Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОХУ-д болох санал асуулга Эгийн голын цахилгаан станцын төсөлтэй хамаагүй


Сэлэнгэ мөрөн, түүний цутгалан дээр барих Шүрэн, Эгийн гол, Орхон голын усан цахилгаан станцын төслийг ОХУ-ын талаас эсэргүүцэж буй билээ. Ингээд дээрх усан цахилгаан станц барих төслүүдийн талаар ОХУ-ын Буриад улсын нийслэл Улан-Үдэ хот болон Эрхүү мужийн 10 сууринд ард иргэдийн санал асуулга энэ сарын 21-31-нд болох юм.  Тэгвэл Эгийн голын усан цахилган станц барих төслийн мэргэжилтэн энэ санал асуулгын талаар “ОХУ-ын Буриад Улс, Эрхүү мужид болох санал асуулга манай төсөлтэй ямар ч холбоогүй. Иймд санал асуулгаар ямар ч хариу гарсан манай төсөл үргэлжлэн хэрэгжинэ. Дэлхийн банк санхүүжүүлж байгаа болохоор өөрийн дотоод журмын дагуу хил дамнасан гол мөрөн, түүний байгаль экологийн байдалд судалгаа хийж байгаа. Энэ хүрээнд санал асуулга явуулах юм. ОХУ, Монгол Улсын эрдэмтэд хамтарч байгаль орчны судалгаа хийх тохиролцоонд хүрч байгаа. Хоёр талын эрдэмтэдийн уулзалт ирэх зургадугаар сард болно” гэлээ.
Харин  өнгөрсөн оны тавдугаар сард ОХУ-ын Байгаль орчны яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын захирал Нуритдин Инамов Байгаль нуурт цутгадаг Сэлэнгэ мөрөн, түүний цутгаланд барих Монголын усан цахилгаан станцуудын барилгын ажлыг Дэлхийн банкнаас санхүүжүүлэхийг түр зогсоосон гэж мэдээлж байв. Тэрбээр “Бид энэ асуудлаар Монголын талтай болон эдгээр ажлын санхүүжилтын гол эх сурвалжуудын нэг Дэлхийн банктай, тэрчлэн судалгаа, шинжилгээ хийхэд тусламж дэмжлэг үзүүлсэн Олон улсын байгаль хамгаалах холбоо болон ЮНЕСКО-гийн төлөөлөгчидтэй хамтран ажиллаж байна” гэсэн байдаг.
ОХУ-ын тал, байгаль хамгаалагчид  монголчуудын хэрэгжүүлэх гэж байгаа Сэлэнгэ мөрөн дээр барих усан цахилгаан станцуудын төсөл нь Байгаль нуур, түүний хүрээлэн буй орчинд муугаар нөлөөлнө гэж үзэж байгаа юм. Тухайлбал, Буриадын Байгаль нуурын асуудлаарх бүс нутгийн зөвлөлийн захирал Сергей Шапхаев “Монголын энэ төслийн талаарх эцсийн шийдвэрийг гол хөрөнгө оруулагч Дэлхийн банк гаргана. Бид энэ төсөл байгаль орчинд болоод хүмүүсийн амьдралд муугаар нөлөөлнө гэдгийг, эрсдэлийг нь сайтар ойлгуулж чадвал Дэлхийн банк ийм эрсдэлтэй төслийг хэрэгжүүлж, өөрийнхөө нэр хүндийг унагаахгүй байх. Одоо хамгийн гол нь олон нийтийн энэ санал асуулгыг аль болох бодитой, чанартай явуулах хэрэгтэй. Шүрэнгийн УЦС-ыг барихад ямар ямар хүндрэл, эрсдэл учирч болохыг бүгдийг нь тодорхойлох ёстой. Юуны түрүү гэхэд л загасны үржилд муугаар нөлөөлж, омуль загас гэхэд л одоогийнхоос эрс багасна. Онцгой байдлын эрсдэл улам нэмэгдэнэ. Сэлэнгэ мөрний урсгал хүчтэй болсноор эрэг орчим дулаарал үүсч бэлчээр ойр орчмын суурин газруудын цаг агаар өөрчлөгдөнө. Тэр усан цахилгаан станцад нь осол гарлаа гэхэд зохиомол цунами үүснэ” гэснийг манай сайт урьд нь мэдээлсэн билээ.
Мөн ОХУ-ын Эрхүү мужийн Байгалийн эвслийн зүтгэлтэн Александр Алтаев “Бид энэ санал асуулгад маш их найдаж байгаа. Энд монголчуудын санал тийм ч чухал биш. Харин үүнийг санхүүжүүлж байгаа Дэлхийн банкны санал л чухал. Тэгэхээр  Дэлхийн банк л биднийг сонсч, энэ төслийг санхүүжүүлэхээ зогсоох ёстой” гэж байгаа юм. Үүнээс гадна дээрх эвслийн зохицуулагч, “Байгалийн сайн дурын корпус” хөдөлгөөний тэргүүн Андрей Бородин “Сэлэнгэ мөрөн, Байгаль нуурын ирээдүй олон түмний саналаар л шийдэгдэх болж байна” гэсэн.
Түүх сөхвөл Монгол оронд усан цахилгаан станц барих ажил 1991 оноос эхлэлтэй гэж хэлж болно. Учир нь Азийн хөгжлийн банкны экспертүүд тухайн үед урд нь хийгдэж байсан судалгаануудад үнэлэлт дүгнэлт өгч Эгийн голын усан цахилгаан станцыг барих нь зүйтэй гэсэн байдаг. Ингээд ТЭЗҮ боловсруулахад буцалтгүй тусламж үзүүлэх, нарийвчилсан зураг төсөл хийхэд хөнгөлөлттэй зээл олгох талаар 1991 оны тавдугаар сард танилцуулж байсан түүхтэй. Үүнээс гадна Сэлэнгэ мөрөн дээр “Шүрэн” болон хамгийн том цутгалан Орхон гол дээр усан цахилгаан станц барих төсөл мөн хэрэгжих болсон юм.

0 Сэтгэгдэл
хөршүүдийгээ дарамталж,айлгачихаад
Эргүү оросууд хөршшүдийг дарамтал айлгачихаад дараа нь почему нас не любите гэлцээд байдаг нь ойлгомжгүй.
хөршүүдийгээ дарамталж,айлгачихаад
mongol amerikiin tuslamjiig avbal avragdana
Хамгийн их уншсан