Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Ганцэцэг: Монголын кино урлагт ганцхан эмэгтэй дүртэй түүхэн кино давтагдахгүй байх аа


Б.ЗАЯА

“Аравт” хэмээх түүхэн кино мэндэлснээр Монголын орчин үеийн кино ертөнцөд нэгэн босго тогтоолоо хэмээн мэргэжлийнхэн ам сайтай байгаа. Сонирхолтой нь энэ кино ганцхан эмэгтэй дүртэй. УДЭТ-ын жүжигчин Д.Ганцэцэг энэ дүрийг амилуулжээ. Ингээд “Кино ярья” буландаа түүнийг урьсан юм.

-“Аравт” кино саяхан сүр дуулиантайгаар нээлтээ хийлээ. Тоглосон жүжигчнээр нь кино яриулах сонирхолтой санагдаж байна шүү?
-“Аравт” гэдэг нэрнээсээ эхлээд л киноныхоо утгыг илэрхийлэх болов уу. Орчин цагийн монголчууд биднийг энэ сайхан уул ус, гишгэх газар нутагтай, элбэг хангалуун амьдруулахын төлөө Хүннүгийн үеэс л эцэг өвгөд маань хэрхэн тэмцэлдэж, амь хайргүй зүтгэж ирснийг харуулсан кино л доо. Чингис хаан цэргийн гайхамшигтай зохион байгуулалт хийж чадсанаараа мянганы суут хүн болон алдаршсан шүү дээ. Хамгийн бага нэгж буюу цэргийн аравтын зохион байгуулалтыг харуулсан кино. Чингис хааны цэргүүд аравтын нэгжийг төрөл садан, ах дүү нараас бүрдүүлж байсан юм билээ. Тэгэхээр арван цэргээс нэг нь шархдахад хайртай дүү нь, ах нь, магадгүй аав нь байх учраас хэзээ ч хэн нэгнээ хаяж явдаггүй байж. Арвуулаа л бие биеэ гэсэн сэтгэлтэй, ахаа, дүүгээ, аавыгаа хамгаалж тэмцдэг байжээ гэдгийг “Аравт” кино харуулсан. Аравт нь ийм зохион байгуулалттай учраас зуут, мянгатдаа ямар хүчирхэг болох нь тодорхой. Ингэж л нэгэн зорилго дор нэгдэж, өнөөгийн энэ сайхан газар нутаг, уул усныхаа төлөө тэмцэлдэж ирснийг харуулсан юм даа.

-Урлаг талаасаа орчин цагийн кино ертөнцөд нэгэн том босго тогтоолоо гэж судлаачид үзсэн байна билээ. Тэгэхээр танаас энэ кино асар их хөдөлмөр шаардсан болов уу гэж бодогдох юм?  
-Кино шүүмжлэгч, сонирхогчид, үзэгчид маань ингэж дүгнэсэн л дээ. Түүхэн кино барьж авна гэдэг уран бүтээлчдээс маш их хөдөлмөр, хугацаа шаарддаг. Гартаа зүүсэн бөгж, чихэн дэх ээмэг, үсний зүүлт нь хүртэл түүх өгүүлдэг учраас би хувьдаа хамаг хүчээ шавхан тоглосон. Уран бүтээлчид болоод арын албанд ажилласан хүмүүс бие биеэ маш сайн мэдэрч, ойлгож чадсан учраас л энэ бүтээл маань босч ирсэн гэж боддог.

-“Аравт” кинонд ганцхан эмэгтэй дүр гардаг нь та. Анх зохиолоо уншихдаа та ч бас гайхсан уу?  
-Анх зохиолыг нь уншихад ганцхан эмэгтэй дүртэй гэхээр аймаар ч юм шиг, сүрдмээр ч юм шиг санагдсан. Гэвч дүрээ судлаад, багийнхантайгаа ойлголцоод ирэхийн цагт ганцхан эмэгтэй дүр гэдэг айдас маань алга болсон. Чингис хааны үед уламжлалт анагаах ухаанд гарамгай суралцсан оточ өвөөгийн ач охины дүрд тоглосон юм. Чингис хаан дэргэдээ байлгаж өөрийгөө болоод шадар туслахуудаа эмчлүүлэхийн тулд манай өвөөг авчир гэж арван цэрэгт үүрэг өгдөг. Товчхондоо, өвөөгийнхөө бүх чадварыг өвлөн авсан чадварлаг оточ эмэгтэйн дүр л дээ.



-Та их азтай хүн юм аа. Ийм залуудаа хоёр орны алдартай уран бүтээлчидтэй хамтран тоглож, түүхэн кинонд дүрээ мөнхлөөд л...?  
-Тийм шүү. Монголын кино ертөнцөд ганцхан эмэгтэй дүртэй түүхэн кино давтагдахгүй байх аа. Зөвхөн монголчууд биш хоёр орны алдартай жүжигчид тоглосон ийм том кинонд дүр бүтээснээ азтай, хувь тавилантай гэж бодохоос яах билээ. Өвөрмонголын нэгдүгээр дэсийн жүжигчин, өвөрмонголчуудын хийсэн киноны Чингист тоглосон Баасанжав ах, Бодровын Чингис хаан киног хийхэд гол үүрэг гүйцэтгэсэн өвөрмонголын алдартай уран бүтээлчид ирж тоглосон шүү дээ. Хоёр орны алдартай жүжигчдээс сурах зүйл үнэхээр их байсан.

0 Сэтгэгдэл
yu be ene huuhen an-iinh yum uu
Ardchilsan namd bayar hurgey.
Хамгийн их уншсан