Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Нууц товчоо”-той нэр дэвшигчид батламжаа гардлаа


                                                                                                               Б.Цэдэвсүрэн

АН-ын дотоод сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр батламжаа гардан авлаа. Ардчилсан намын Дотоод сонгуульд өрсөлдөхөөр 565 хүнд бүртгүүлж 380 суудалд өрсөлдөхөөр болов. Үүнээс 307 нь чөлөөт суудал бол 100 нь залуучуудын квот, 96 нь эмэгтэйчүүдийн квотод нэр дэвших юм байна. Эдгээр хүний 511 нь Үндэсний бодлогын хорооны гишүүнд өрсөлдөхөөр бүртгүүлсэн бол 54 хүн Нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны даргад өрсөлдөхөөр болжээ. Нэр дэвшигчдийн үнэмлэхийг Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл, АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан нарын удирдлагууд гардуулан өгсөн. Энэ үеэр намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “АН-ыг долдугаар их хурлаас гарсан шийдвэрээр АН-ын шинэчлэлийн хоёрдахь том давлагаа болгож намынхаа анхан, дунд шатны удирдах бүрэлдэхүүнийг сонгох сонгуулийн нээлт болж байна. 330 сум, 152 хороо, 21 аймаг, 9 дүүрэгт сонгууль зэрэг болно.

Энэ бол намын түүхэнд анх удаа болж буй томоохон үйл явдал. Сая намын даргын сонгуулийг үндэсний хэмжээнд зохион байгуулж чадсан. Энэ бол АН-ын түүхэнд төдийгүй Монголын улс төрийн намын түүхэнд анх удаа болж буй үйл явдал. Өнөөдөр бид фракцгүй, бүлэггүй, хуваагдалгүй нам болохоор зорьсон. Үүний хамгийн том тулгуур зарчим бий болж байна. Гишүүдийн нам болох, бодлогын нам болох тэр алхамаа өнөөдөр зорьмог эхлүүлж чадлаа. Намын гишүүдийн бүртгэлийг явуулахад чамбай ажиллаа. Бүртгэлийн хүрээнд дотоод сонгууль явагдана. Улирдах бүрэлдэхүүн маань бүх гишүүдийнхээ саналаар гарч ирсэн, цоо шинэ бүрэлдэхүүн болж төлөвших нөхцөл бүрдээд байна. Энэ бол олон жил хүсч, хүлээж байсан өөрчлөлт.

Өнөөдрийн эрх баригчдаас эхлээд олон нам бидний гаргаж ирж буй жишгээр явна гэж итгэж байна. Одоо бол иргэд улс төрийн намд итгэх итгэл хамгийн доод түвшиндээ хүртэл унасан. Тэгвэл бидний энэхүү шинэчлэл улс төрд оруулж буй том хөрөнгө оруулалт гэж харж байна” хэмээн хэлсэн. АН-ын дотоод сонгуульд нэр дэвшигчдэд батламжийг нь гардуулахдаа “Монголын нууц товчоо”-г гардуулан өгсөн юм.
Ийнхүү АН-ын дотоод сонгуулийн ажил албан ёсоор эхэлж байгаа бөгөөд ирэх сарын 2-нд санал хураалт явагдах юм байна. Дотоод сонгуулийн бүртгэлтэй холбоотойгоор гишүүдийн шинэчилсэн бүртгэл давхар явуулсан бөгөөд 180 мянган гишүүнээс 152800 гишүүн бүртгүүлж, санал өгөх эрхээ баталгаажуулсан байна.

АН-ын дотоод сонгуульд нэр дэвшигчид дэнчин болон хураамж төлөх юм байна. Хураамж нь дотоод сонгууль явуулах зардал бол дэнчингээ хэрэв сонгогдоогүй бол буцааж авах юм байна. Нийслэлийн намын даргад өнгөрсөн дөрвөн жил Нийслэлийн ИТХ-ын даргаар ажилласан, Сүхбаатар дүүргийн намын дарга Д.Баттулга болон УИХ-ын гишүүн асан, ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Ш.Түвдэндорж нар өрсөлдөхөөр батламжаа гардлаа. Нийслэлийн намын даргад нэр дэвшигчдийн хураамж 90 сая төгрөг. Харин аймгийн намын даргад нэр дэвшигч 15 сая төгрөг, дүүргийн намын дарга нэр дэвшигч 20 сая төгрөгийн хураамж төлөхөөр болжээ. Харин ҮБЗ-д нэр дэвшигч 3 сая төгрөгийн хураамж, үүнтэй адилтгах дэнчин төлсөн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан