Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.Эрдэнэбат: Монгол Улсын эдийн засгийн асаад удчихсан “шар гэрэл” унтарсан



Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат төрийн захиргааны төв болон захиргааны байгууллага, төрийн өмчит улсын үйлдвэрийн газрын удирдлагуудтай уулзаж, үүрэг даалгавар өглөө. Тэрээр үүрэгт ажлаа аваад 8 сар, танхимаа бүрдүүлээд 7 сар болсон. Энэ хугацаанд хийсэн ажлаа дүгнэж, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдлын талаар ярьсан юм.


2016 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэл 504 тэрбумаар давж биелэгдсэн

Манай улс сүүлийн дөрвөн жилд таван өөр төсөвтэй явж ирснийг нэгтгэж нэг төсөвтэй, санхүүгийн нэг дүрэм, сахилга баттай болголоо. Биднийг ажил авахад Монгол Улсын төсвийн алдагдал дэлхий олон орны хувьд тааруухан жишээ болгон яригдаж байлаа.
Бид ажил авсны дараагаас эдийн засгаа сэргээх, төсөвт хэмнэлт хийх, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлогыг шат дараатай хэрэгжүүлж эхэлсэн. Үр дүн ч гарсан. 2016 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэлээр 2012 оноос хойш 4 жилийн турш тасалдаж ирсэн төсвийн орлого анх удаа 504 тэрбум төгрөгөөр даван биелж, алдагдалтай явсан  гадаад худалдаа 1.6 тэрбум долларын ашигтай, гадаад валютын нөөц сүүлийн 4 жилд мөн анх удаа  өсөлттэй гарсан нь манай Засгийн газрын хүлээж авсан хүнд үеийн хямарсан эдийн засагтай харьцуулахад чамлахааргүй үзүүлэлт юм. Энэ бол сэтгэл, зүтгэл байгаад гар, сэтгэл нийлбэл богино хугацаанд бага ч гэлээ эерэг үр дүн гаргаж болдгийн жишээ юм.  

Монгол Улс хугацаа тулсан өрөө шийдсэн

2017 оны гуравдугаар сард төлөх ёстой 580 сая долларын хугацаа тулсан өр зээлээ Монгол Улс төлж чадах уу, чадахгүй дампуурлаа зарлуулах уу гэсэн ард түмэн болон олон улсынхны эргэлзээ, тээнэгэлзээ дунд бид анх ажил авсан. Харин өнөөдөр Монгол Улс хугацаа тулсан бондын өргүй болж, 580 сая ам.долларынхаа өрийн асуудлыг бүрэн шийдэж, улмаар жолоо цулбуургүй мэт уруудаж явсан эдийн засагтаа ч, итгэл алдраад гараад явчихсан гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө ч ногоон гэрэл асааж чадлаа. Энэ бол хоосон яриа, улс төрийн PR биш нь ердөө хэдхэн хоногийн өмнө олон улсын санхүүгийн зах зээл дээр гаргасан Засгийн газрын 124 сая ам.долларын захиалгатай бондод гадаадын хөрөнгө оруулагчид 3.3 тэрбум ам. долларын санал ирүүлснээс бэлээхэн харагдаж байна.

Энэ сардаа багтаж “Чалько”-гийн өрөө төлж дуусгана

Бид удахгүй, энэ сардаа багтаад БНХАУ-ын “Чалько” компанид Монгол Улс удтал төлж ирсэн нүүрсний сунжирсан өрийг бүрэн барагдуулж дуусгана. Ингэснээр Монголын ард түмнийг хэдэн арван жил тэжээх Тавантолгойн ордын өрөм нь болох Зүүн Цанхийн нүүрс долоон жилийн дараа Монгол Улсдаа, Монголын ард түмний мэдэлд эргэн ирж байна. Зүүн Цанхиас олборлож борлуулсан нүүрсний ашиг одоо Монгол Улсынхаа төсөвт орно.
Манай Засгийн газрыг байгуулагдаж байх үед Тавантолгойн нүүрсний үнэ 27 ам.доллар байсан. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ одоо өсч байгаа нь үнэн. Гэхдээ нүүрсний үнэ өнөөдрийнхөөс ч өндөр байхад тонн нүүрсээ 33 ам.доллараар өгөөд сууж байсан 2 жилийн өмнөх алдааг давтах эрх бидэнд байгаагүй. Тийм учраас бид нүүрсний үнийн өсөлтөд бүхнээ даатган гар хумхин зүгээр суулгүй Тавантолгойн ордын нүүрс борлуулах дуудлага худалдааг ил тод, нээлттэй явуулж, үр дүнд нь Монгол Улсын түүхэнд хамгийн өндөр буюу нэг тонн нүүрсээ 72.5 ам.доллараар борлууллаа. Энэ бол үнийн өсөлтөөс гадна зөв менежмент үр дүн юм.  Цаашид ч өрсөлдөөний энэ зарчмаа баримтална.
Манай Засгийн газар ажлаа эхэлж байсан үетэй харьцуулахад бидний өмнөх замд гэрэл сүүмэлзэж, Монголын ард түмэн, Монголын Засгийн газар бодит зорилготой, явах тодорхой зүгтэй боллоо. Улсаа автомашинтай, эдийн засгаа шатахуунтай нь зүйрлэбэл асаад удчихсан бензинийх нь шар гэрэл унтарсан. Гэхдээ манай улсын эдийн засаг эмнэлгийн сэхээнээс гарч, ердийн тасагт шилжсэнээс бус, хүнд үе нь дуусаагүй байна. Харин ч шийдвэрлэх олон алхмын өмнөх босгон дээр бид байна.

0 Сэтгэгдэл
saihan medee baina
Хамгийн их уншсан