Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япончуудын шахалт: Шинэ нисэх онгоцны буудал


УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж өчигдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокаг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа. Элчин сайд Масато Такаока Япон Улсаас манай улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ирж, ажиллаж эхэлсэнтэйгээ холбогдуулан төрийн өндөр дээд албан тушаалтнуудад бараалхаж байгаа юм байна.
Тэрээр УИХ-ын даргатай дипломат байдлаар уулзсан тухай хэвлэлийн албанаас мэдээлсэн бөгөөд энэ үеэрээ “Хөшигийн хөндий дэх олон улсын нисэх онгоцны буудалд Япон Улс хөрөнгө оруулагчийнхаа хувьд уг буудлыг яаралтай ашиглалтад оруулахыг хүсч буйгаа” илэрхийлжээ. Хэдийгээр Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих Төсвийн удирдагч  Кимихоро Маэта энэ оны нэгдүгээр сарын эхээр онгоцны буудлыг Улсын комисст хүлээлгэн өгнө гэсэн ч Зам, тээврийн хөгжлийн яамны ажлын хэсэг хүлээж авах боломжгүй гэх дүгнэлт гаргаад байгаа юм. Дүгнэлтэд, дурдсанаар 920 орчим зөрчил илэрсэн бөгөөд үүнээс болж хүлээн авах хугацааг нэг жилээр хойшлуулж магадгүй гэх мэдээлэл гарч буй. Гэхдээ энэ нь Японы талын ажил биш бөгөөд Монголын туслан гүйцэтгэгч компаниудын хариуцлагагүй байдлаас үүдсэн зөрчлүүд гэгдэж байгаа юм.
Ямартай ч, Японы тал Элчин сайдаараа дамжуулан өөрсдийн хөрөнгө оруулсан Хөшигийн хөндий дэх олон улсын нисэх онгоцны буудлыг ашиглалтад оруулах асуудлыг хөндсөн тул УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Энэ асуудлыг маш сайн анхаарч, судална” гэж хариулжээ.

Мөн уулзалтын үеэр УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж:
“1990 оноос хойш Япон улс манай улсад томоохон төслүүд хэрэгжүүлсэн.   Дарханы дулааны цахилгаан станцад  Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар шинэчлэл хийгдсэн. Мөн “Нарны зам”, “Нарны гүүр”, Хөшигийн хөндийд одоо ашиглалтад орох гэж буй нисэх онгоцны буудал гэх мэт олон төсөлд Японы Засгийн газар хөрөнгө оруулсан. Манай хоёр улсын харилцаа стратегийн түншлэлийн хэмжээнд хүрсэн байна. Харилцааг шинэ агуулгаар баяжуулах нь чухал гэж би үздэг. Тухайлбал, Япон улсын “Мицибуши” корпораци Монголд үйлдвэр босгох чиглэлд харилцаагаа хөгжүүлэх нь их чухал. Хоёр орны улс төрийн харилцаа өндөр түвшинд хүрсэн ч эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагаагаа цаашид хөгжүүлэх шаардлагатай байна. Эдийн засгийн нэг л тодорхой том төсөлд хамтарч ажиллаж үр дүнд хүрэх нь чухал.
Би 2006 онд Австралид очихдоо “Мицибуши” корпорацийн нүүрсний том орд үзсэн. Тэгээд Монголд Японы ийм үйлдвэр бий болгохсон гэж бодогдсон. Манайх уул уурхайн баялаг ихтэй гэдэг  боловч эдийн засагт том нөлөө үзүүлэх төсөл хийж чадахгүй байна. Миний бие Р.Гончигдоржийг УИХ-ын дарга байхад айлчлалын бүрэлдэхүүнд багтаж Япон улсад очихдоо монгол, япон хүмүүсийн дунд бие биеэ ойлгох ойр дотны харилцаа байдаг юм байна гэж мэдэрсэн. Тэр бол  Кёкүшюзан Д.Батбаяр сүмод ид барилдаж байсан үе. Түүнээс хойш Д.Дагвадорж, М.Даваажаргал, М.Ананд, Д.Бямбадорж  гээд монгол хүмүүс Мэргэжлийн сүмо бөхийн аварга болсон. Сая Кисэносатог их аварга болоход би үнэхээр их баярлалаа. Сүмо бөх хоёр улсын бие биеэ ойлгох ардын дипломат шилдэг арга гэж би боддог. Танай Ерөнхий сайд Шинзо Абэ Монголд их элэгтэй хүн гэдгийг бид мэднэ. Таны өмнөх Элчин сайдтай ч бид сайн харилцаатай байсан. Үе үеийн Элчин сайдууд бидэнтэй Монголын төлөө мөр зэрэгцэн ажилласан. Элчин сайд таны шинэ томилолт, шинэ ажилд амжилт хүсч, хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд өөрийн гэсэн зам мөрөө үлдээнэ гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна” гэжээ.

Харин Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока:
“Кисэносатог их аварга болсон талаар дурдсанд баяртай байна. Миний бие сүмо бөх үзэх маш дуртай. Өнгөрсөн хугацаанд монгол бөхчүүд ямар хүчтэй, тэвчээртэйг бишрэн үзэж байлаа. Өнгөрсөн арван жилийн хугацааны дараа Японоос мэргэжлийн сүмо бөхийн их аварга төрсөнд япончууд баярлаж байгаа. Үүнтэй адил монгол хүн баярласан гэдэг нь монголчууд ямар сайхан сэтгэлтэйг харуулж буй юм.
Ерөнхий сайд Шинзо Абэ Япон, Монголын харилцааг хөгжүүлэхэд анхаардгийг та хэлсэн. Үүнтэй би санал нэг байна. Ерөнхий сайдын хувиар Шинзо Абэ Монголд гурван удаа айлчилсан. Ингэж харилцаа хөгжиж байгаад миний бие таатай байдаг. Цаашид эдийн засаг, бизнесийн харилцааг шинэ шатанд гарган хөгжүүлэхэд өнгөрсөн оны зургаадугаар сард байгуулсан Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр дээр үндэслээд хоёр улсын эдийн засгийн харилцаа улам хөгжөөсэй гэж хүсч байна. Таны нэгэн адил би Япон, Монголын бизнесийн харилцаанд бэлгэ тэмдэг болох төсөл хэрэгжүүлэх нь чухал гэж бодож байна” гэж хэлжээ.

0 Сэтгэгдэл
zovoo gants horongo oruulagch aa bitgii urgee
НЯМКА БИТГИЙ ЕГЕЕРЕЙ ГАНЦ БУУДЛААА!!!!!
Хамгийн их уншсан