръя гэж хандах нь хэд байдаг бол?
-Архидан согтуурахтай тэмцэх ажил зөвхөн сургалтын хүрээнд, ганц сарын хугацаанд хийгдээд өнгөрдөг юм биш. Манай эмнэлгийн зүгээс жил тойрон иргэд, олон нийтийн дунд элдэв суртал ухуулга хийж, шаардлагатай тохиолдолд аж ахуй нэгжүүдээр явж сургалт зохион байгуулж, зөвлөгөө заавар өгдөг. Жилээс жилд манай эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо нэмэгдэж байгаа нь нэг талаар бидний ажлын үр дүн. Дотрын өвчтэй, элэгний архаг үрэвсэлтэй хүмүүсийн хандалт ихсээд ирвэл нэг өөр хэрэг. Гэтэл үнэхээр архинаас хамааралтай болчихсон, түүнийгээ эрүүлээр ухамсарласан хүмүүс сайн дураараа ирэх нь элбэг болж. Энэ тохиолдолд бид эмчлүүлэгчийн нэр ус, ажил, албан тушаалыг нууцалдаг. Товчхондоо, донтох эмгэгээсээ салъя гэж хандах хүмүүс олширч байна. Саяхан Монголын радиогийн шууд нэвтрүүлэгт оролцлоо. Хөдөө орон нутгийнхан маш их асуулт тавьсан. Тэр дундаа архинд донтох эмгэг гэж юу болох тухай танин мэдэхүйн шинжтэй асуулт их ирлээ. Архи гэж юу юм, донтох эмгэгээ хэрхэн эмчлүүлэх вэ, хаана хандах ёстой юм гэхчлэн. Зарим тохиолдолд архинд донтоно гэдэг өвчин юм уу гэх нь ч байна. Үүнээс хөдөө орон нутагт архидан согтуурахын эсрэг суртал ухуулга, сургалт хомс байгаа нь харагдсан.

-Танай эмнэлгийн барилгын асуудал нэлээн хэдэн жилийн өмнөөс яригдаж эхэлсэн ч одоо ч хуучин байрандаа байна. Насжилтын хувьд аль хэдийнэ чөлөөлөх, буулгах болчихсон барилга гэгддэг?
-Тийм. Манай эмнэлгийн барилга 1963 онд баригдсан. Ер нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын барилгын хэлтсээс 2015 дүгнэлт гаргаж, нурах, гал түймэр гарах эрсдэлтэй хэмээн тодорхойлсон. Харамсалтай нь, төсөв санхүүтэй холбоотой шинээр барилга барих ажил хойшлогдсоор байна. Угтаа шинэ барилгын зураг төсөл 180 сая төгрөгөөр хийгдчихсэн, цаасан дээрх ажил нь цэгцэрчихсэн гэсэн үг. Уг нь, манай эмнэлгийн барилгын асуудал 2012 оноос хойш яригдсан ч өдий хүртэл өөдтэй ахиц гарсангүй.

-Барилгын асуудлаас гад­­­на одоо ч яаралтай дууд­­­­­лагын машингүй гэж сонссон?
-Тиймээ. Ний нуугүй хэлэ­хэд Монгол Улс архидан согтуу­рагчидаа дийлэхээ больчихсон. Тэр ч бүү хэл мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эмийн хэрэглээ ч газар авч байна. “Би өвс хэрэглэдэг юм” гээд манай амбулаториор ирж зөвлөгөө авах залуусын тоо ч нэмэгдсэн. Гэтэл эдгээр өвчтөн хэвтэн эмчлүүлэх олон улсын стандартад нийцсэн тусламж үйлчилгээ, эмнэлэг хамгааллын орчин дутмаг байна. Үүний нэг илрэл нь одоо ч дуудлагын машингүй байгаа явдал. Мансууруулах бодисын хамааралд орсон өвчтөн оргох хандлага элбэг тохиолддог. Нөгөө бодисоо үгүйлээд цонхоор үсрэх, түүнээс болж бэртэж гэмтэх гээд асуудал ихтэй. Тиймээс шинээр баригдах барилга маань хар тамхинд донтсон өвчтөнүүдийн тусдаа тасаг, өсвөр үеийнхнийг эмчлэх тасаг гэхчлэн дэлхийн жишигт нийцсэн байх шаардлагатай болоод байна. Үүнээс гадна тусламж авч чадалгүй, гэртээ архины хордлогод орж нас барих тохиолдол элбэг байна. Хэрвээ бид шинэ байрандаа орчихвол өөрсдийн гэсэн машинтай болж яаралтай тусламж үзүүлдэг болох юм.

-Хэдэн ортой вэ. Ер нь энгийн үеийн ачаалал ямар байдаг вэ?
-1999 оны арванхоёрдугаар сараас 50 ортой үйл ажиллагаа явуулж эхэлсэн ч өнөөдрийн байдлаар 54 хүн хэвтэн эмчлүүлж байна. Ер нь, ачаалал харьцангуй их. Ялангуяа том баяруудын дараа хордлогод орсон, эмчилгээ хийлгэе гэсэн хүмүүс их ирдэг.

-Нийгэмд архидан сог­туурахтай тэмцэх зорилгоор сургалт сурталчилгаа, сур­тал ухуулгын ажил хийгдэж байгаа ч жилээс жилд архидалт газар авсаар байна. Нэг талаас архи үйлдвэрлэлийн асуудлаа нэг тийш болгохгүй бол гэх хүмүүс ч байдаг. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Ер нь, архидалт гэдэг нийгмийн өвчин. Ядуурал, ажилгүйдэл газар авч, ард иргэд стресс бухимдалтай байна. Ялангуяа залуусын дунд ажилгүйдэл, гэр бүл салалт элбэг тохиолдож байгаа нь стресс бий болох шалтгаан болоод байна. Ажилгүй, орлогогүй, хадмындаа байдаг залуу хосууд хэчнээн байгаа билээ. Тэр болгонд маргаж муудалцах асуудал бишгүй тохиолдоно. Улмаар байнгын стресст өртөж, уур бухимдлаа зөв тайлж чаддаггүйгээс жаахан юманд гундах, түүнийгээ архи ууж тайлах, согтууруулах ундааг их хэмжээгээр хэрэглэх явдал их байна. Яваандаа түүндээ дасал болж, тодорхой хугацаанд давтан хэрэглэсээр богино хугацаанд архинд донтох эмгэгтэй болдог. Хүмүүс бодохдоо “би арай ч архичин болчихгүй” гэж ойлгодог. Угтаа архинд донтох эмгэг гэдэг тамхинаас нэг их өөрцгүй, маш богино хугацаанд бий болдог. Одоогоос 10, 20 жилийн өмнөх судалгаагаар архинд донтох эмгэгтэй болоход 10 ба түүнээс дээш болдог байсан бол одоо хамаагүй наашилсан. Хэрэглээ нь их болчихсон, архи согтууруулах ундааны стандарт ч өөр болж. Сая л гэхэд метилийн спиртэд хордож таван хүн нас барлаа. Хэрэглэгч, үйлдвэрлэгчийнх нь тоо олон болчихсон учир нийгмийн асуудал, цаашлаад гамшгийн асуудал болчихоод байна. Үүнийг дан ганц эмнэлгийн байгууллага, наркологийн эмч эмчлэхгүй. Энэ бол төрөөс бодлогоор эмнэх ёстой асуудал. Ядаж зориулалтын ганц эмнэлгийнх нь барилгын асуудлыг нааштай шийдэх хэрэгтэй. Нэг үеэ бодоход наркологийн эмч, мэргэжилтэн, боловсон хүчин хангалттай болсон. Дүүрэг болгонд сэтгэц, наркологийн эмч ажиллаж байна. Бид энд эмнэж сувилаад эмнэлгээс гаргадаг нөгөө хүн маань ажилгүй, орлогогүй учир найз нөхөдтэйгөө нийлээд дахиад л уудаг. Тиймээс архины эсрэг авах хамгийн зөв арга хэмжээ бол ажлын байр бий болгох. Нийгмийг архи гэгч өвчнөөс нь салгах төрийн дорвитой бодлого, ягштал хэрэгждэг хууль л дутагдаж байна даа.

-Шуудхан хэлэхэд тэр хуулийг тань батлах учиртай хүмүүс архитай хамаарлтай бизнес эрхлэх нь олон байна шүү дээ?
-Тэрийг нарийн хэлж мэдэхгүй байна. Ямартай ч наркологийн эмч нар элдэв хуулийн хэрэгжилтэд санал хүсэлтээ байнга өгч, хэлж ярьдаг. Угтаа 2.0 градусаас дээш процент бүхий уусмалыг согтууруулах ундаанд тооцдог ч телевизийн сувгуудаар оройн 22:00 цагаас хойш шар айраг сурталчилдаг. Зөвхөн архи гэлтгүй шар айраг, дарсанд донтох эмгэг хүртэл байдаг. Тиймээс ядаж сурталчилгаагаа ч анхаарах хэрэгтэй байна. Нөгөө талаас архи, согтууруулах ундааны үйлдвэр, түүгээр үйлчилгээ үзүүлдэг газрууд төсөвт багагүй ашиг орлого оруулдаг юм шиг байна. Гэхдээ юу золиослож байгаагаа сайтар ухаарах хэрэгтэй. Хотын зарим хэсэгт хоёр алхаад л архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг, худалдан борлуулдаг газар байна. Дээрээс нь баар, цэнгээний газруудыг шөнийн 04:00 цаг хүртэл ажиллуулах нь үнэхээр буруу шийдэл. Шөнөжин архидсан залуус өглөө нь ажлаа таслана, гэртээ харилгүй гадуур хонож өнжинө, гэр бүлээс гадуур харилцаа үүсгэнэ. Харьсан нэг нь агсам согтуу тавина, эхнэр хүүхдээ зодож нүднэ. Ер нь, асуудал нүдэн дээр ил байна шүү дээ. Энэ олон баар, ресторан, зочид буудлууд яагаад байгаад байгаа юм, яагаад тоо нь олшроод байгаа юм. Үйлчлүүлэгч нь байгаа болоод, ашиг орлогтой ажилладаг учраас оршин тогтноод байгаа хэрэг. Хэн нэгэн наркологийн эмч очоод танай үйл ажиллагаа зогсоолоо гэх эрхгүй. Гэтэл ийм эрх дархтай хүмүүс нь архи үйлдвэрлэдэг, архи согтууруулах ундаатай хол­боотой бизнес эрхэлдэг байх жишээтэй. Яг оройтсон гэж хэлэхгүй ч нийгэм архинаас хэт хамааралтай болсон нь үнэн.

-Хэт хатуу чанга хуулиар цагдаж хоривол бүр ч газар авна гэх хандлага байдаг. Энэ тухай таны бодол?
-Ер нь, хаа хаанаа адил тэнцүү арга хэмжээ авч байж л засч залруулна. Бид энд эмчлээд байдаг хууль нь салан задгай, үйлдвэрлэл нь чөлөөтэй байхад ямар ч ахиц гарахгүй. Бид эмчлэхийг нь эмчлээд, нийгмийн сэтгэлзүйд нөлөөлөх ажлаа хийгээд байдаг. Дээгүүрээ тодорхой хууль тогтоомжийнхоо хэрэгжилтийг хянаад явах хэрэгтэй. Архи, тамхины асуудал дээр хууль чангадна гэхээр өрөөсгөл санагддаг. Гагцхүү хэрэгжилтийг нь л хянаад байхад л болно. Мөн боловсролын байгууллагууд эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөртөө архи, согтууруулах ундааны тухай оруулж, ядаж дунд ангиас нь архины хор уршгийг ойлгуулж, таниулах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр эцэг эхчүүд үр хүүхдийнхээ дэргэд архидан согтуурмааргүй байна. Манай эмнэлэгт аав нь гурван хүүтэйгээ нэг тасагт хэвтэж байсан тохиолдол бий. Өсвөр насны хүүхдийнхээ дэргэд хээв нэг архи задлаад ууж байгаа эцэг эхчүүд маргаашаа бодмоор байна. Хүүхэд нь найз нөхөдтэйгөө дарвиж яваад аав уудаг юм чинь гээд архи амсчих вий гэж эмзэнлэхгүй байна. Хүүхэд гэдэг таны толинд туссан тусгал. Гэр бүлийн орчин нь ямар байна хүүхэд тэгэж л хүмүүжиж төлөвшинө. Дээр нь архи гэдэг зүйл өөрөө удамшлын шинжтэй болчихсон. Удамд нь архи хэтрүүлэн хэрэглэдэг, донтох эмгэгтэй хүн байсан бол огт архи амсаж болохгүй. Жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд бүр ч ууж болохгүй. Ялангуяа, жирэмсний эхний гурван сартайд согтууруулах ундаа уух юм бол ургийн гажиг үүснэ. Мөн хөхүүл хүүхдийн элэг архи уусан эхийн сүүгээр дамжиж гэмтэх тохиолдол бий. Уусан архины 80-90 хувь нь элгэнд задардаг. Монголчуудын дунд элэгний хавдар, үрэвсэл, цирроз элбэг байгаагийн гол шалтгаан нь архи. Элэгний өвчлөл нас баралтын тоогоор тэргүүлж байгааг манайхан амьдрал дээр бодитоор мэдэрч байна.

-Хүн амын 13.6 хувь нь архинд донтох өвчтэй гэлээ. Тэгвэл архинаас хамааралтай нь хэд вэ гэвэл нэг тоо хэлэх байх?
-ДЭМБ-аас 2015 онд Монгол Улсын хэмжээнд судалгаа хийсэн байдаг. Эрчүүдийн 39 хувь, эмэгтэйчүүдийн таван хувь нь архи хэтрүүлэн хэрэглэдэг. Нэг үгээр архи хэтрүүлэн хэрэглэгч гэдэг маань архинаас хамааралтай болчихсон гэсэн үг. Үүнээс үзэхэд хүн амын удмын сан, нөхөн үржихүй гээд архинд дарлуулж буй зүйл их. Ер нь, Монгол Улс архин далайд живж байна гэхэд нэг их хилсдэхгүй л болов уу. Одоогоос 10 гаруй жилийн өмнө зөвхөн гэрийн эзэн архи уудаг байсан бол одоо эмэгтэйчүүд уудаг болж. Манай эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн нийт өвчтөний 10.4 хувь нь эмэгтэйчүүд. Гэтэл өсвөр насныхан архи уугаад эхэллээ. Хэвлэлүүдээр 12 настай хүүхэд эрүүлжүүлэгдлээ гээд гарч байна. Энэ бол нийгмийн бичил орчин болсон гэр бүлийн орчинд архидан согтуурах явдал газар авсны илрэл. Баяр ойртохоор эцэг эхээ эмчлүүлэхээр ирдэг хүн ч олон байдаг. Ингээд харахаар архидан согтуурах анхны нэгж нь гэр бүл болж хувирсан. Ийм орчноос эрүүл зан үйл, сэтгэхүй урган гарах уу. Сүүлийн үед нийгмийг цочроосон, гадны алаан хядаантай кинонд гардаг шиг харгис хэрцгий гэмт хэргүүд ч гарах болж. Бүгд л согтуурсан үедээ үйлдэгдсэн байдаг. Нөгөөтэйгүүр энэ их архидалт, ажилгүйдэл ядуур­лыг дагаад монгол хүний ёсзүй, уламжлал хамт унаж байна.

-Танайд хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүдийг нас­ных нь хувьд авч үзвэл ямар байдаг вэ. Дундаж нас нь хэд байдаг бол?
-Өнгөрсөн онд хамгийн залуу нь 20 настай хүн хэвтэн эмчлүүлсэн бол хамгийн ахмад нь 70-аас дээш насныхан байдаг.

-Өөрсдөө сайн дураараа ирэх нь их үү эсвэл гэр бүлийнхэн нь авчрах юм уу?
-Ерөнхийдөө өөрөө ухамсарлаад, сайн дураараа ирэх нь элбэг. Яахав, ганц нэг тохиолдолд архинд үнэхээр гүн гүнзгий орсон хүнээ гэр бүлийнхэн нь бараг баривчлаад, хүлж баглаад авчирдаг.

-Мансууруулах бодис хэрэглэдэг хүмүүс хандах нь хэр байна?
-Сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй нойрсуулах эмний хамааралтай болчихсон залуус харьцангуй олширсон. Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй өвсний ургамлууд, сентетик аргаар гаргаж авсан “мөс” зэрэг хар тамхины төрлийн бодис хэрэглэгчдийг нэлээн хүндэрсэн хойно нь эцэг эхчүүд нь дагуулж ирэх нь бий. Бидний зүгээс боломж бололцоогоороо эмчлээд гаргадаг ч цаг хугацааны хувьд эмчилгээ дутуу дулимаг болдог. Орны хүрэлцээ, эм бэлдмэл гээд олон хүчин зүйл нөлөөлдөг. Гэхдээ мансууруулах бодисын хамааралд орсон хүн багадаа жил эмнэлэгт байх ёстой. Донтох эмгэгийн тусгай программ бүхий сургалтууд байдаг. Дээр нь сэтгэц, нийгмийн сэргээн засах эмчилгээ гэж байдаг. Ааш авир нь эрс өөрчлөгдсөн, ажил хөдөлмөр эрхлэх ямар ч хүсэлгүй болчихсон хүнийг буцаагаад нийгэм, олон нийтийн дунд оруулахад бэлдэнэ гэсэн үг.

-Эмнэлгүүдэд архи сог­туу­руулах ундааны бо­лон мансуурлын хордлого тайл­даг болсон. Энэ асууд­лыг мэргэжлийн хүний хувьд хэрхэн дүгнэж байна вэ?
-Өмнө нь эрүүлжүүлэх байр гэж хэлдэг байсан, одоо албадан саатуулах байр болсон. Яахав, эрүүлжүүлэх байранд мэргэшсэн наркологийн эмч нэг ч байхгүйн дээр 60, 70 хувь нь бага эмч нар байдаг. Уг нь, хөгжингүй орнуудад эрүүлжүүлэх байранд наркологийн мэргэжлийн эмч байдаг бөгөөд өвчтөний хордлогыг бүрэн тайлсан тохиолдолд гаргадаг. Манайд ч гэсэн ийм зарчмаар л явах ёстой. Түүнээс хаа таарсан эмнэ­­лэгт, захын согтуу этгээ­дийг даатгаад хаяж болохгүй. Эмч нар бид өвчтөн гэдэг хүнтэй харилцдаг. Үг хэллэгээ­сээ ч тэр бидэнтэй үл нийцэх байдал үүсчихээд байна л даа. Үүний хор уршиг ч их байна. Эмнэлэгт аваачсан согтуу этгээд маань өчнөөн өртгөөр авсан эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийг эвдэнэ, гэмтээнэ. Эмч мэргэ­жил­­тэн, өвчтөнүүдтэй зүй бусаар харилцана. Наанадаж эмнэлгийн хүлээн авах дотор хүнд хөнгөнөөр бие засчихаж байна. Асуудлыг ерөнхийд нь авч үзвэл байж болохгүй зүйл л дээ. Согтуу хүн гэдэг хүчний байгууллагын ажилтан, албан хаагч харж харгалзаж байж эрүүлжүүлэхгүй бол цагаан халаадтай хүмүүсийг элэг бариад байдаг. Зүрхний хэм алдагдсан, яаралтай тусламж авах гэж ирсэн хүний хажууд согтуу хүн орилж хашгичаад, элдэв хараал урсгаад байхаар нөгөө хүний маань зүрхний цохилт нь түргэсээд хүндрэл үүсэх аюултай. Тиймээс энэ асуудлыг ялгаж салгаж, тусад нь авч үзэх шаардлага зайлшгүй бий.

-Танайх эмнэлэгт хүлээн авбал яадаг юм бол?
-Ямар ч боломжгүй. Манайх тогтсон хөтөлбөрийн дагуу эмчилгээ хийдэг. Тодорхой хугацаанд эмчлүүлээд эмгэг нь засарч, эдгэж буй хүмүүс архи уучихсан, үнэртүүлсэн хүнийг хараад уух дур хүсэл нь сэргэдэг, цаашлаад оргож зугтдаг. Тиймээс манайд хүлээж авах боломжгүй. Хуучин эрүүлжүүлэх байранд нь хүлээн авч гагцхүү эмч, мэргэжилтэн, материаллаг бааз, ажиллах нөхцөлөөр нь хангаж өгөх л хэрэгтэй. Эрүүлжүүлэх байрны эмч нар худалч хүнд хүйтэн подвальд ажиллаж байна шүү дээ.

-Архинд донтох эмгэгтэй хүмүүст эмийн гэхээс сэтгэцийн эмчилгээ илүү үр дүнтэй байдаг байх?
-Манайх мэргэшсэн сэтгэлзүйчтэй. Хордлого тайлах эмийн эмчилгээ, архинаас гаргах эмчилгээнээс гадна сэтгэл заслын курс эмчилгээ хийгддэг. Мөн ганцаарчилсан болоод бүлгийн уулзалт яриа хийнэ. Үүндээ гэр бүлийнхнийг нь ч татан оролцуулах тохиолдол бий. Жаахан бүрэгдүү, дотрохоо уудалж ярьж чаддаггүй зарим өвчтөнтэй зайлшгүй ганцаарчлан ажиллах шаардлага үүсдэг. Нөгөөтэйгүүр гэр бүлийнхнийг нь татан оролцуулах тохиол­долд үр дүнтэй байдаг. Мөн ижил зовлонтой хүмүүсийг тойруулж суулгаад ярилцвал ахиц гарах нь ч бий. Энэ мэт сэтгэцийн эмчилгээний арга барил өөр өөр. Ямартай ч, бидний 10 хоног эмчлээд гаргасан хүнийг гэр бүлийнхэн нь дэмжээд, эергээр хүлээж авах нь эмчилгээний үр дүнд их нөөлөөтэй байдаг. Дөнгөж эмчлүүлээд гарч ирсэн хүнээ өмнө нь архиа ууж байхдаа тавьсан өр ширийг нь ярьж эргэн бухимдуулаад дахиад архийг нь уулгачихдаг. Тэгээд “засрахгүй архичин” гэдэг. Угтаа бидний зүгээс хийсэн эмчилгээний эцсийн үр дүн гэр бүлийнхэн, ойр тойрныхноос нь шууд хамаардаг. Архинд донтох эмгэгтэй хүн эмоцио барих чадвар муу байдаг. Амархан уурладаг, баярладаг, гомддог. Тиймээс гэр бүлийн­хэнд нь тэр хүнээ хэрхэн хүлээж авах тухай хичээл зааж өгдөг.

-Архи уудаг нэгэндээ гахайн сүү гэхчлэн элдэв амьтны гаралтай зүйл эм бэлдмэл уулгах тохиолдол байдаг. Үүний эрсдэлтэй тал нь юу байдаг юм бол. Ер нь, орчин үеийн анагаах ухаанд ийм арга барил хэрэглэгддэг юм болов уу?
-Ятгах, ховс заслын эмчилгээ гэж байдаг юм. Тэрний л нэг хэлбэр. Гахайн сүү ууна гэдэг манай ардын уламжлалт эмчилгээний арга. Дээхнэ үед архинд орсон нэгэндээ гахайн сүү болоод элдэв ургамлын гаралтай бодис, тан бүхий хоол унд өгчихөөд дараа нь архи уувал ингэнэ, тэгнэ гэх замаар нэг ёсны сэтгэхүйд нь нөлөөлж, ятгах арга хэрэглэж байсан, одоо ч байгаа. Яахав, ятгалгад амархан ордог хүмүүст үр дүнтэй арга л даа. “Чи гахайн сүү уусан. Одоо архи амсвал шууд татна, цаашлаад үхнэ” гээд хэлчихдэг. Ийм байдлаар архинаас нэг мөр гарчихсан хүн ч байдаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан