Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газар 2017 оны төсвөө тодотгожээ


Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр болж, 2017 оны төсвийн тодотголоо хэлэлцсэн байна. Энэ талаар албан ёсоор мэдээлэл өгсөнгүй. УИХ-ын даргад өргөн барих цаг Засгийн газар хүссэн аж. УИХ-ын Тамгын газраас цаг товлож өгсөн даруйд төсвийн тодотголыг өргөн мэдүүлэх юм байна.
Төсвийн тодотголд Олон улсын валютын сангийн тавьсан шаардлагуудыг энэ оны төсөвтэй уялдуулахаар ийнхүү өөрчлөлт оруулж буй юм. Тодруулбал татваруудыг нэмэхээр болсон. Тухайлбал,

1. Шатахууны онцгой албан татварыг саяхан хөнгөлсөн бол энэ нь цуцлагдана. Шатахууны онцгой албан татварыг хуулийн дагуу өндөр авна гэсэн үг. Долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

2. Хувь хүний орлогын албан татварыг орлогоос хамаарч, 10, 15, 20 хувь болгоно.

3. Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэнэ. Ажилтан 10, албан олгогч 10 хувь төлдөг байсан бол энэ хувь тус бүр 12 болно.

4. Суудлын автомашины онцгой албан татварыг насжилтаас хамаарч 3-15 хувиар нэмэгдүүлнэ. Моторын багтаамж нь 4501-ээс илүү бол насжилтаас хамаарч, 40-200 хувиар тооцож татвар авах аж.

5. Согтууруулах ундаа болон тамхины онцгой албан татварыг жил бүр нэмэгдүүлнэ.

6. Иргэдийн хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авахаар болсон. 2016 онд УИХ-аар өндөр хэмжээний хадгаламжтай бол татвар ногдуулахаар Засгийн газраас оруулж ирсэн ч эсэргүүцэлтэй тулж, УИХ-аар буцаасан билээ. Энэ удаад өндөр гэлтгүй бүх хадгаламжийн хүүгээс 10 хувийн татвар авна.

7. Импортын тамхинд ногдох гаалийн албан татварыг 30 хувиар нэмэгдүүлнэ.
Зарлагыг танах үүднээс халамжийн зарим бодлогууд цуцлагдана.

1. Эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтын нэгдсэн тендэр зарлаж, 10 орчим хувиар өртгөө танахаар болов.

2. Тэтгэвэрт гарах насыг 2026 онд эрэгтэй хүнийг 65, 2036 онд эмэгтэйчүүдийн насыг 65-аар тогтооно.

3. 2018 он хүртэл цалин нэмэхгүй.

4. Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэг буюу одоогийн олгож буй 60 хувийг 40 хувь болгон багасгана.

5. Цэргийн албан хаагчдыг тэтгэвэрт гарахдаа авдаг тэтгэмж болох орон сууцны дэмжлэг, орон сууцны түрээсийг төрөөс даах хуулийн зохицуулалтыг хүчингүй болгоно. Үүнээс 10 гаруй тэрбум төгрөгийн хэмнэлт жилдээ гарах аж.
ОУВС-гаас “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” Монгол Улсад хэрэгжүүлэх учраас төсөв санхүүгийн талд эдгээр шаардлагыг тавьж, үүнийг маш яаралтай шийдвэрлэх даалгавар өгсөн. Тиймээс Засгийн газар төсвийн тодотголоо хэлэлцэн УИХ-д өргөн барьснаар ирэх сарын 6-ны даваа гараг гэхэд УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулж, хэлэлцүүлэхээр болсон билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан