Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Амарбаясгалан: Төрд хоёргүй сэтгэлээр ажиллабал богино хугацаанд эерэг үр дүн гардаг


МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болоод салбарын дэд сайдууд энэ сарын 24-ний өдөр Говьсүмбэр, Дорноговь аймагт ажиллалаа.
Ажлаа Говьсүмбэр аймгийн Шивээ-Овоогийн уурхайгаас эхэлж, аймгийн ард иргэдтэй уулзаж, санаа бодлыг нь сонссон юм.
Шивээ-Овоогийн уурхай 2002 оноос хойш 11 жил алдагдалтай ажиллаж ирсэн хэдий ч 2016 онд 2.2 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Гэвч энэ онд багтаан техникийн шинэчлэл хийх шаардлагатай байгааг уурхайн удирдлагууд салбарын дэд сайд Т.Гантулгад дуулгаж байлаа.

Харин аймгийн иргэдийн хувьд Уул уурхайн салбарт баримтлах бодлого, ОУВС-гаас авах хөтөлбөр, Тэтгэврийн насыг нэмэгдүүлэх болсонтой холбоотой олон асуултыг албаныхнаас асууж байв.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан иргэдтэй уулзах үеэрээ "МАН иргэддээ өгсөн амлалтаа биелүүлж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ" гэдгээ илэрхийлээд "МАН зөвхөн сонгуулийн үеэр орон нутагт ажиллах бус бусад үед ч орон нутагт ажиллаж, иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, санаа бодлыг нь сонсон, намын мөрийн хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгаа талаар судалж байх зорилгыг тавьж байгаа. Манай нам УИХ-д олонх болж, Засгийн газраа бүрдүүлээд эдийн засгийг сэргээх, төсөвт хэмнэлт хийх, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлогыг шат дараатай хэрэгжүүлж эхэлсэн. Үр дүн ч гарсан. 2016 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэлээр 2012 оноос хойш 4 жилийн турш тасалдаж ирсэн төсвийн орлого анх удаа 504 тэрбум төгрөгөөр даван биелж, алдагдалтай явсан гадаад худалдаа 1.6 тэрбум долларын ашигтай гарсан.
 Гадаад валютын нөөц сүүлийн 4 жилд анх удаа өсөлттэй гарсан нь манай намын хүлээж авсан хүнд үеийн хямарсан эдийн засагтай харьцуулахад чамлахааргүй үзүүлэлт юм. Энэ бол сэтгэл, зүтгэл байгаад, төрд хоёргүй сэтгэлээр ажиллавал богино хугацаанд бага ч гэлээ эерэг үр дүн гаргаж болдгийн жишээ.  Бид цаашид МАН-ын мөрийн хөтөлбөрийг шат дараатай хэрэгжүүлнэ. Түүнчлэн эдийн засгаа эрүүлжүүлэх, улмаар эргүүлэн сэргээхэд ОУВС-гийн дэмжлэг, хамтын ажиллагаа бидэнд хэрэгтэй. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бол жил бүр тэтгэврийн насыг 0.5 насаар нэмэгдүүлж явах юм. Ингэснээс 2026 он гэхэд эрэгтэй хүн 65, 2036 онд эмэгтэй 65 настайдаа тэтгэвэрт гардаг байхаар зохицуулах юм. Монгол хүний дундаж наслалт 2036 он гэхэд 75 болохоор харагдаж байгаа" хэмээсэн юм.

 
Мөн иргэд Говьсүмбэр аймгаас сонгогдсон гишүүн Г.Мөнхцэцэг болоод салбарын дэд сайдуудаас аймгийн брэнд болсон каракуль үүлдрийн хонины удмын санг хамгаалах, тал дээр анхаарлаа хандуулахыг хүссэн.

Албаныхан Говьсүмбэр аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзсаныхаа дараа Дорноговь аймагт албан томилолтоо үргэлжлүүлсэн юм.

Дорноговь аймгийн иргэдийн зүгээс "30 жил ашиглагдсан халаалтын зуухны асуудал хүндрэлтэй байна. Үүнийг хэзээ, хэрхэн шийдвэрлэж өгөх вэ" гэх асуултыг салбарын дэд сайдад тавилаа. Салбарын дэд сайдын хувьд Засгийн газар, яам хэлтсийн хэмжээнд судалж үзээд энэхүү асуултад хариу тайлбар өгөхөөр болсон юм.

Түүнчлэн Дорноговь аймгийн иргэд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаас "Эрх барьж буй цагтаа хариуцлага алдсан хүмүүст ямар арга хэмжээ авах вэ" хэмээн асуухад "Хариуцлагыг улс төрийн нам тооцдоггүй, Төр хууль хяналтын байгууллага, холбогдох албан тушаалтнууд ажлаа хийж байгаа гэж бодож байна. Бидний хувьд хариуцлагын тогтолцоог сайжруулъя гэдэгтэй хэзээд санал нийлдэг. Тэгж байж төр, ард түмний төлөө ажиллах хүмүүс илүү хариуцлагатай болно" гэж хариулсан юм.

0 Сэтгэгдэл
За за, тийм байдаг байж
Хамгийн их уншсан