Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ээлжит бус чуулган зарлаж, эрхэм гишүүдийг ичээнээс нь гаргая


Б.ШИРНЭН


Манай улс ОУВС-гийн “Extended Fund Facility” буюу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахаар болсон гэдгээ энэ сарын 19-ний өдөр албан ёсоор зарласан билээ. Хэдийгээр хэлэлцээр аль долдугаар сард эхэлсэн ч явцад нь ямар нэг мэдээлэл өгөхгүй байсаар эцсийн шийдвэрээ “өөр гарцгүй байлаа” хэмээн нийгэмд тулгасан нь энэ байв. Мөн энэ хөтөлбөр нь ОУВС-гийн олгодог хамгийн хатуу болзолтой хөтөлбөр хэдий ч ОУВС-г төлөөлөн Улаанбаатарт ажилласан Коши Матай “...бусад хөтөлбөрөө бодвол урт хугацаанд зээлээ эргэн төлдөг” хэмээн хөтөлбөрийн хатуу шаардлагуудыг аль болох дурдахгүй өнгөрч, эсвэл зөөллөж байх шиг санагдсан. Жишээ нь, ОУВС-гийн төлөөлөгчид  татвар нэмэх болзол, шаардлага тавьсан тухайгаа өгүүлээгүй бөгөөд сар бүр олгодог хүүхдийн мөнгийг хасах асуудлаас ч маш хөнгөхөн бултаж чадсан юм.

Өнөөдрийн байдлаар гэхэд манай улсын нийт хүүхдийн 60 хувь буюу 660 мянга орчим хүүхэд сар бүр 20 мянган төгрөгийн “хүүхдийн мөнгө” авдаг бол “40 хувьд нь 2019 онд бэлнээр олгоно. Тэр хүртэл дансанд чинь хуримтлуулж байгаа” гэх хачин хариултыг Засгийн газар байсхийгээд л өгдөг юм. Мэдээж, мөнгөгүй тул хоёр жилийн дараа олгоно гэдгээс илүү дээр сонсогдох тул ингэж хэлдэг байх л даа. Харин ОУВС, Засгийн газар хамтран хөтөлбөр хэрэгжүүлэх болсноор 60 хувьд олгогдож байсан төсөвт таналт хийгдэж, 40 хувь хүртлээ буурна.

Маш товчхондоо, 60/40 гэсэн харьцаа нь 40/60 болж өөрчлөгдөж байна. Гэтэл хөтөлбөрт хамрагдахаа зарлаж суусан Сангийн сайд Б.Чойжилсүрэн болон ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч Коши Матай хоёр дуу нэгтэйгээр “нийгмийн хамгаалалд чиглэсэн санхүүжилтийг бууруулахгүй байхаар ажиллана” гэв.

Гэтэл бодит байдал тийм биш гэдгийг мэдсээр байтал “Үгүй ээ. Энэ хасагдаж байгаа мөнгийг чинь хоолны талон болгоно. Илүү зорилтот бүлэгт чиглэж байгаа юм” хэмээн “Хүнсний талон” хөтөлбөр хэрэгжүүлж, хүүхдийн мөнгө танах асуудлыг булшилж байв. Энэ мэтээр танах зардлуудаа эвтэйхэн тайлбарлаж, татвар нэмэх асуудлыг Засгийн газар “өөр арга байсангүй” хэмээн өөрсдийн асуудал биш мэт тайлбарлаж суув.

Мэдээж, Сангийн сайд Б.Чойжилсүрэнд татвар нэмэх асуудлыг нийгэмд танилцуулах хүндхэн үүрэг оногдсон нь гарцаагүй. Энэ үүргээ ч тэр маш сайн биелүүлж гэдгийг 65-ын бүлэгт ОУВС-гийн асуудал хамаагүй байсан мэт төсөөлж буй нийгмийн уур амьсгалаас ажиж болно. Гэтэл Б.Чойжилсүрэнг ОУВС-гийн хөтөлбөрөөс хасч харвал, ард нь 65-ын бүлэгтэй, Засгийн газраа дангаар байгуулсан Монголдоо л “хаан” шиг М.Энхболдын дүр кабинетаараа тодрох байх. Харамсалтай нь, цалин нэмэхгүй ч татвар нэмж, нийгмийн халамжийг танаж байгаа тухайгаа ярьж суухад Төрийн ордонд Сангийн сайдаас өөр хүн өрөөнөөсөө цухуйсангүй.

Эргэн дурсахуй: Бид олонхоороо далимдуулж асуудлыг шийддэггүй

Эргэн дурсахад тийм ч холын асуудал биш. Есдүгээр сарын эхээр Төсвийн тодотгол хэлэлцэж байсан бөгөөд Засгийн газар бүх төрлийн татвар нэмэх замаар төсвийн орлого нэмэгдүүлэх хэрэгтэй гэж төсөлд тусгаад байсан юм. Үүнд нь, хадгаламжийн хүүгийн, орон сууцны, цалингийн, архи, тамхины, автомашины, нийгмийн даатгалын гээд найман төрлийн татвар нэмэгдэхээр тусгаад байлаа. Тухайн үед МАН-ын бүлгийнхэн Засгийн газраа сөрөг хүчин мэт шүүмжилж, Сангийн сайдыг огцруулах хүртэл асуудал дэгдээд байв. Эдийн засаг хүнд, иргэдийн амьдрал хэцүү байхад юун татвар нэмэх вэ, ийм асуудал огт байж болохгүй гэж үндэслэл, тоо баримт иш татан ярих гишүүд үй олон байсан. Эцэст нь, МАН-ын бүлэг Засгийн газрынхаа татварын асуудлыг унагаж, Засгийн газрын хэрэг эрхлэх газраас “Бид олонхоороо түрж асуудлыг шийддэггүй. Ард түмэн дэмжихгүй тул буцаан татлаа” хэмээн баатрын дүрээр дахин амилсан юм.
Гэвч, хагас жил хүрэхгүй хугацааны дараа бид ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахад татвар нэмэх асуудлыг дэмжээгүй гишүүдээс нэг нь ч байсангүй. Сангийн сайдаас хүртэл “Татвар нэмэх асуудлыг МАН-ын бүлэг улс төрийн шийдвэр гаргаж буцаасан шүү дээ. ОУВС-д хамрагдах асуудлаа бүлэгтээ танилцуулсан уу, хэрхэн тохиролцсон бэ” гэж асуухад тэрээр хариулт хэлээгүй гэдгийг дурдах нь зүй байх. Хэдийгээр УИХ-ын намрын чуулган завсарласан нь хэлэлцээртэй давхцаж хожим нь “шалтаг” болж болох ч энэ намын мөрийн хөтөлбөр чухал байсан уу, МАН үнэхээр үндэслэл судалгаа хийж чаддаг уу, гэх асуулт ээрсээр байх нь дамжиггүй.
Тухайлбал, МАН-ын УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт “Татвар нэмэхгүй, шинээр татвар бий болгохгүй” гэж бичигдсэн. Ингэхдээ “...Цалингийн өсөлт үнийн өсөлтөөс гурав дахин удааширлаа. Эрх баригчид төсвийн орлогоо бүрдүүлэхийн тулд татвар хураамж, торгууль, хүүний хэмжээг  нэмж, шинэ татварууд олныг санаачиллаа. Шатахууны онцгой албан татварыг гурав дахин нэмэгдүүллээ” хэмээн тухайн үеийн эрх баригч АН-ын бодлогыг шүүмжилж байсан юм. Харин тэд төрийн эрхэнд гарвал, “Татвар нэмэхгүй, шинээр татвар бий болгохгүй” гэсэн бөгөөд аж ахуйн орлогын албан татварын хувийг нэг хувь болгоно, шатахууны үнийг дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулан бууруулахын зэрэгцээ улсын хэмжээнд ижил үнэтэй болгоно зэргээр амласан. Гэвч, ОУВС-гийн “Extended Fund Facility” буюу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах болсноор шатахууны хөнгөрүүлсэн онцгой албан татвар буцаагдаж, шатахууны үнэ өснө, хувь хүний орлогын татвар нэмэгдэж, хадгаламжийн хүү, нийгмийн даатгал, автомашин гээд найман төрлийн татвар нэмэгдэхээр болж байна. Тиймээс энэ хүрээд МАН-ын мөрийн хөтөлбөр хэрэгжих боломжгүй боллоо гэдгийг хэлэх нь зөв. Үүнийгээ ч УИХ-ын гишүүд хүлээн зөвшөөрч УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан шиг “Сонгуулийн дараах нөхцөл байдлыг мэдсээр байж “Би чадна, жинхэнэ мэргэжлийнх” гээд уралдан ажил авцгаасан, чадсангүйд харамсаж байна” гэж хэлэх хэрэгтэй биз ээ.

Нэгэнт хөтөлбөрт хамрагдчихсан юм чинь “ичих хэрэг” байгаа гэж үү
Бидний хамрагдаж буй ОУВС-гийн хөтөлбөр нь урт хугацаатай гэдэг ч гурван жилийн хугацаанд л хэрэгждэг юм билээ. 440 сая ам.долларын санхүүжилтээ тодорхой интервалтай олгож, тэр нь  эдийн засгийн эргэлтэд орсноос хойш 4.5-10 жилийн дотор эргэн төлөлтөө хийх шаардлагатай болдог байна. Тиймээс энэ нь зөвхөн МАН-ын Засгийн газрын үед хэрэгжүүлж байгаа хөтөлбөр гэж харах нь өрөөсгөл ойлголт болж буй. Дээрээс нь хөтөлбөрт хамрагдсан тул донор улс орнууд, байгууллагууд 5 хүртэлх тэрбум ам.долларын санхүүжилт олгохоо илэрхийлж, эдийн засгийн өсөлтийг ирэх жил 1.8, 2019 онд 8.1 хувь болгоно гэх өөдрөг төсөөлөл ярьж байна. Тиймээс ОУВС-тай нэр холбогдвол улстөрчийнх нь карьер нь дуусчих гээд байгаа мэт УИХ-ын гишүүд ил гарч, цаашид яах вэ, гэх асуудлыг ярих нь илүү үр дүнтэй. Мэдээж, төсөв санхүүгийн асуудалд ОУВС оролцож, МАН-ын хөтөлбөр хэрэгжихгүй, цаашид улс төрийн ширүүхэн тэмцэл болж, иргэд төв талбай гороолох нь бараг ойлгомжтой ч энэ хөтөлбөрт сайн ч, саар ч тал бий.

Жишээ нь, Литва, Латви, Эстони гэсэн улс манай улсад хэрэгжүүлэх гэж байгаа хөтөлбөрт хамрагдаж байсан. Эдгээр улс орнуудын төсөв, санхүүгийн асуудалд ОУВС оролцохдоо НӨАТ-ыг 18-21 хувиар нэмж, өндөр настны тэтгэврийн хэмжээг бууруулан, хувь хүний орлогын албан татварыг 26 хувиар, үл хөдлөх татварын хэмжээг хоёр дахин нэмэх зэрэг үндсэн арга хэмжээгээ авсан байгаа юм. Үр дүнд нь, тухайн улсуудын эдийн засгийн өсөлтөд ахиц гарсан. Гэхдээ энэ зөвхөн амжилттай болсон улс орнуудын тухайд л ярьж байгаа юм.

Харин амжилтгүй хэрэгжсэн хэд, хэдэн улс байдаг. Өнөөдрийн байдлаар гэхэд Украинд ОУВС 2014 оноос хойш ажиллаж байгаа. Энэ улс мөн л тодорхой интервалтайгаар санхүүжилтээ авч, төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлжээ. Гэхдээ интервал гэдэг нь өөрөө асуудал үүсгэдэг нэг төрлийн хяналт болчихоод байгаа юм билээ. Жишээ нь, манай улсад гурав, гурван сарын зайтай үнэлгээ өгч, дараагийн санхүүжилтээ хэрхэн олгох асуудлыг ярилцах юм байна. Өөрөөр хэлбэл, эхний санхүүжилтийн үр өгөөжөөс шууд дараагийн санхүүжилт хамаарна гэсэн үг. Ингээд улс дараагийн мөнгөө авъя гэхэд нь, ОУВС өөрийн нөхцөл шаардлагаа нэмэгдүүлж, Засгийн газрыг ацан шалаанд оруулдаг муу жишээ байдаг. Тухайлбал, эрчим хүчний салбарыг онцольё. Украин манайхтай адил эрчим хүчний үнийг улс төрд ихээр ашигладаг. Үнэ чөлөөлбөл, эрх баригчид байр сууриа алдах тул үе, үеийн Засгийн газрууд суурь үнээр оролдох дургүй байдаг. Гэвч, ОУВС Украины эрчим хүчний салбарт зарцуулж байгаа нөхөн төлбөрийг улирал тутамд багасгахыг шаардсан нь үнийн өсөлтөд нөлөөлж, иргэд нь туйлдаж, улс төрийн жагсаал цуглааныг дэврээхэд нөлөөлж байгаа юм байна.
Тиймээс манай улсын Засгийн газар нэгэнт ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаас өөр гарцгүй, түүнийг нь УИХ дахь МАН-ын бүлэг нь далдуур дэмжиж байгаа юм бол төсөвт тодотгол хийх шаардлага зүй ёсоор гарч байна. Тиймээс ичих хэрэггүй ил гарч, ээлжит бус чуулганаар дундаж давхаргад ирэх дарамтыг эртнээс ярилцах зайлшгүй шаардлага үүсээд байна.


Т.Доржханд: ОУВС нь барууны “гар хөл”, бидний дайсан биш

Олон улсын Валютын санд ажиллаж байсан эдийн засагч Т.Доржханд ингэж бичжээ.
ОУВС нь дэлхийн 2 р дайны дараа байгуулагдсан, гол зорилго нь дэлхийн эдийн засаг, санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах.
Одоогоор 188 орныг өөртөө багтаасан, шийдвэр гаргахдаа гео политик гэхээсээ илүү цэвэр эдийн засгийн онол дээр үндэслэж шийдвэр гаргадаг. Дэлхийн эдийн засгийн байрлал хурдтай өөрчлөгдөж байгаа болохоор тус байгууллагын хувьд АНУ битгий хэл баруун европын орнуудын нөлөө улам бүр хумигдаж байгаа. Тухайн орны эдийн засаг хямраад, Засгийн газар нь туслалцаа хүссэн тохиолдолд л хөтөлбөр хэрэгжүүлдэг. Тэгэхээр Сан нь “барууны гар хөл”, эсхүл бидний “дайсан” биш юм.
EFF- Extended Fund Facility
EFF нь дор хаяж 3 жил хэрэгждэг бөгөөд эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн асуудлыг түлхүү агуулдаг. Өөрөөр хэлбэл манай эдийн засгийн хямрал илүү архагшсан, тэр дундаа банк, санхүүгийн сектор илүү будилаантай, эмзэг байна гэж ойлгож болно.
Нэгэн түүх
Санд цуг ажиллаж байсан солонгос найз маань 1997 оны Солонгосын хямрал болон Сангийн хөтөлбөр ямар байдлаар тус улсад хэрэгжсэнийг аминчлан ярьж билээ. Түүний яриа:
“1997 оны Азийн хямралд гүнзгий нэрвэгдсэн орны нэг нь Өмнөд Солонгос бөгөөд иргэд маань алтан бөгжөө тайлж улсдаа өгч байсан үе. Тэр үед манай улсыг 10 хүрэхгүй гэр бүл хянаж, банкуудаар дамжуулан улсын маань үнэ цэнэтэй бүхнийг авч тухайн үеийн парламентад хяналтаа тогтоосон цөвүүн цаг байсан гэж. (их танил нөхцөл!) Улстөрчид Сангийн хөтөлбөрийг авахыг бүх боломжоороо эсэргүүцэж байсан хэдий ч бид Сантай хөтөлбөр тохирч чадсан.
Үр дүнд нь 40 гаруй үр ашиггүй банкуудын муу активуудыг цэвэрлэж, бүтцийн өөрчлөлт хийснээр 4 цэвэр банктай үлдсэн. Эцэстээ төр нь төр шиг, банк нь банк шиг ажиллах нөхцөл бүрдэж бид урагшаа харан амьдрах итгэл найдварыг олж авсан юм. “

Дүгнэлт
1992 онд Монголын эдийн засгийг үүрч явсан буурлууд маань том сонголтын өмнө ирсэн гэж хуучилдаг. Хойд хөрш маань мөнгө өгөх боломжгүй байсан ч урд хөрш туслахад бэлэн байсаан гэж.
Гэхдээ тэд эдийн засгийн биеэ даасан бодлого нь Монгол үндэстний аюулгүй байдлын үндсэн нөхцөл гэж үзээд ОУВС, ДБ болон АХБ-нд гишүүнээр элссэн юм.


Эерэг тал ба эдийн засгийн тоонууд

ОУВС-гийн хэлэлцээрийг баталснаар иргэдэд тааламжтай эерэг өөрчлөлт гарахгүй ч улс орны эдийн засгийн үзүүлэлтүүд сайжрах хүлээлт бий. ОУВС-гийн томъёолж буйгаар бүтцийн алдаанаас хамаарч Монгол Улсын эдийн засгийн өсөлт саарсан, төлбөрийн тэнцэл ихээхэн хүндрэлтэй байгаа тул дараах өөрчлөлтүүд гарна гэх хүлээлт үүсгэж байна.
Тухайлбал:
Зөвхөн хөтөлбөрт хамрагдаж буй үндэслэлээр Олон улсын байгууллагууд болон улс орнууд, зориулалт бүхий зээлийн асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэнэ. Засгийн газрын мэдээлж буйгаар энэ нь таван тэрбум орчим ам.доллар байна.

Төсвийн хариуцлагын одоогийн тогтолцоон дээр үндэслэн бие даасан төсвийн төсөөлөл гаргах Төсвийн зөвлөл байгуулна. Энэ нь төсвийн нийт зарлагын хэмжээг Засгийн газар дангаар тогтоох боломжтой болно гэсэн үг юм. УИХ-ын гишүүд төсөвт өөрчлөлт оруулж, мөнгө нэмж, хасах боломж хязгаарлагдмал болохоос гадна төсвийн зарлага шаардсан аливаа үйл ажиллагааг Засгийн газар хэлэлцэхээс өмнө Сангийн яам зөвшөөрөл олгодог болно.

Богино хугацаанд ам.долларын ханш буурна.

Макро эдийн засгийн тэнцвэрийг хангаж, дунд хугацаанд өрийн дарамтыг бууруулах, эдийн засгийн бүтцийг төрөлжүүлж, түүхий эдийн үнээс хэт хамааралтай байдлыг өөрчлөх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх зэрэг бодлого хэрэгжүүлснээр, дунд хугацааны эдийн засгийн өсөлт нэмэгдэж, 8.1 хувь, инфляцийн түвшин 9.1-7 хувь болно гэх таамаг байгаа юм.

Төсвийн нэгдмэл байдлыг хангах, сахилга батыг чангатгах, төсвийн тогтвортой орлогын эх үүсвэрийг бий болгох, төсвийн зарлагын үр ашгийг сайжруулах замаар дунд болон урт хугацаанд төсвийн алдагдлыг үе шаттайгаар бууруулж, төсвийн тогтвортой байдал хангагдана.

Хүү багатай гадаад зээлийн санхүүжилтийг түлхүү ашиглах замаар богино хугацаатай өндөр хүү бүхий дотоод үнэт цаас гаргалтын хэмжээг бууруулж, төсөв дэх хүүгийн зардлыг багасгана. Энэ нь төсөвт учруулах төлбөрийн дарамтыг жигдлэх бодлого юм.

Хөгжлийн банкны төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй бондын эх үүсвэрээс санхүүжүүлж буй арга хэмжээнүүдийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр шилжүүлэн, засаглалыг сайжруулан, бие даасан хараат бус байдлыг ханган, арилжааны чиглэлийн үйл ажиллагаа явуулна.
Инфляцийг нам, тогтвортой түвшинд хадгалах мөнгөний бодлого хэрэгжүүлнэ

Төв банкны засаглалыг сайжруулах, валютын ханш макро эдийн засгийн суурь хүчин зүйлстэй нийцтэй, уян хатан тогтоох, төсвийн шинж чанартай хөтөлбөр хэрэгжүүлэхгүй байх бодлого баримтална.

Санхүүгийн салбарын тогтвортой байдал, санхүүгийн зуучлалын үр ашгийг тодорхойлох үүднээс банкуудын активын чанарын үнэлгээг олон улсын стандартын дагуу хийж гүйцэтгэнэ. Тус үнэлгээг үндэслэн санхүүгийн салбарын тогтвортой, үр ашигтай тогтолцоог бэхжүүлэх арга хэмжээг авна.

ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар гарах эерэг үзүүлэлтүүд

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан