Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас нийгэм, эдийн засаг, оюун санааны ертөнцөд шинэ жишиг гаргаж, олон улсын стандартад хүрсэн, улс орныхоо өрсөлдөх чадварын нэрийн хуудас болж чадсан, бизнесийн шинэ чиглэлийн хөгжилд хувь нэмэр оруулсан дэд бүтэц, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалын салбарын үйлдвэрлэл, барилга байгууламж, улсын нэр хүндийг өргөсөн, өв соёл, үндэсний уламжлалыг сэргээсэн бүтээл туурвилыг шалгаруулж, жилд нэг удаа, билгийн тооллын он солигдохын өмнө "Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагнал олгодог уламжлалтай.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ шагналыг өнөөдөр гардууллаа.

Энэ удаагийн "Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагналыг “Говь” ХК-ийн Нэхмэлийн үйлдвэрийн ноолууран бүтээгдэхүүн, Натурал текстайл групп” ХХК-ийн Ноосон хивсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнд тус тус олгов.

Эдгээр байгууллага, бүтээлч хамт олныг шагнасан Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан уншиж сонордуулав. Уг зарлигт “Монгол Улсын нийгэм, эдийн засаг, хөнгөн үйлдвэрлэлийн хөгжилд оруулж буй онцгой хувь нэмрийг нь үнэлж, Уламжлалт мал аж ахуй, монгол малчны гараас гарсан түүхий эдийг нэмүү өртөг шингэсэн бэлэн бүтээгдэхүүн болгох боловсруулалтыг эх орондоо гүйцэтгэж, улс орныхоо нүүр царай, өрсөлдөх чадварын нэрийн хуудас болсон, олон улсын стандарт, зэрэглэлд нийцсэн, дэлхийд өрсөлдөхүйц монгол нэрийн тамгатай бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй:

1.“Говь” ХК-ийн Нэхмэлийн үйлдвэрийн ноолууран бүтээгдэхүүн;

2.“Натурал текстайл групп” ХХК-ийн Ноосон хивсний үйлдвэрлэлийг “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ”-ийн 2016 оны шагналаар тус тус шагнасугай” гэжээ.

Шагнал гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж товч үг хэллээ. Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ “Сар шинийн босгон дээр үндэсний бүтээн байгуулагчдаа шагнадаг сайхан уламжлалтай. Өнөөдөр Монголын нэр нүүрийг улс орондоо төдийгүй олон улсад өөрийн бүтээгдэхүүнээр гаргаж яваа олон жилийн уламжлалтай энэ хамт олон, энэ үйлдвэрийг үндэсний бүтээн байгуулалтын шагналаар шагнаж байгаадаа туйлын баяртай байна.

Хуучнаар бол “Говь” компани, “Эрдэнэт хивс” гэдэг байсан хивсний үйлдвэрт энэ шагналыг олголоо.  

Шинэ хөрөнгө оруулж, шинэ хамт олон бүрдүүлж, хуучин байсан зүйлийг 90-100 хувь өөрчилж, шинэ технологи оруулж, маш их бүтээл бий болгосон байна.

Энд хамгийн гол олзуурхаж байгаа зүйл бол монгол малчдын гараас гардаг, ялангуяа монгол малын бүтээгдэхүүнд суурилсан бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд ингэж өндөр үнэлэгдэх хэмжээнд хүрсэнд туйлын баяртай байна. Үүгээр дамжаад малчдын маань орлого нэмэгдэж байгаа. Ажлын байр бий болж байгаа. Монголын маань нэр хүнд олон улсад сайнаар дуурсаж байгаа гэдгийг энд хэлэх ёстой.

Дундаршгүй баялаг болсон монгол малынхаа бүтээгдэхүүн дээр суурилсан үйлдвэрлэлээ бид дэмжиж явах шаардлагатай.

Өнөөдрийн энэ хүндтэй шагналыг хүртсэн эдгээр үйлдвэр, компанийн хамт олонд, мөн энэ хүмүүстэй хамтарч ажилладаг нийт хүмүүс, нийт хамтран ажиллагчдад нь Монгол Улсын нэрийн өмнөөс би чин сэтгэлээсээ гүн талархал илэрхийлж, баяр хүргэе.

Энэ бүтээн байгуулалтын шагналыг олгоход нарийн шалгууртай байдаг. Мэргэжлийн олон хүмүүс, олон байгууллага оролцож шалгууруудыг гаргадаг. Тэд үнэхээр энэ хоёр үйлдвэрлэлийн шинэ бүтээгдэхүүнийг Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагналаар шагнах нь зүйтэй гэсэн юм.

Энэ үйлдвэрүүдийн үйл ажиллагааны тухай, шинэ бүтээлийн тухай, шинэ хөрөнгө оруулалт, шинэ үйлдвэрийн талаар хэвлэлийнхэнд танилцуулсан.

Ингээд Монголын ард түмэн маань Цагаан сардаа сайхан шинэлж, ирж байгаа жилүүдэд улам их шинэ бүтээл гаргах болтугай. Энэ хоёр үйлвэрийн хамт олон улам их шинэ зүйлийг хийх болтугай. Өнөөдрийн шагнал энэ хүмүүст улам их урам хайрлах болтугай.

Хийж бүтээж байгаа хүмүүсээ дэмжиж байж улс хөгжинө. Үүнийг Монголын төр өөрийнхөө шийдвэрээр үлгэрлэх ёстой. Дахин та нарт баяр хүргэе” гэлээ.

Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал хүртсэн бүтээгдэхүүнүүдийн танилцуулга:

1. “ГОВЬ” ХК-ИЙН 100% НООЛУУРАН БҮТЭЭГДЭХҮҮН

Монголын ноос, ноолуурын салбарын анхдагч “Говь” үйлдвэр нь 1981 онд Япон улсын хөрөнгө оруулалттайгаар байгуулагдаж эдүгээ 30 гаруй жил тасралтгүй үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа үндэсний томоохон үйлдвэрлэгч юм. “Говь” ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг 2007 оны 7 сард “ЭФ СИ АЙ” ХХК Олон улсын нээлттэй дуудлага худалдаагаар худалдан авснаар “Говь” ХК өнөөг хүртэл хувийн хэвшлийн бүтэц зохион байгуулалт, менежменттэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

“Говь” ХК жилдээ 1100 тн түүхий ноос, ноолуур 30 тн бөмбөгөн ноос, ноолуур, 210 тн самнасан ноолуур боловсруулах хүчин чадалтай ба түүхий эд бэлтгэхээс эхлээд бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх бүхий л шатны үйлдвэрлэл, дамжлагыг 100% Монголдоо боловсруулдаг цорын ганц үйлдвэр юм.

  1. Хэмжээ, далайцаараа олон улсын жишиг, стандартад хүрсэн түвшин:

Монгол ямааны 100% ноолуур болон тэмээний ноосыг ашиглан дэлхийн зэрэглэлийн хамгийн сүүлийн үеийн техник, технологиор үйлдвэрлэл явуулдаг “Говь” ХК нь үйлдвэрлэл, хүчин чадал, чанар, үйлчилгээ зэрэг бүх талын үзүүлэлтээрээ дэлхийн топ 5 ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн тоонд зүй ёсоор тооцогддог билээ.

  1. Хуулийн дагуу татвар төлдөх байх:

2016 онд улсад 8 төрлийн (НӨАТ, ААНОАТ, ХХОАТ, ҮХХАТ, Газар, НДШ, АТӨЯХАТ, Гааль) 13.2 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн.

  1. Бүтээгдэхүүн нь импортын бараа бүтээгдэхүүнийг орлохуйц байх:

2016 онд 20,165 ш пальто үйлдвэрлэсэн ба 2017 онд 100,000 ш пальто үйлдвэрлэхээр зорин ажиллаж байна. Анх хувьчлагдах үедээ жилд 100 пальто үйлдвэрлэж, 30 ширхэг пальто борлуулж байсантай өнгөрөгч оныг харьцуулахад үйлдвэрлэлтийн хэмжээ 20,000 ширхэг үйлдвэрлэж 200 дахин, 16,000 ширхэг пальто борлуулж 500 дахин өсөлтийг гаргасан.

  1. Бүтээгдэхүүнээ экспортлогч байх:

Пальтоны экспортыг 2009 оноос эхэлж хийж 6,000 орчим ширхэгийг экспортолсон. Өнгөрөгч 2016 оны байдлаар 20 улс руу экспортолсон, дундаж үнэ 310$. Дотоодын зах зээлд 13.9 мянган ширхэг пальтог дотоодын зах зээлд борлуулсан ба үүний 60 гаруй хувийг жуулчдад борлуулагдсан.

2016 оны байдлаар гадаад улсад 53 франчайз дэлгүүртэй байсан ба 2016 оны 10 сард Герман улсын Берлин хотод охин компаниа байгуулж нэрийн дэлгүүрээ нээн ажиллуулсан. 2017 оны 01 сард Хятад улсын Эрээн хотод охин компаниа мөн байгуулж өөрийн нэрийн дэлгүүртэй болсон. Ирэх 2 дугаар сард Бельги улсын Брусель хотод нэрийн дэлгүүрээ нээн ажиллуулах бэлтгэл хангагдсан байна.

2021 онд бид 80 франчайз дэлгүүр, 21 өөрийн нэрийн дэлгүүртэй болж дэлхий даяар бараа бүтээгдэхүүнээ борлуулах сувагтай болохоор төлөвлөсөн.

  1. Өөрийн салбартаа кластер бүрдүүлэгч тэргүүлэх үйлдвэр болох нөхцөлийг хангасан байх:

Анхан шат, ээрмэл, нэхмэл, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх 5 төрлийн үйлдвэртэй.

1.Ажлын байрны тоо:

Говь ХК нь салбартаа зүй ёсоор ордог тэргүүлэгчийн хувьд ажлын байр нэмэгдүүлэх, нийгмийн хариуцлагаа ухамсарлан ажилладаг. 1,800 гаруй чадварлаг боловсон хүчнийг эгнээндээ нэгтгэсэн.

  1. Хөрөнгийн биржээр олон нийтэд хувьцаагаар арилжаалдаг эсэх:

Говь ХК-ийн хувьцаа Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг.

  1. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, дотоодын аж ахуй нэгжээс худалдан авалт хийдэг, тогтвортой худалдан авах гэрээ байгуулсан байх:

            Монголын 22 сая ямаа дэлхийн ноолуурын 40 хувийг хангадаг. Монголын өндөрлөг газар, эрс тэс цаг агаарт гайхалтай дасан зохицсон монгол ямаанаас хамгийн ховор, хамгийн дээд зэргийн ноолуурыг гарган авдаг. “Говь” ХК-ийн төлөөлөгчид Монголын агуу уудам нутгаар явж, үнэт түүхий эд ноолуурыг нутгийн малчдаас авдаг.

  1. Монголчуудын оюун санааны хөгжилд шинэ үе шат нээсэн байх:

               Пальтоны чанарыг бүх талаар сайжруулан, технологийн хувьд сайжруулах тал дээр тасралтгүй эрчимтэй ажиллаж байна. 2016 онд 1 ажилтны өдрийн бүтээмж 1ш байсныг 2017 онд 2-2.5ш болгохоор зорилт тавин ажиллаж байна.

2018 онд 100% ноолууран пальто үйлдвэрлэлээр дэлхийд №1 болох зорилт тавин ажиллаж буй.

2. “НАТУРАЛ ТЕКСТАЙЛ ГРУПП” ХХК-ИЙН НООСОН ХИВСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ

Үйлдвэрлэл худалдааны “Эрдэнэт хивс” ХХК 1981 оны 10 сард ашиглалтад орж 35 жил бизнесийн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа үндэсний хэмжээний томоохон үйлдвэрлэгч компани юм. 1992 оны 7 сард Монгол Улсын Засгийн газрын №99 тогтоолоор Үйлдвэр худалдааны “Эрдэнэт хивс” Хувьцаат компани, 2010 онд “Эрдэнэт хивс ХХК, 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс “Эрдэнэт хивс” ХХК, “Эрдэнэт текс” ХХК, “Эрдэнэт кашмер” ХХК, “Орхон Инженеринг Менежмент” ХХК -уудыг бүрэлдэхүүндээ баггаасан “НАТУРАЛ ТЕКСТАЙЛ ГРУПП” ХХК болон өөрчлөн зохион байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байна. “Эрдэнэт хивс” ХХК нь манай орны шавхагдашгүй баялаг болсон, хивс үйлдвэрлэлтэд маш тохиромжтой монгол хонины ноосыг боловсруулан, жилд 300 орчим шинэ ба шинэчилсэн зураг загвараар, 80-100 хувийн хонины ноосон агууламжтай, Одод, Эрдэнэт, Юникарпет, Чингис, Хүннү, Атилла зэрэг нэр төрлийн 1,200.0 – 1,500.0 мян.м2 хивс, хивсэнцэрийг машинт аргаар үйлдвэрлэж байна.

  1. Хэмжээ, далайцаараа олон улсын жишиг, стандартад хүрсэн түвшин:

‘’Эрдэнэт Хивс’’ХХК нь сүүлийн жилүүдэд үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх, гадаад болон дотоодын зах зээлд олон улсын чанарын стандарт шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлэх зорилгоор техник технологийн шат дараалсан шинэчлэлүүдийг эрчимтэй хийсний үр дүнд дэлхийн хөгжилтэй эн зэрэгцэн алхаж, бүтээгдэхүүний чанар нь олон улсын стандартын шаардлагад хүрч, Олон улсын хэд хэдэн чанарын сертификатыг эзэмшигч болсноор олон улсын зах зээлд нэр хүндтэй нийлүүлэгч болж чадсан.

  1. Хуулийн дагуу татвар төлдөг байх:

Улсын болон орон нутгийн төсөвт жилдээ 5.6 орчим тэрбум төгрөгийн татвар, НДШ-ийг төвлөрүүлдэг.

  1. Бүтээгдэхүүн нь импортын бараа бүтээгдэхүүнийг орлохуйц байх:

Дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц чанартай өнгө загвар, шинэ шийдэл бүхий төрөл бүрийн ноосон хивс, хивсэн дорож бүтээгдэхүүнүүдийг эх орондоо үйлдвэрлэн, ижил төрлийн өндөр үнэтэй бүтээгдэхүүнийг импортыг хязгаарлаж, Монголын Улсын экспортыг нэмэгдүүлж байна. . “Эрдэнэт Хивс” ХХК нь өнөөдөр Монгол Улсын нийт хивс үйлдвэрлэлийн 91.3 хувийг дангаараа үйлдвэрлэж, дотоодод үйлдвэрлэсэн хивсний зах зээлийн 75.0 хувийг дангаараа ханган нийлүүлдэг, гадаад дотоодын зах зээлд нийлүүлж байна. УБ, орон нутагт Дархан, Эрдэнэт, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Дорнод, Өмнөговь, Ховд аймгуудад салбар дэлгүүр, төлөөлөгчийн газруудыг байгуулан үр дүнтэй ажиллуулж байна.

  1. Бүтээгдэхүүнээ экспортлогч байх:

“Эрдэнэт хивс” ХХК нь 34 жилийн хугацаанд 23.3 сая.м2 хивс үйлдвэрлэж, үүний 53.7 хувийг дотоодын зах зээлд, 46.3 хувийг гадаад зах зээлд худалдан борлуулсан байна1983–1990 онд жилийн нийт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 96 хувийг экспортонд гаргаж, 4% нь дотоодын зах зээлд нийлүүлэгддэг байсан.

Тус компани борлуулалтын зах зээлээ өргөжүүлэн хөгжүүлж гадаад зах зээл дээр Хятад Улсын Бээжин болон Шанхай хотод өөрийн Төлөөлөгчийн газруудтай. Нийт борлуулалтынхаа 20 орчим хувийг Англи, АНУ, Австрали Герман, Испани, Итали, Иордани, Катар, Казахстан, ОХУ, Хятад, Швед, Япон, Украйн, Израйл, Турк, Индонез, Энэтхэг, Азербайджан зэрэг гадаадын 20 гаруй улс оронд экспортолж байна.

Мөн эсгий шаахайг ОХУ, Казахстан, Израйл, Итали, Япон улсуудад, ноолууран болон тэмээний ноосон нэхмэл, оёмол бүтээгдэхүүнээ Япон, Араб, Австри, Шинэ-Зеланд, Украйн Швед, Израйл, Узбекстан, ОХУ, Казахстан зэрэг улсуудад, гэрийн зориулалтай эсгийг Голланд, Испани улсууд руу тус тус экспортолж байна.

  1. Оюуны өмчийн гэрчилгээ авсан байх:

Тус компанийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн бүр нь манай баг, хамт олны оюун ухаан, хүч хөдөлмөр шингэсэн оюуны бүтээл байдаг. “Эрдэнэт хивс ХХК” нь урын сандаа 2500 орчим зураг загвартай. Эдгээр бүх зураг загварууд нь компанийн оюуны өмчөөр бүртгэгдэн баталгаажсан байдаг. Өөрийн урын сангаас гадна гадаад, дотоодын хэрэглэгчдийн захиалгаар бүх төрлийн зураг загварын хивсийг үйлдвэрлэн нийлүүлдэг.

  1. Тухайн бүтээн байгуулалт, ашигласан техник, технологи нь олон улсын стандарт, жишигт хүрсэн байдал, эрчим хүч хэмнэсэн, байгальд ээлтэй байх:

 “Эрдэнэт Хивс” ХХК нь Чанарын нэгдсэн удирдлагын тогтолцоог нэвтрүүлснээр Монгол улсын “Чанарын удирдлагын ISO 9001:2008” стандартыг хэрэгжүүлсэн 2 дахь компани, 2008 оноос дэлхий дахинаа ноосон эдлэлийн хамгийн нэр хүндтэй “Woolmark” барааны тэмдгийг ноосон хивс, эсгий шаахай, ноосон оёмол хөнжил зэрэг бүтээгдэхүүнд, 2010 оноос “Woolmark Blend” тэмдгийг битүү дэвсгэрийн зориулалттай хивсэнд эзэмших эрх авсан №1 гэрчилгээтэй. Тус компанийн "Ноолуурын үйлдвэр”-ийн будаагүй тэмээний ноос болон ноолууран нэхмэл  бүтээгдэхүүнүүд нь хүний арьсанд харшил өгөхгүй экологийн цэвэр бүтээгдэхүүний батламж “Ecко Tex Standard 100” (Экотекс стандарт) гэрчилгээг эзэмших эрхтэй Монголын анхны байгууллага

  1. Өөрийн салбартаа кластер бүрдүүлэгч тэргүүлэх үйлдвэр болох нөхцөлийг хангасан байх:

“Натурал текстайл групп” ХХК нь нэр барааны дэлгүүр, салбар төлөөлөгчийн газар, “Эрдэнэт хивс” ХХК нь Монгол хонины ноосон хивс, хивсэн бүтээгдэхүүн, “Эрдэнэт текс” ХХК нь Үслэг утас, анхан шатны боловсруулалт хийсэн угаасан, самнасан ноос, гэрийн эсгий, эсгий гутал, эсгий шаахай, барилгын дулаалгын материалын үйлдвэрлэл, “Эрдэнэт кашмер” ХХК нь ноолуур тэмээний ноосон нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн, ноосон оёмол бүтээгдэхүүнүүд “Орхон инженеринг менежемент” ХХК нь цахилгаан тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, сантехникийн шугам хоолойн засеар үйлчилгээ, төмөр эдлэл үйлдвэрлэл зэрэг чиглэлүүдээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Жилдээ 1,200.0-1,500.0 мян.м2 хивс нэхэх, 2,000.0 тн дан, давхар ээрмэл үйлдвэрлэх, 4,400.0 тн ноос угаах үндсэн 3 үйлдвэртэй.

Мөн 60.0 мян.метр гэрийн эсгий, 25.0 мян.хос эсгий гутал, 30.0 мян.хос эсгий шаахай, 20.0 мян.ширхэг эсгий гудас, 180.0 мян.м2 барилгын дулаалгын материал зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх хүчин чадалтай Ноос боловсруулах үйлдвэр, 80.0 мян.тн ноолууран болон тэмээний ноосон ээрмэл; 360.0 мян.метр нэхмэл бүтээгдэхүүн 24,0 мян.шир сүлжмэл бүтээгдэхүүн, 40.0 мян.шир оёмол бүтээгдэхүүн; 3.5 мян.шир хөдөлмөр хамгааллын зориулалттай хувцас үйлдвэрлэх хүчин чадалтай Нэхмэлийн үйлдвэртэй.

  1. Ажлын байрны тоо:

Тус компани нь нийт 300 гаруй ажиллагсадтай.

  1. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, дотоодын аж ахуй нэгжээс худалдан авалт хийдэг, тогтвортой худалдан авах гэрээ байгуулсан байх:

Компанийн хүчин чадал өсөж, түүхий эд бэлтгэлийн хэрэгцээ нэмэгдэж, салбарын үйлдвэрүүдтэй хамтран анхан шатны боловсруулалт хийсэн түүхий эд худалдан авах, хөдөө орон нутагт анхан шатны боловсруулалтын үйлдвэртэй хоршин хамтдаа хөгжих боломж бий болж буй.

Тус компани Монгол Улсын хонины ноос бэлтгэлийн 35 орчим хувийг бэлтгэн, үйлдвэрлэлдээ ашигладаг. Говь-Алтай болон Хөвсгөл, Завхан, Ховд, Баянхонгор аймгуудыг хонины болон тэмээний ноос бэлтгэдэг гол түүхий эдийн баазаа болгон нийт түүхий эд бэлтгэлийн 80.0 орчим хувийг бэлтгэдэг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан