Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тусгаар тогтносон Шадар сайд


Т.ЦЭЛМЭГ


Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандарчлал хэмжилзүйн газар, Онцгой байдлын ерөнхий газар зэрэг дөрвөн чиглэлийг Шадар сайд хариуцдаг. Аливаа гамшиг, зуд болох, малын гоц халдварт өвчин дэгдсэн үед Шадар сайд онцгойлон анхаарч ажиллах ёстой, үүрэгтэй. Өвөлжит хүндэрсэн аймгуудаар явж, иргэд, малчидтай уулзан анхаарч байгаа нь сайшаалтай. Гэхдээ аливаад тунг нь тааруулах юу юунаас илүү чухал. Харамсалтай нь манай Шадар сайдын хандлага, сурталчилгааны порц нь ихэдчихээд байгаа юу.

Парадаар угтуулах нь

Тухайн аймаг, орон нутагт очихдоо төрийн хэдэн албан хаагчаа эгнүүлээд жагсааж, үлээвэр найрал хөгжимтэйгээр угтуулдаг хуучны моод ид цэцэглэж байна. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав нь ингэж угтуулдаг юм байгаа биз. Шадар сайд бол хариуцсан ажлаа хийгээд явна уу гэхээс энд тэнд очиж, багахан хэмжээний парад алхуулах нь харин ч илүүц. Түүний өмнөх Шадар сайд нар хөдөө явахдаа орон нутгийн хэмжээнд парад хийлгэж, индэр дээрээс үг хэлсэн шигээ ингэтлээ сүр үзүүлж байсныг санахгүй юм. Хариуцсан дөрвөн ч салбар байдаг боловч Батлан хамгаалахын сайдын дайтай “айлчлал” орон нутагт хийж буй нь ирээдүйн карьерт нөлөөлөх зорилготой гэх. Ер нь ингэж дүрэмт хувцастай л бол төрийн албан хаагчдаа өвлийн хүйтэн, зуны халуунд гадаа талбайд жагсааж ирээд л угтуулж, хэлбэрдэх соёл хэзээ халагдах юм бол. Ардчилсан нийгэм бүрэлдээд 27 жил болж байхад нөгөө л социализмын үеийн уламжлал явсаар л байна. Төрийн албан хаагчдаа цуглуулах гээд байвал ядаж нэг хурлын танхимд оруулаад ярьж болмоор санагдах. Энэ бүх угталтын арга хэмжээнд төсвөөс тодорхой хэмжээний зардал мөнгө гарч л таарна. Төсөв хэмнэх ёстой ийм цаг үед энэ мэт ач холбогдолгүй хийрхлээс эхлээд цэгцлэх ёстой. Жагсч угтаж авсангүй гээд ажил гацах уу. Харин ч төрийн ажил албыг нь цалгардуулан байж сүр дуйлантайгаар угтуулж байгаа нь зөв зүйл лав биш. Шадар сайд гэдэг албан тушаалыг хэдэнтээ хашсан У.Хүрэлсүхэд мэдэхгүй, чадахгүй ажил гэж үгүй биз. Гэвч сүүлийн үед гаргаж буй үйлдлүүд нь хувийн карьертаа төрийн сайдын албан тушаалыг ашиглаж буй мэт харагдах боллоо. Өмнүүрээ жагсаал өнгөрүүлэх нь түүнд чухал бол Батлан хамгаалахын сайд болоод ёслол төгөлдөр парад үзэх байлаа. 

“Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүхээр ахлуулсан “шуурхай бүлэг” Ховд аймагт ажиллаж байна” гэсэн том зарлал өлгөж, малчдад өвс тэжээл, НҮБ-ын хүн амын сангийн тусламжийг иргэдэд өнгөрсөн долоо хоногт хүргэжээ. Гэхдээ Ухаанаагийн Хүрэлсүх гэдэг нэрийг онцгойлсон бичигтэй өвс тэжээлийг гардуулснаа хаа сайгүй мэдээлж байна. Улсын онцгой комисс, олон улсын байгууллагын тусламж, дэмж­лэгийг хүргэж өгөх үүрэгтэй болохоос түүгээр нь өөрийгөө рекламд гээгүй байлтай.
 
Мэдээний цагтай ганц сайд

“Шадар сайдын цаг” гэдэг тусгай мэдээний хөтөлбөртэй ганц хүн У.Хүрэлсүх сайд. Тэнд ажиллалаа, ингэж ч явлаа гэдгээ тусгай мэдээ болгож Үндэсний олон нийтийн телевизээр долоо хоног бүр цацдаг. Мэдээж, Шадар сайд бол хамгийн сайн ажиллаж байгаа гэдэг мэдээгээр энэ хөтөлбөрийг дүүргэнэ. “Засгийн газрын цаг”, “Парламентын цаг” гэсэн мэдээллийн тусгай хөтөлбөрүүдээс ялгаатай нь бэлтгэсэн мэдээ нь ганцхан хүнийг хэрхэн сайн ажиллаж байгааг магтсан агуулгатай. Засгийн газар бол гаргасан шийдвэрээ, парламент нь баталсан хуулиа танилцуулах зорилготой байдаг. Удахгүй Шадар сайдын цагийг дуурайсан хөтөлбөрүүд ар араасаа мэндлэхгүй гэх газаргүй. “УИХ-ын гишүүн ... цаг” гэсэн нэвтрүүлэг цацагдаж эхэлбэл гайхах хэрэггүй нь. Энэ УИХ-д телевизид хөрөнгө оруулагч, хувь эзэмшигч цөөнгүй гишүүн бий. Тухайлбал, Н.Учрал гишүүн “Рояал” телевизийн мэдээний хөтөлбөрийн эхлэл хэсэгтээ заавал нэг гардаг. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр VTV телевизийг “Шинэ дэлхий” нэртэй байхад нь худалдаж авч байсан. Д.Сарангэрэл ги­шүүн “ТВ5” телевизийг үүсгэн байгуулагч, Г.Тэмүүлэн гишүүн, Сэргэлэн сайд нар “Сүлд” телевизийг хамтран эзэмшдэг гээд ил мэдэгдэж байгаа нь. Өөрсдийн хувь, хувьцаа эзэмшдэг телевизээр сурталчлуулах бол нэг их асуудал биш...

Ингэж их өөрийгөө сурталчилж байгааг харахад У.Хүрэлсүх сайдад улс төрийн том зорилго байгаа нь анзаарагдана. Ойрноос Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх нэр дэвшинэ гэсэн мэдээ зарим сайтаар гарч буй. Зүүний хүчний холбоо гэж байгуулан нэг хэсэгтээ л хүчийг авч байсан тэрээр намынхнаа фракцаараа үе үе айлгаад авдаг. Өөрийгөө Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжтой гэж үзэж мессэж нисгэж буйг намынхаа даргатайгаа таарамж муутай байгаагийнх гэж тайлбарлав. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь аль эртнээс яригдаж буй М.Энхболдын оронд МАН-ын даргын суудалд хүрэх нэг арга ч гэх. Хэрэв М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд хамгийн олон саналыг авчихвал УИХ-ын дарга нь Ц.Нямдорж, МАН-ын дарга У.Хүрэлсүх болох зохиол бичигдсэн талаар МАН-ынхан ярилцаад эхэлчихэж байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас ч илүү олон удаа хөдөө орон нутагт ажиллаж, хэвлэлээр гарч, телевизийн цагтай хүртэл болсноос харвал У.Хүрэлсүхэд ирээдүйд Засгийн газрын танхим удирдах хүсэл ч байхыг үгүйсгэхгүй.

0 Сэтгэгдэл
АН с сурсан зүйл л дээ. Хийж байгаа ажилаа сайн пиардаж олон хүнд хүргэх нь зөв л дөө
Хамгийн их уншсан