Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Х.Батсуурь: Монголчууд энэ удаа ОУВС-гаар амь тариа хийлгүүлсэн ч юу ч өөрчлөгдөхгүй


-Бидний мэдэх Чингис бондын 500 сая ам.долларын өр дээр Дим сан бондын 160 орчим сая ам.долларын төлбөрийг ирэх оны эхний хагас жилд нэмж төлнө-

Т.ЖАНЦАН

Эдийн засагч Х.Батсуурьтай ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн эерэг сөрөг тал болон эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.  

-Манай улс ОУВС-гийн  “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх болсноо эрх баригчид зарласан. Энэ үйл явдлыг та юу гэж дүгнэж байна вэ?
-Энэ хөтөлбөрт тодорхойгүй зүйл нэлээд бий. Жишээ нь, 5.5 тэрбум ам.долларын тусламж үзүүлнэ гэж ОУВС-гийн төлөөлөгч хэлсэн. Гэвч энэ сан өөрөө 440 сая ам.доллар өгнө гэж байгаа. Иймд үлдсэн мөнгө хэзээ, хаанаас, ямар нөхцөлөөр орж ирэх нь тодорхойгүй байна. Тэд хэлэхдээ ОУВС бол Япон, Өмнөд Солонгос, Хятад, Дэлхийн банк гэх мэт эх үүсвэрээс үлдсэн мөнгийг нь бүрдүүлнэ гэж хэллээ. Гэвч ОУВС бие даасан байгууллага. Нөгөө талаас тэр дурдаад байгаа эх үүсвэрүүд нь тус тусдаа өөр өөрийн эрх зүйн орчинтой. Ийм учраас Монгол Улсад зээл өгөх эсэхийг өөрсдөө л шийднэ. Гэхдээ ямар нөхцөлөөр яаж өгөх нь  чухал. Эндээс харахад ОУВС бага хүүтэй зээл авахад зуучилж дээр дурдсан эх үүсвэрүүдэд Монголд мөнгө өгөөрэй гэж хэлнэ. Зээл өгөх байх аа л гэсэн үг гэж ойлгосон.  Харин үүнийгээ 5.5 тэрбум ам.долларын зээл гэж нэрлээд байгаа юм. Үүнийг ялгаж салгаж зөв ойлгох хэрэгтэй. Нөгөө талаас тэд ч гэсэн зөв тайлбарлах хэрэгтэй байсан болов уу гэж надад харагдаж байна.
Манай улс ОУВС-гийн гишүүн. Энэ сан улс орнуудын хувь хувьцаанаас бүрдсэн байгууллага. Монгол Улс уг санд элсэхдээ гишүүний татвар төлж хувь эзэмшдэг.  Ингээд эдийн засгийн хүндрэл бэрхшээл тохиосон үед тухайн хувь эзэмшилдээ дүйцсэн зээл тусламж авах учиртай. Тэр 440 сая ам.доллар нь манай улс гишүүн орныхоо хувьд авах   ёстой, эрхтэй мөнгө. Үүнээс гадна ямар тусламж  байгаа нь л чухал. Гэтэл одоогоор үүнээс илүү зүйл харагдахгүй байна.

-Ямартай ч Монгол Улс 440 сая ам.доллартой  боллоо. Харин энэ мөнгөө хэдий хугацаанд, ямар нөхцөлөөр, хэдэн хувийн хүүтэй төлөх ёстой вэ?
-Уг мөнгийг өгөх нь тодорхой болсон ч ОУВС-гийн Захиралуудын зөвлөл ирэх сард хуралдаж батална гэж байгаа. Монгол Улс энэ сангийн гишүүн орны хувьд хөнгөлөлттэй зээл авах эрхтэй. Энэ зээл нь хоёр хувиас доогуур хүүтэй. Хөтөлбөр нь гурван жилийн хугацаанд хэрэгжинэ. Тэгэхээр хөтөлбөр дууссанаас хойш төлнө. Иймд боломжийн зээл юм. Харин үлдсэн таван тэрбум ам.доллар нь хаанаас яаж орж ирэх нь тодорхойгүй үлдээд байна.

-Манай улс энэ мөнгийг авч “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлснээр эдийн засагт ямар үр өгөөж авч ирнэ гэж харж байна вэ?
-ОУВС-гаас мөнгө авах нь одоо тулгараад байгаа дефолт буюу дампуурлын ирмэгээс татаж гаргах нь тодорхой. Манай улс ирэх сарын 21-нд Хөгжлийн банкны босгосон Евро бондын 580 сая ам.долларыг төлөх ёстой. Үүнийг төлөхөд ОУВС-гаас авах мөнгөө шууд буюу шууд бус байдлаар  зарцуулж таарна. Үлдсэн төлбөрийн мөнгийг Хөгжлийн банк өөрөө гаргах боломжтой гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ хөтөлбөрийн мөнгө Монгол Улсад нэг удаад амь тариа болно. Харин ул­сын төсөвт эерэг нөлөө үзүүлж чадахгүй. Яагаад гэвэл энэ онд зээлийн өрийн үйлчилгээнд төлөх мөнгө улсын төсвийн 15 орчим хувийг эзэлж байгаа. Гэвч тэр 580 сая ам.долларын төлбөр улсын төсөвт тусгагдаагүй. Иймд ОУВС-гаас авах мөнгө улсын төсөвт шууд нөлөөгүй юм. Гэхдээ дам нөлөө байл­гүй яахав.  Тухайлбал, тэр төлбөрийн мөнгийг ул­сын төсвөөс тасдаж  өгөх шаард­­­­­лагагүй болно. Нөгөө талаас хүнд байдлаас түр зуур гарч амьсгаа авахтай болж сэтгэл зүйн дарамт арилна. Мөн хө­рөнгө оруулагчид болон олон улсын тавцанд Монгол Улс өрөө аргалчихлаа гэсэн эерэг дүр төрхтэй болж байгаа юм. 

-Бусад улсуудад манайх шиг “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлсэн түүх юу байна. Хэрэв ийм хөтөлбөр авч байсан бол эдийн засаг нь сэргэж өөдөлж дэвжсэн ямар жишээ байгаа вэ?
-ОУВС хэд хэдэн програмтай зээлийг эдийн засгийн хүндрэл, төсөв, мөнгөний хямралд орсон гишүүн орнууддаа олгодог. Улс орнууд тус сангаас янз бүрийн хөтөлбөрийн зээл авдаг. Тухайлбал, Латин америк, Африкийн орнууд авч байсан. Мөн хамгийн сүүлд дампуурлаа зарласан Грек, Аргентин, Укриан, Ирак зэрэг улсууд тус сангийн хөтөлбөрт хамрагдсан юм. Гэвч ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаад хямралаас гарч эдийн засаг нь хөгжсөн тодорхой жишиг одоогоор алга. Энэ сангийн хөтөлбөрт хамрагдсан орнууд түр зуур л амь аргацааж ирсэн. Түүнээс биш эдийн засгийн асуудлаа шийдэж үр ашигтай хөгжиж чаддаггүй. Жишээ нь Аргентин улс ОУВС-гийн тусламжийг хэд хэдэн удаа авсан ч сүүлийн арав гаруй жилд хямралаас гарах нь бүү хэл гурван удаа дампуурлаа зарласан юм. Эцэстээ  олон улсын арбитрын шүүхээр орж мөнгө өгсөн хөрөнгө оруулагчдаа ялсан. Ингэхдээ тэднийг зориудаар хэт хүндрэлтэй зээл өгсөн гэдэг үндэслэлээр буруутгаад Аргентины Засгийн газар нийт төлөх өрийнхөө 70 хувийг хүчингүй болгуулсан түүх бий. Үлдсэн мөнгийг нь ч бас төлөх ёсгүй гэж үгүйсгээд шүүхээр явсан байдаг.

-Тэгэхээр ОУВС-гийн ямар нэг хөтөлбөрт хам­рагдахад тавьдаг нөхцөл нь их хатуу тул үр дүн гардаггүй гэж ойлгож болох нь ээ дээ?
-Тийм. ОУВС-гийн нэг дутагдалтай тал нь эдийн засаг хямарч тартагтаа тулсан, дампуурлын ирмэг дээр ирсэн, дампуурсан улс орнуудад зээл олгодог юм. Иймд улс орнууд ОУВС-гийн өгсөн зээл тусламж үр өгөөжөө өгөхгүй байгааг 20-иод жил шүүмжилж ирсэн. Үүнд үндэслээд тус сан сүүлийн дөрөв, таван жилд өгч буй зээлдээ тавьдаг болзол, нөхцөлүүдээ өөрчилсөн юм. Тухайлбал, эдийн засгийг нь урт хугацаанд хямралд оруулахааргүй нөхцөл, болзол тавьдаг болсон гэж үзэж байгаа. Тэгэхээр ОУВС-гаас өгч буй зээлийн хүрээнд Монгол Улсад тавьж буй болзол, нөхцөлүүдийг харвал эдийн засгийг урт хугацаанд сүйрүүлж, сулруулдаг зүйл нь харагдсангүй. Гэхдээ үүний цаана олон түмэнд ил болгоогүй болзол, нөхцөл тулгасан байхыг үгүйсгэх аргагүй юм. Хэрэв бүх зүйлээ ил гаргаж мэдээлсэн гэж үзэх юм бол  зарим болзол, нөхцөл нь эдийн засагт үр өгөөж авч ирэх зүйл бий. Мөн зарим нь сөрөг үр дагавартай байгаа. Урд нь ОУВС зээл өгсөн тухайн улс орнуудад  стратегийн ач холбогдолтой, нийгмийн гол гол салбаруудад хувьчлал хийх нөхцөл тулгадаг байсан. Хэрэв ийм нөхцөл тулгасан бол шүүмжлэлтэй хандаж эсэргүүцэх хэрэгтэй. Жишээ нь улс орны стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын ордууд, бизнесүүд, боловсрол, эрчим хүч, эрүүл мэндийн салбар, эрүүл мэндийн даатгалыг хувьчлах нөхцөл тулгаж болох юм. Ингээд яваандаа тухайн улсын компаниар дамжуулж гадаадынхны гарт оруулах замыг нээж өгдөг сөрөг талтай. Гэвч манай улсад тавьсан болзол нөхцөлд нь иймэрхүү салбаруудад хувьчлал хий гэсэн зүйл харагдаагүй. Дахин хэлэхэд биднээс нуусан зүйл байхгүй байгаасай л гэж бодож байна.   

-Одоо авч байгаа хө­төлбөр манай улсын төс­вийн сахилга батыг сайж­руулна гэсэн хүлээлт бий. Тэгвэл ирэх гурван жилд томоожоод хөтөлбөрөөс гарангуут бужигнаад эхлэх байх даа?
-ОУВС-гийн тавьж буй эерэг шаардлагуудын нэг нь энэ юм. Энэ нь угаасаа ОУВС-гийн оролцоогүйгээр байх ёстой зүйл. Манай улс төсвийн сахилга баттай байхыг хуульчилсан. Гэвч хуулиа биелүүлэхгүй байгаа юм. Харин гадны хүнээр хүчиндүүлж байж хэрэгжүүлж байгаа нь харамсалтай. Үндсэндээ ОУВС манай улсын төсвийн цагдаа боллоо гэсэн үг. Ингэж байж өөрсдийн баталсан хуулиа хэрэгжүүлнэ гэдэг бол манай төрийн эрх баригчид, улс орон удирдаж байгаа нөхдүүд үнэхээр ялзарсаны шинж юм.

-Та дээр эерэг нөхцөл болзол нэлээд бий гэсэн. Тухайлбал...?
-Тийм. Хадгаламжийн хүүгийн орлогод татвар тавих нөхцөл бий. Энэ нь угаасаа л манайд бий. Хэрэгжүүлэхгүй хориг тавьчихаад л өдий хүрсэн. Тэгэхээр хоригийг нь тайлж хэрэгжүүлэх юм байна гэж ойлголоо. Мөн Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгоно гэж байгаа. Хувь хүн ч гэлтгүй аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг ч бас үе шатлалтай болгох хэрэгтэй. Урд нь хавтгайруулж 10 хувийн татвар авдаг байсан. Гэхдээ шатлалтай болгоно гэдэг нь зөв боловч татвар ногдуулах хувь хэмжээ нь арай өндөр байна уу гэж би харж байгаа. Тухайлбал, 10, 15, 25 хувийн татвар ногдуулна гэж ярьж байсан шиг санагдаж байна. Үүний оронд 5, 10, 15, 20 хувийн татвартай байж болно. Мэдээж үүнд орлогын тодорхой хэмжээг заах ёстой. Нөгөө талаас Гаалийн болон Онцгой албан татварыг буцааж сэргээнэ. Эрх баригчид өөрсдийнхөө, нам, олигарх бүлэглэлд нийцүүлж Онцгой албан татварыг дандаа бууруулж ирсэн. Тэгэхээр шинээр нэмж буй татвар биш. Урд нь шатахууны үнэ өндөр бас хямдхан үед ч Онцгой албан татварын хэмжээ буурч ирсэн юм. Ийм учраас Онцгой албан татварыг урд нь тогтоосон хэмжээнд нь ногдууллаа гэхэд шатахууны үнэ нэмэгдэх ёсгүй гэж хэлмээр байна.

-Тэгвэл эдийн засагт сөрөг үр дагвар авч ирэх ямар нөхцөл шаардлага байна вэ?
-Нийгмийн даатгалын шимтгэл, тэтгэврийн нас нэмдэг нь буруу. Үүнтэй санал нийлэх аргагүй юм. Хоёр талдаа нэмнэ гэсэн. Нэг талаас хувь хүн, нөгөө талаас ажил олгогчийн төлөх шимтгэл нэмэгдэнэ. Энэ нь иргэд, ажил олгогч нарт ихээхэн дарамт болно. Тэтгэвэрт гарагчдын насыг нэмэхийг хүлээн зөвшөөрөх ёсгүй юм. Монгол хүний дундаж наслалт өнөөдөр 66 орчим байгаа гэдгийг хүн бүр мэднэ. Гэтэл тэтгэвэрт гарах насыг 65 болгоно гэдэг нь ихэнх хүн тэтэгвэр авч чадалгүй талийгаач болох нь. Насаараа нийгмийн даатгалын шимтгэл төлчихөөд үр өгөөжийг нь хүртэж чадахгүй байна гэдэг нь туйлын буруу зүйл. Тэгэхээр энэ нь монгол хүнийг шулан мөлжсөн арга хэмжээ гэж хэлж болох юм. Гэтэл монголчуудын насаараа төлсөн мөнгө магадгүй олигархуудын халаас, тэдний бизнесийг тэтгэгч болох, оффшор дансанд шилжээд гараад явах нөхцөл Монголд үүссэн байгаа гэдгийг би давхар сануулмаар байна.

-Бүх төрлийн татвар нэмэгдэх нь жижиг дунд бизнест халтай. Дампуурна. Мөн иргэдийн орлого буурч аж амьдрал улам дордоно гэж байгаа. Үүнийг та эдийн засагч хүний хувьд юу гэж дүгнэж байна вэ?
-Нарийн харах хэрэгтэй. Энэ бол худал. Иргэд шууд бүсээ чангалж амьдрал дордоно гэж ойлгож болохгүй юм. Би дээр орлогын албан татварыг шатлалтай болгоно гэж хэлсэн. Тэгэхээр өндөр орлогтой иргэд хүн амын 1-2 орчим хувийг эзэлж байгаа. Тэдэнд л татварын бага зэргийн ачаалал ирнэ. Гэвч тэд ачаалал гэж үзэх ёсгүй. Учир нь тэдний нийгмээс олж  буй орлого, авч буй үр шим нь бусдаас их юм.  Тэгэхээр нийгмийн гишүүний хувьд бага хэмжээний татвар нэмж төлөх үүрэгтэй. Нөгөө талаас бусад улс орнуудад өндөр орлоготой иргэд бусдаас илүү татвар төлж байгаадаа бахархдаг. Яагаад гэвэл би олсон орлогынхоо хэмжээгээр нийгэмдээ бусдаас илүү хувь нэмэр болж байна гэж үздэг юм билээ. Ийм учраас энэ бол том асуудал биш. Бизнесийн хувьд татвар нэмэх нь хаалгаа барьж дампуурахад хүргэх тал бий. Өнөөгийн нөхцөл байдлаас харвал хүндрэл учруулж магадгүй. Гэхдээ аж ахуйн нэгжийн орлогын албан татварын шатлалыг орлогын хэмжээнд тохируулж тогтоох нь зөв гэж хэлээд байна.  Товчхондоо татвар шатлалтай байх нь зөв юм. Гэвч орлогын албан татвар нэмэх асуудал нь хувь хүн дээр яригдсан. Хувь хүнд татварын ачаа үүрүүлж байгааг би зөв гэж хэлэхгүй. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хөндөлгүй орхисон. Тэгэхээр бизнест нөлөөлөх нь гайгүй байх.

-Монголчууд заавал хатуу нөхцөлтэй хөтөлбөрт хамрагдахгүй байх бололцоо байсан уу?
-Эрх баригчид мөнгө хайж нэлээд явсан. Саудын Арави, Кувейт, Энэтхэг, Орос, Хятад, Япон, Өмнөд Солонгос гээд мөнгө өгөх байх гэж горьдож яваагүй улс орон ер нь Монголд үлдээгүй. Аль долдугаар сараас хойш хагас жил гаруй хугацаанд мөнгө зээлэх улс хайж явсан. Тэгээд эцсийн сонголт нь ОУВС болсон гэж бодож байна. Энэ нь тус  сан дэлхий нийтэд Монголтой холбоотой  бүхий л асуудалд шийдвэрлэх, үг хэлэх хүчтэй байгууллага хэвээр байгаа гэдгийг харуулсан явдал боллоо. Тухайлбал, Хятад ямар үндэслэлээр зээл өгөхөөс татгалзав, Саудын Арави, Кувейт, Энэтхэг зээл өгөхөө хойшуулаад байна вэ гэдэг нь бас л учиртай байх гэж би бодож байна.  ОУВС-гийн төлөөлөгчид “Бид бусад орноос зээл авахад чинь зуучилъя” гэсэн. Энэ нь тус сантай тохиролцсоны үндсэн дээр бусад улс орнууд Монголд зээл өгнө л гэсэн үг.

-Зарим хүний үзэл бодлоос харвал ОУВС-гийн хөтөлбөрөөр дамжаад  Монголд эдийн засгийн алуурчид орж ирэх нөхцөл бололцоо бүрдэх юм биш биз гэсэн хардлага яваад байгаа. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-Хүмүүс эдийн засгийн алуурчид гэж яг юуг, хэнийг хэлээд байгааг би мэдэхгүй.   Ер нь эдийн засгийн алуурчид гэсэн ойлголт дэлхий нийтэд байдаг. Гэхдээ тэдэнтэй тэдэнгүй манай улсын эдийн засаг аль хэдийн “алуул­чих­сан” гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн орж ирээд манай эдийн засгийг хүндрүүлж сүйрүүлэх шаард­лагүйгээр маш хэцүү байдалд ороод байгаа шүү дээ.

-Манай улсын экспор­­­­тын гол бүтээгдэхүүн ашигт малтмалын үнэ ханш энэ онд ямар байх төлөвтэй байна вэ?
-Экспортод гарч байгаа түүхий эдийн үнэ харьцангуй өсч байна. Энэ онд өсөлтөө хадгалж тогтвортой байх төлөв бий. Ялангуяа, зэс, нүүрсний үнэ өндөр байгаа. Үнийн энэ өсөлт манай эдийн засагт яах аргагүй эерэг нөлөө авч ирнэ. Гэхдээ түүхий эдийн үнийн өсөлтийг дагаад манай эдийн засаг суга дээшилнэ гэж ойлгох хэрэггүй. Яагаад гэвэл эдийн засгийн нөхцөл байдал 2009-2012 оных шиг биш болсон юм. Тэр үед манай улсын өр шир харьцангуй бага байсан. Улсын төсвийн 5 хувийг л гадаад өрийн төлбөрт зарцуулж байлаа. Гэтэл өнөөдөр хамгийн багадаа л гэхэд 15 хувийг өр төлбөрт зарцуулах болсон. Өөрөөр хэлбэл өрийн дарамт Монгол Улсад асар их байна. Тэгэхээр экспортын бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс хүртдэг байсан ашиг нь эдийн засагт төдийлөн мэдрэгдэхгүй. Иймд эдийн засгийн тогтвортой бөгөөд огцом өсөлт ойрын үед ажиглагдахгүй юм.

-Эдийн засгийн огцом өсөлт ойрын хугацаанд гарахгүй нь гэж ойлголоо. Тэгвэл энэ онд манай улсын эдийн засагт ямар өөрчлөлт орох төлөв ажиглагдаж байна вэ?
-Ямартай ч  гол бэрхшээл өр төлбөрөө барагдуулах боломжтой боллоо. Үндсэндээ зээлийг зээлээр төлж байна. Мөн энэ онд төлөх ёстой байсан Хятадын Ардын банктай хийсэн своп хэлэлцээрийн 15 тэрбум юань буюу 2.6 сая ам.долларыг хойшлуулах боломжтой болсон. Ингээд гаднаас ирэх төлбөрийн дарамт харьцангуй багаслаа. Нөгөө талаас зэс, нүүрсний үнэ өсч байна. Тэгэхээр энэ оныг хүндрэлгүй давах боломж бүрдлээ. Харин үүнээс хойш яах вэ гэдэг том асуудал бий. Монгол Улс дунд буюу урт хугацаанд маш хүнд байдалд орсон хэвээр байх болно. Дахиад л зээл авах хэрэг гарна. Энэ нь ямар нөхцөлтэй яаж орж ирэх, хэрхэн эргүүлж төлөх гэсэн асуудал босч ирэх юм. Одоогоор Монгол Улсын Засгийн газар маш хямд ОУВС-гийн 440 сая ам.доллар шиг зээл авахгүй юм бол дампуурах байдалд хэвээр байгаа гэж хэлмээр байна.

-Та ирэх онд төлөх Чингис бондын өрийг хэлж байна уу?
-Тийм. ОУВС энэ удаа Монголчуудад амь тариа хийсэн ч  юу ч өөрчлөгдөхгүй дампуурлын байдалд хэвээр байгаа. Тухайлбал, бидний мэдэх Чингис бондын 500 сая ам.долларын өр дээр   Дим сан бондын 160 орчим сая ам.долларын төлбөрийг ирэх оны эхний хагас жилд нэмж төлнө.   Ингээд 660 сая ам.долларын эрэлд дахиад мордоно гэсэн үг. Үндсэндээ өнөөдөр тулсан хүндрэлээс илүү ачаалал ирэх жил хүлээж байна. Гэтэл эрх баригчид үүнээс наана эдийн засгаа сайжруулна, зээлжих зэрэглэл өснө гэж яриад байгаа юм. Тэгээд олон улсын зах зээлээс мөнгө босгоно гэсэн. Уучлаарай, зээл авч зээлээ дарна гэдэг нь маш буруу сэтгэлгээ. Тэгээд ч манай улс олон улсын захаас мөнгө босгоно гэвэл хамгийн багадаа 15-18 хувийн хүүтэй мөнгө олдоно. Энэ бол амиа хорлосонтой адил. Ямар ч улс орон ийм өндөр хүүтэй зээл авдаггүй. Ийм түүх ч байхгүй юм. Яагаад гэвэл манай улсын зээлжих зэрэглэл аль хэдийн С гээд хамгийн муу ангилалд орсон. Гэтэл зээл авсанаар зээлжих зэрэглэл сайжирдаггүй. Эдийн засгийн дотоод нөөц бололцоо, төлбөрийн чадвараа сайжруулж байж зээлжих зэрэглэлийн ангилал дээшилнэ.

-ОУВС-гийн хөтөлбөр гурван жил хэрэгжинэ. Тэгэхээр ирэх онд бас өрөө дарах хэмжээний мөнгө авах боломжгүй юу?
-Дахиад мөнгө гуйж мэдээж болно. Гэхдээ ямар нөхцөлөөр яаж гуйхыг нь би мэдэхгүй. Хамгийн гол нь тус сангийн тавьсан болзол нөхцөлийг хэр биелүүлэхээс л хамаарах байх гэж бодож байна.

0 Сэтгэгдэл
тэтгэвэрийн насыг нэг сараар ч нэмж болохгүй харин ч боломж байвал малчдын шиг багасгах ёстой, хувь хүний хадгаламжийн хүүгээс татвар авах нь буруу. яагаад гэвэл өмсөж зүүх идэх уухаа хасан байж бага сага хуримтлал үүсгэж байхад, тэр офшортон сая доллараа мартдаг улсаасаа л авна биз
Хамгийн их уншсан