Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.Эрдэнэбат: Ард түмний орлого нэмэгдтэл төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат төрийн захиргааны төв болон захиргааны байгууллага, төрийн өмчит улсын үйлдвэрийн газрын удирдлагуудтай уулзаж, үүрэг даалгавар өглөө.

Тэрээр дарга нарт хандан “Одоо  ачааны хүнд, ачааллын их нь монгол төрийн албат та бүхэн дээр эхэлж буух гэж байна. Эдийн засгаа сэргээх, эргэлтийн үеийн хамгийн хүндийг үүрэх их ажил, төр өөрөө бүсээ чангалахаас, төрийн албаныхан та бид хэмнэхээс, төрийн тансаглалыг зогсоохоос эхэлнэ. Эх орныхоо төлөө эр зориг гаргах, өргөсөн тангарагтаа үнэнч байж, ард түмнийхээ өмнөөс тэвчээр заах ээлж монгол төрийн албатууд та бидний өмнө ирж байна” хэмээн хэлээд дарга нарт “Хэрвээ та мөнгө хийх гэж байгаа бол төрд биш, бизнесийн салбарт зүтгэ. Тийм хүмүүс одооноос эхлээд Төрийн ордноор, яамдын байраар эргэлдэх хэрэггүй. Төрийн албанд өнөөдрөөс эхлээд боловсрол, мэргэжлийн дипломоос гадна чадвар, сэтгэл, ёс зүйг эрхэмд тооц. Төрийн мөнгөөр шинэ тавилга, шинэ унаа машин авахгүй байхыг үүрэг болгож байна. Хэрвээ тавилга нь гологдож, албаны унаа нь тухгүй санагдаж байвал тэр хүн өөрөө ажилдаа гологдож байна гэж ойлго. Тэнд таныг хувийн бизнесээ хийгээд илүү тансаг өрөөнд ажиллах таатай орчныг бүрдүүлэхийн төлөө бид харин энд зүтгэе” гэж хатуухан санууллаа.

Мөн дарга нарыг гадаад дотоодын нислэгтээ энгийн суудлаар явахыг үүрэг болгож, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатыг хяналт тавихыг даалгалаа. Хэрэв тухайн дарга заавал нэгдүгээр зэрэглэлээр явмаар байвал үнийн зөрүүг нь өөрөөсөө төлөх болж байна.

Засгийн газар байгуулагдсаныхаа дараахан төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн захирлуудын цалин, урамшууллыг 30-60 хувь бууруулсан. Одоо бусад хангамж, илүүдэл зардалд боломжит хэмнэлт, таналт хийж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргад үүрэг болголоо. Мөн “Ард түмний орлого нэмэгдэх хүртэл төрийн албан хаагчдын цалин нэмэгдэхгүй гэдэг үнэнтэй эвлэрэхээс өөр гарц бидэнд байхгүй. Ард түмний худалдан авах чадвар нэмэгдтэл төрийн элдэв нэмэлт хангамж сэргэнэ гэж байхгүйг энд анхааруулъя” гэсэн юм.
Хямралтай тэмцэнэ гэдэг нь хямралд хүргэсэн бүхэнтэй, популизмтай, санхүүгийн болон улс төрийн сахилгад тэрслэх бүхий л оролдлогуудтай, ард түмний нэр барьж ард түмний эрх ашигтай тэрслэхтэй тэмцэнэ гэсэн үг.

Тийм учраас өнөөдрийн улстөр хийгч болгон “Чи хямралын талд байна уу, Монголын талд байна уу” гэсэн асуултад хариулах ёстой. Нэг нам нь өр тавьдаг, нөгөө нам нь өр дардаг хуучин замаар бид хол явахгүй. Хямралыг зогсоох, эдийн засгаа аврах энэ тэмцэл бол улс үндэстнийхээ ирээдүйг аврахын төлөө гэдэг утгаараа тусгаар тогтнолоо хамтаараа хамгаалахаас ялгаагүй юм. Ийм онцгой үед монголчууд бид улсаараа, парламент бүтнээрээ, Засгийн газар танхимаараа, энд сууж байгаа та бүхэн бид бүгд цулаараа зорилгоо ухамсарлан нэг баг болж зүтгэх ёстой, бас үүрэгтэй.  Ингэж чадаж байж гэмээнэ бид улсаараа нэг зүгт харж, алхаж чадна" гэдгийг тэрээр хэлсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан