Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газар гурван талт хэлэлцээрийг зөрчиж байна гэв


Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сан /ОУВС/-тай хамтран “Extended Fund Facility” буюу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлэхээр болсон. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр энэ оны төсвийн алдагдлыг 3.4 хувь, 2018 онд 6.4 хувь, 2019 онд 6 хувиар бууруулах юм байна. Харин төсвийн алдагдлыг бууруулахын тулд төсвийн орлого нэмэгдүүлэх хэрэгтэй тул Засгийн газар хэд, хэдэн татварын хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Тухайлбал, согтууруулах ундаа болон тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэх мөн нийгмийн даатгалын шимтгэл,  суудлын автомашины онцгой албан татварыг насжилтаас нь хамаарч 3-15 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөөд буй. Иймээс МҮЭХ-ны зүгээс ОУВС-гийн  хөтөлбөрийн хүрээнд төсвийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд авч байгаа арга хэмжээ нь Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн заалтуудыг зөрчиж байна гэдгийг анхааруулж, эдгээр заалтыг харгалзан нөхцөлөө тохирох ёстой гэлээ.


Монгол Улсын Засгийн газар, МҮЭХ, МАОЭНХ  хамтран 2017-2018 оны хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийг өнгөрсөн нэгдүгээр сарын 19-нд байгуулжээ. Энэ хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Хөдөлмөр Ниймгийн Хамгааллын сайд Н.Номтойбаяр, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, ХХАХҮ-ийн дэд сайд Ж.Саулье зэрэг нэр бүхий 10 хүн Засгийн газрыг төлөөлөн гарын үсэг зуржээ.

Гэтэл  хэлэлцээрт тусгасан хэд хэдэн заалтыг зөрчих магадлалтай байна гэж МҮЭ-ийнхэн үзэж байна. Тухайлбал,  татвар, шимтгэлийг нэмэгдүүлэхгүй, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхгүй байх гэх мэт нөхцөл тохиролцон хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байгаа нь Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 2.4, 2.5, 3.2, 3.9 заалт зөрчигдөх, улмаар хэлэлцээрийн хэрэгжилт, биелэлттэй холбогдон хөдөлмөрийн хамтын маргаан үүсч болзошгүйг мэдэгдлээ.

 Энэ талаар МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгалан­баатар “Хэрэв гурван талт хэлэл­цээрийн заалтуудыг зөрчиж, ОУВС-тай энэхүү нөхцөл болзолтойгоор хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлбэл МҮЭХ хамтын маргаан эхлүүлнэ.  2017 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр МҮЭХ, Монгол Улсын Засгийн газар, МАОЭНХ  хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийг байгуулсан. Манай холбоо 2016 оны арваннэгдүгээр сараас албан ёсоор дөрвөн удаа мэдээлэл хийсэн.

Хэрэв уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх тохиолдолд ард иргэдийн хөдөлмөр нийгмийн хамгааллын өнөөгийн түв­шинг дордуулахгүй байх нөхцө­лийг Олон улсын валютын сантай тохирох ёстой. Ингэхдээ аль болох ажлын байр цомхотгохгүй байх үүргийг Засгийн газар хүлээх учиртай. Улсын хэлэлцээрт энэ онд Засгийн газар цалин тэтгэврийг нэмэхгүй юм гэхэд бууруулахгүй байх үүрэг хүлээсэн. Улс орны эдийн засгийн хүндрэлээс шалт­­гаалж иргэдийн цалин тэтгэв­рийг нэмэгдүүлэх боломж­гүй ч  Төсвийн тухай хуулиар дамжуулж төсвийн хэмнэлт, төсвийн гадуурх олсон орлогоор цалин хөлсөө нэмэгдүүлэх, нийгмийн хам­гаал­лын асуудалд зар­цуулах боломжийг хэлэл­цээрээр олгосон.  Гэтэл өмнө нь хэд хэдэн удаа сануулаад байхад ОУВС-тай байгуулах гэрээ энэ шаардлагыг биелүүлсэнгүй” хэмээн ярьсан юм. Уг асуудлаар МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Ам­галанбаатар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Хөдөлмөр, нийг­мийн хамгааллын сайд Н.Ном­тойбаяр, Сангийн сайд Б.Чой­жилсүрэн, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нарт мэдэгдэл хүргүүлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан