Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гудамж хаасан барилгын компаниас болж айлын байшин бүхэлдээ шатав


Барилгын компаниуд үнэхээр даварч байна шүү цаана чинь гээд хяналтын байгууллагынханд хов хүргэмээр… Даанч мэргэжлийн хяналтынханд хэчнээн хов хүргэлээ ч чихгүй толгой л гэсэн үг. Хөөрхий иргэд энд тэнд хэрүүл зарга хийж, хөлөө эцтэл явсан ч, өөрсдөө хохироод л үлдэнэ. Энэ үгийг би хэлж байгаа юм биш. Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны Консулын гэх хэдэн гудамжны иргэд энэ байтугай гомдол шүүмж хэлж, хууль хяналтынханыг харааж зүхэх үгээ олж ядан байна аа цаана чинь.  Учир нь консулын гурав, дөрөв, тав гэсэн гурван гудамжны айлууд бүгд нэг л гудамжаар орж ирдэг бөгөөд тэрхүү гудамжийг нь нэгэн барилгын компанийхан дур мэдэн хааж орхисон аж. Энэ тухай нь гомдол мэдүүлэхээр тоож хэлэлцэх албаныхан ч олддоггүй гэнэ. Барилгын компаниас нь тайлбар хүсэхээр очиход дарга даамал нь толгойгоо ч цухуйлгадаггүй тухай иргэд ярьсан юм. Аргаа барсан оршин суугчид гэртээ орохын тулд хотгор гүдгэр ус шалбааг ихтэй бартаат замаар бараг километр гаруй тойрох болжээ. Энэ тойруу замаар машин техник бүү хэл явган хүн ч явах аргагүй болохыг үгээр хэлэхэд хялбар биш юм. Нэг хэсэг нь машинаа, нөгөө нь хувцас гутлаа золионд гарган байж гэрийн бараа харж байгаа гэхэд худал хэлсэн болохгүй биз.

Иргэдийн гомдлын мөрөөр бүхэл бүтэн гудамжийг хааж орхисон барилга дээр очвол цагаан цаасан дээр “Хүндэт иргэдээ: Барилга угсралтын ажил явж байгаатай холбогдуулан хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах үүднээс гудамжийг түр хаасан болно” гэсэн бичиг хадсан байв. “Дарга даамал чинь байвал сурвалжлагч ирээд уулзъя гэлээ” гэх үгийг харуул залуугаар дайлгасан боловч хэн ч гарч ирсэнгүй. Харин хашаан дотроо барилгын ажил ид өрнөж хөл хөдөлгөөн ихтэй байх аж. Уг барилгыг “Заг” компани барьж байгаа гэдгийг хүнээс дам сонссоноос бус хэн нэгэн нь гарч ирээд хэлж тайлбарлаад өгсөнгүй, үүдэнд нь танилцуулга тайлбар ч байсангүй.

Гол нь, тус барилгыг барьж буй компанийнхан хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах нэрээр иргэдийг аюултай байдалд оруулсан нь олныг бухимдуулах болжээ. Уржигдар гэхэд л Консулын дөрөвдүгээр гудамжны 123 тоотод гал гарч айлын байшин шатаж орхих нь тэр. Эрх биш гал гарч байхад гудамжийг нээж өгөх байлгүй хэмээн горьдсон иргэд хашаа хашааныхаа үүдэнд гарч горьдлого тээсэн харцаар ажиж байв. Гэвч өнөө галын машины дуут дохио хангинах чимээ дуулдсаар бараг гурван минут болж, тэр зуур байшин ч шатаад дуусав.

Барилгынхан хаасан гудамжаа нээж өгсөнгүй. Хоёр тийш нээгдэхээр хийсэн уг хаалгаа галын машинд онгойлгож өгөөгүйд иргэд бүр ч их ундууцсан юм. Дуут дохио нь сонсдоод удсан шалтгааныг гал сөнөөгчдөөс асуухад, “Бид дуудлага авснаасаа хойш зургаан минутын дотор ирлээ. Даанч орж ирдэг гудамж чинь хаалттай. Урдуур нь тойроод өөр гудамжаар орж ирэх гэтэл манай машин багтахгүй, машинаар татуулж арайхийн орж ирлээ. Гудамжинд чинь нэлээн саатчихлаа шүү дээ” гэв. Оройтсон ч гэлээ дүрэлзсэн галыг намжаасан онцгойнхоныг иргэд бүчин  “Та нар удсан нь энэ муу барилгынхнаас болж байгаа юм. Гудамж хааж болохгүй гэдгийг ойлгуулаад хэлээд өгөөч” хэмээсэн юм. Гал унтраах 10 дугаар ангийн гал сөнөөгч Ц.Цогтгэрэл, “Дүүргийн байцаагчид нь хэлж өгье л дөө. Түүнээс бид барилгын компанийнхантай хөөцөлдөөд явж байх боломжгүй улс. Та нар ч хорооныхоо улирдлагад хэлэх хэрэгтэй” гэсэн юм. 

Илүү үгэнд эсвэл хүний мууд дуртайдаа бус айлын байшин шатсаныг далимдуулан эрх ашгаа хамгаалуулж хэлэх үгээ хэлье.  Телевиз дуудъя ч гэцгээж байгаа харагдсан. Консулын дөрөвдүгээр гудамжны иргэн О, “Бидний эрх үнэхээр зөрчигдөж байна. Эргэн тойронд барилга байшин баригдаж байгаа нь амьдрах аргагүйд хүргэх боллоо. Барига барьж бололгүй яахав. Гол нь, биднийг хохироохгүй байх хэрэгтэй шүү дээ. Том том цемент зуурдаг машинууд энүүгээр холхиж, гудамжинд цементээ асгасан нь халуунд пургиж хүүхдийн хамар хоолой руу ороод хэцүү юм. Бороотойд шавар шавхай болчихно. Одоо энэ барилгынхан гудамжийг маань хүртэл хааж, гэрт минь оруулахгүй болчихлоо шүү дээ. Явган бол яахав шавар шавхай дундуур туучаад нэг юм гэртээ орчихно. Унаатай хүмүүс бол машин тэргээ энд тэнд орхиод ирэхээс өөр аргагүй. Тэгвэл гэнэтийн өвчин зовлон, гай гамшиг тохиолдвол яах билээ. Бид ямар ч авралгүй болчихсон нь саяын гарсан галын үеэр харагдлаа шүү дээ.

Энэ тухай хорооныхоо удирдлагад хэлсэн ч нэмэр алга. Хорооны дарга, мэргэжилтнүүд энэ барилгын компанийнхныг дийлдэггүй юм билээ” гэсэн юм. Мөн тус гудамжинд оршин суудаг иргэн А “Энэ хавийнхан үнэхээр их хэлмэгдэж байна. Өнгөрсөн сар  гаруйн хугацаанд манай гудамжинд дулааны шугам сольж машин хүн явах аргагүй сул шороо болгож орхисон. Эргэн тойронд баригдаж байгаа барилгууд шороо, хогоо гудамжинд авчирч асгасаар бид бараг “булагдах” нь хэмээн гомдоллосон юм. Барилга угсралтын явцад хяналт тавьж ажилладаг мэргэжлийн хяналтын байцаагчтай уулзах гэж багагүй эрэл сурал болсноо ч нуух юун. НМХГ-ын дэд бүтцийн хяналтын хэлтсийн даргаас эхлээд надад хариу өгөх хүн олдсонгүй. Өмчилж авсан газартаа хүн шиг амьдрах аргагүйд хүрсэн хөөрхий Консулынханд анхаарлаа хандуулж, аюулгүй байдлыг хангах нэрээр аюултай байдлыг бий болгогч том толгойтнуудад хариуцлага тооцох алба манайд байна уу даа.  

0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан