Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Оюутолгой”-н хөлд монгол компаниуд сөхөрсөөр байх уу?!


- Засгийн газар  Оюутолгойн төсөл дээр "Оюутолгой” ХХК-тай хамтран хувь эзэмшигч хэдий ч үндэсний компанийн эрх ашгийг шууд зөрчих, тэрчлэн шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэх эрхгүй гэдэг нь бас л үнэн юм-

Энэ хэрэг бүр 2010 оноос эхтэй. Монголд төдийгүй дэлхийд том тооцогдох уурхай гэгдэх Оюутолгойнхон 2010 оны арваннэгдүгээр сараас эхлэн Монголын компанийн тусгай зөвшөөрөлтэй газарт дайран орж, гүний усны худаг, байгууламжаа барьж эхэлжээ. Тухайн үедээ Монгол компанийнхан тэдэнд анхааруулан хууль журмаа сануулсан ч Оюутолгойнхон хүч түрэн говийн уурхайн хувьд зүрх нь болсон гүний усны байгууламжаа барьж босгон эдүгээ хүртэл эзэн нь юм шиг ашигласаар байгаа. Монголын үндэсний нэр бүхий нэгэн компанийн лицензтэй газарт хүч түрэмгийлсэн энэ хэрэг шүүх хуулийн байгууллагаар шат дараалан явсаар саяхан буюу 2017 оны нэгдүгээр сарын 12-нд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээр хэлэлцэгдэн Монголын компанийн нэхэмжлэлийг хангасан шийдвэр гаргажээ.

Хэрэг явдлыг дурдвал: Монголын нэр бүхий компани ном журмын дагуу 2009 онд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөө авсан газарт дээр дурдсанаар "Оюутолгой” ХХК-ийн амин чухал хэрэгцээ болсон цэвэр усны гол түшиц газар байсны учир хүчээр гүний усны байгууламжаа барьж эхэлжээ. Үүнээс хойш 2011 оны тавдугаар сард Ашигт малтмалын газрын дарга асан Батхуягийг хуулийн байгууллага шалгаж эхэлсэнтэй холбогдуулан бөөнөөр нь олон компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах болсны дотор дээрх монгол компанийн тусгай зөвшөөрөл ч цуцлагджээ. Энэ зуур Өмнөговь аймагт 263,730 га газрыг Оюутолгой төсөлд зориулан тусгай хэрэгцээнд авах Засгийн газрын тогтоол гарч, тус монгол компанийн эрх ашиг бүр ч хөсөрдсөн байна. Гэвч 2011 оны долдугаар сард нийслэлийн Захиргааны шүүхийн 300 тоот шийдвэрээр тус компанийн тусгай зөвшөөрлийг үндэслэлгүйгээр цуцалсан болохыг тогтоож тусгай зөвшөөрлийн эрхийг нь эргэн сэргээх шийдвэр гаргасан ч энэ нь хэрэгжээгүй байна. Маргаан үргэлжилсээр хамгийн сүүлд энэ оны нэгдүгээр сард нийслэлийн Захиргааны хэргийн шүүх Засгийн газар хууль зөрчсөн гэсэн шийдвэрийг дахин гаргаад байгаа нь энэ юм. Засгийн газар  Оюутолгойн төсөл дээр "Оюутолгой” ХХК-тай хамтран хувь эзэмшигч хэдий ч үндэсний компанийн эрх ашгийг шууд зөрчих, тэрчлэн шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэх эрхгүй гэдэг нь бас л үнэн юм.

Монголын төр хэнд үйлчилдэг вэ?

Дээр дурдсанчлан тусгай зөвшөөрлийг хууль бусаар цуцалсан учраас сэргээх шийдвэрийг шүүх гаргачихаад байхад тухайн үеийн Ашигт малтмалын газрын холбогдох албан тушаалтнууд "Дээрээс танайхыг сэргээхгүй байх чиглэл ирсэн” гэсэн үг хэлж, шүүх хуулийг эс тоомсорложээ. Энэ зуур Оюутолгой хэдийнэ ус дамжуулах байгууламжаа барьж Улсын комисст хүлээлгэн өгөхөөр болчихсон байв. Хууль журмын дагуу Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газраас "Оюутолгой” ХХК-ийн гүний усны худгууд болон барилга байгууламж барихдаа эрх бүхий компанитай зөвшилцөөгүй, хуулиар олгогдсон эрх ашиг, сонирхлыг зөрчсөн тул барилга байгууламжийг Улсын комисст хүлээн авах боломжгүй болохыг мэдэгдсэн ч мөн л хэн ч тоомсорлосонгүй.

"Оюутолгой” ХХК-ийн бизнесийн соёл хаана байна?

Дээр өгүүлсэнчлэн Монголын компанийн тусгай зөвшөөрөл бүхий газрыг Оюутолгойн тусгай хэрэгцээт авах тухай тушаалыг Засгийн газраас гаргаж, тухайн үеийн Ерөнхий сайд байсан С.Батболд гарын үсгээ зурж байжээ. Оюутолгой бол Монголын бүр дэлхийн хэмжээний орд газар, бүтээн байгуулалт гэдэг утгаараа төр засаг нь хүртэл хөл алдан гүйж, тусгай хэрэгцээг нь хангаж байгаа нь үүрэг байж болно. Гэхдээ Монголын компаниа ингэж дээрэлхэж, дээрэмдэж болох уу?!

"Оюутолгой” ХХК олон улсын хэмжээний компани гэдгээрээ бизнесийн соёлыг дээдэлнэ гэдэг. Гэтэл ийм маргааныг үл тоомсорлож болох уу. Дашрамд сануулахад дээр дурдсанаас гадна хууль дүрэм зөрчиж гаргасан шийдвэр, тодорхойлолт, маапаантай асуудлууд мундахгүй олон байгаа бөгөөд өмнөх болон одоогийн Засгийн газрын эрх бүхий албан тушаалтнууд яагаад "Оюутолгой” ХХК-ийн эрх ашгийг улайран хамгаалах болсон талаар ноцтой асуудлууд дэгдэж болзошгүй байна.

ЭХ СУРВАЛЖ:Өглөөний сонин

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан