Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.Тунгалаг: Илүүдэл жинтэй хүмүүс олширсоор байна

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир, спортын газрын Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн зохицуулалтын хэлтсээс жил бүр зохион байгуулдаг аймаг, нийслэл дүүргийн биеийн тамир, спортын болон эрүүл мэндийн салбар байгууллагуудын биеийн тамирын арга зүйчдийн нэгдсэн уулзалт өнөөдөр БСШУСЯ-ны хурлын танхимд эхэлсэн. Нэгдсэн уулзалтад 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөл болон Зэвсэгт хүчин, хууль сахиулах салбарын “Алдар”, “Хүч”, “Аврагч”, “Хилчин”, “Соёмбо” зэрэг спорт хорооны нийт 80 гаруй арга зүйч хамрагдаж буй юм.

Уулзалт хэлэлцүүлгийн үеэр БСШУСЯ-ны Биеийн тамирын бодлогын газрын мэргэжилтэн, дэд профессор Ж.Тунгалаг “Аж ахуй нэгж байгууллага дахь биеийн тамир, спортын хамтлагийн үйл ажиллагааг зохион байгуулахад баримтлах бодлого” сэдвээр илтгэл тавьсан нь хүмүүсийн анхаарлыг ихэд татжээ.

Тэрээр илтгэлдээ хөдөлгөөний хомсдол түүнээс үүдэлтэй хүн амын дундах илүүдэл жингийн өнөөгийн нөхцөл байдлын талаархи судалгааны тайлан мэдээллийг танилцуулсан. Монгол Улсын хүн амын хөдөлгөөний хомсдол, илүүдэл жин жил ирэх тусам нэмэгдэж буй аж. 2005 онд илүүдэл жинтэй хүмүүс нийт хүн амын 32.4 %-ийг эзлэж байсан бол 2009 онд 39.8%, 2013 онд 54.4% болж өсчээ. Хөдөлгөөний хомсдол 2005 онд 7.5%, 2009 онд 7.5%, 2009 онд 22.3% -иар мөн өссөн үзүүлэлттэй гарсан байна. Үүнээс таван хүн тутмын нэг нь эрүүл мэндэд тустай хөдөлгөөн хийдэггүй, хоёр хүн тутмын нэг нь илүүдэл жинтэй, таван хүн тутмын нэг нь таргалалттай гэсэн дүгнэлтийг хийж болохоор байгааг онцолсон байна. 

Мөн хөдөлгөөний дутагдалтай, илүүдэл жинтэй хүмүүс олширч байгаа нь олон хүчин зүйлтэй холбоотойг тайлбарлажээ. Тухайлбал, дөрвөн хүн тутмын нэг нь дасгал хөдөлгөөн хийх зохистой давтамжийн талаар мэддэггүй, нийт хүн амын 29.8%-д нь хөдөлгөөн хийх цаг гарддаггүй, 28.1% нь идэвхтэй хөдөлгөөнтэй байх талаар мэдлэггүй, дөрвөн хүн тутмын нэг нь дасгал хөдөлгөөн хийх сонирхолгүй мөн дасгал хийх орчин нөхцөл муу байгаа явдал гэжээ.

Үүний зэрэгцээ манайд ажилладаг  чийрэгжүүлэх төвүүдийн үйлчилгээний төлбөр өндөр байгаа нь илүүдэл жинтнүүдийг олшроход нөлөөлж байгаа гэсэн байна. 

Тиймээс цаашид хөдөлгөөний дутагдал, илүүдэл жинг бууруулах ажлыг үндэсний бодлогоор зохион байгуулж, нэгдмэл цогц, өргөн хүрээний, салбар дундын хамтын ажиллагаанд түшиглэж ажиллах, хувь хүн албан байгууллага, олон нийт, орчин, бодлого боловсруулалтын бүхий л түвшинг хамарсан цогц үйл ажиллагаа явуулах хэрэгтэйг ч дурджээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан