Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрх баригчид С.Зоригийн хэргийг ”мухарлав”


(Эргэцүүлэл)

18 жил хүлээгдсэн, УИХ-ын 4 сонгууль дамнасан, олон нийтийн хүлээлт үүсгэсэн  С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг нэгмөр мухарлав. Ардчилсан Нам эрх барьж байх үед С.Зоригийн хэрэг хэзээ ч илрэхгүй. Ингэж 2000 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн Цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Мөрөнгийн хэлж байсныг өнөөдөр нэхэн санахад илүүлэхгүй. МАН-ын үед ч, МАН, АН хамтарсан  он жилүүдэд ч илрүүлж чадаагүй С.Зоригийн хэргийг АН засаг барих үед, тэр тусмаа ерөнхий сайд, УИХ-ын дарга, ерөнхийлөгч нь АН-аас томилогдож, сонгогдсон  тэр цаг мөчид мухарлах эхлэлийг тавьсан нь олны сонирхлыг эрхгүй татсан байдаг. Сонгууль болгоны өмнө С.Зоригийн хэргийг  улс төрийн зорилгоор ашигладаг уламжлалаар  2016 оны УИХ-ын сонгууль эхлэхээс 4 сар орчмын  өмнөөс  С.Зоригийн бэлэвсэн эхнэр Булганыг нийгмээс тусгаарлан барьж хорьсноор, мөн  малчин залуусыг хэрэгт татсанаар энэ хэргийн мөрдөлт хүчээ авсан байдаг. Булганы ээж, малчин залуугийн ээж л цээжээ урагдтал, гутлынхаа улыг элэгдтэл шүүх, хууль хүчний байгууллага, дарга нарын хаалгыг татаж, шударга үнэн гэж байна уу? гэж цуцалтгүй асуусныг хэвлэл л олон нийтэд хүргэж байсан. Сонирхолтой нь, генерал Мөрөнгийн хэлсний эсрэгээр, АН засаг барих үедээ С.Зоригийн хэргийг эхлүүлж, МАН-ын эрх барих үед мухарлаж таарлаа. Дахин сөхөхгүйгээр хавтаст хэргийг нь хаав. Хуулийнхнаар учир байдлыг дахин дахин тайлбарлуулав. Уг хэрэг төрийн нууцад хамаарч байсныг ил болгосон учраас ийнхүү мэдээлж байна гэх тайлбарыг хууль прокурорынхон онцолж байна. Гэхдээ хавтаст хэргийг бүхэлд нь задалж, нийтэд дэлгэж болохгүй хэмээн хаяагаа манахаа тэд мартсангүй.

Хэзээ ч илрэхгүй хэрэг бол С.Зоригийн хэрэг гэж хэлж бичсээр ирснийг сонины шарласан хуудас гэрчилнэ.  Тиймээс ч энэ хэрэг илрэлгүй, 4 сонгууль дамнаж, 18 жилийг ардаа орхисон. Ард иргэд С.Зоригийг хэн алсан бэ? гэхээс илүү "Хэн аллагыг захиалсан бэ?" гэдгийг л мэдэхийг хүсэж байсан, хүсэж ч байгаа. Тэгвэл захиалагчийг эрж хайх боломжийг нэгмөсөн таслан зогсоов.

Хуулийнхан 18 жилийн турш "нухацтай" мөрдсөний эцэст тухайн үед 16-18 настай байсан малчин залуус С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт  "холбогдож", ялыг нь бүх насаараа үүрэх болов. "Алуурчдыг" чангын чангад бүх насаар нь шахуу хорилоо.  Тухайн үеийн дэд бүтцийн сайд, маргааш нь ерөнхий сайд болох гэж бүх тохироо нь хийгдсэн байсан С.Зоригийг ямар ч зорилгогүйгээр, тэгэхдээ маш харгисаар тэдгээр залуус амийг нь хороосон болж таарлаа. Нийгмийн хүлээж байсан " захиалагч" ор сураггүй. Харин тэдгээр залуусыг  рецедив буюу, онц ноцтой гэмт хэрэгтнүүд болж харагдуулахыг чухалчилав. Өөр бусдын амийг нь хороосон гэдгийг нь ч олж  тогтоосон. Гэхдээ өмнө нь, цахилгааны гэмтлээс үүсэлтэй галын ослоор нас барсан гэх хэргийг сэргээснийг анзаарч болно. Энэ хэргийг эзэнжүүлсэн юм шиг санагдана. Санаатайгаар бензин асгаж гал тавьсан болов. Ийнхүү гэмт хэргийн онош солигджээ.  Нэг л их засвар орсон юм шиг сэтгэгдэл төрөх. Итгэж үнэмшихэд бэрх гаргалгааг гаргалаа гэж сошиалаар шуугиж буйг ч тоох эрх мэдэлтэн алга. Өлгөж авах улс төрийн хүчин ч алга. Дүү С.Оюун нь мэдэрсэн юм шиг УИХ-д ч нэр дэвшээгүй. Түүгээр барахгүй ахынхаа нэрийг оролцуулсан Иргэний Зориг намын даргаа ч өгсөн. Ийм нэгэн сонирхолтой давхцал үүсэв. Тэр зуур, С.Зоригийн хэрэгт нэр хутгалдчих вий гэж болгоомжилж байсан улс төрчид, эрх мэдэлтнүүд 18 жилийн дараа " урт амьсгаа" авах шиг болов.

С.Зоригийн хохирогч ах Баяраа, дүү С.Оюун нар шүүх хуралд ч оролцсонгүй. Хамгийн сүүлийн хурлыг ах С.Баяраа үг дуугүй орхин гарлаа. Тэд чимээгүй эсэргүүцэж байна гэдгийг хэн ч анзаарахаар. Бас болгоомжилж  байна уу гэж бодогдохоор. Ийм л нэг үйл явц саяхандаа болоод өнгөрлөө. Зоригийн амь насыг нэхэх, шударга үнэнийг олж тогтоох ах дүү , элэг нэгт зоригтоны дуу хоолой намжив. Ганц нэг хэвлэл л энэ тухай бичихээс цааш хэтрэхгүй бололтой. Шүүх тогтоосон гэдэг хариулт, мянга мянган асуултын бөглөө болж байна. Гэвч хэрэг хуучирдаггүй гэдэг үг бий. Иргэд итгэж чадахгүй байгаа учир энэ хэрэг дахин сөхөгдөхийг ч үгүйсгэхгүй. Малчид алуурчин ч байж мэдэх. Гэхдээ л ... эргэлзээ ихтэй. Нөгөө захиалагч хаачив гэж асуух хүн мундахгүй.

Анх Батаа, Оюунаа гэж нэр дуулдаж, тэдний өндөр нам, хувцаслалт, ерөнхий дүр төрхийг харуулсан ам зураг сонин хэвлэлд нийтлэгдэж байсан. Гэхдээ нүүр царайг тэгтлээ нарийн зурсан зураг хэвлэлд гарсан санагдахгүй юм. Бүх биений босоо зураг л голдуу хэвлэгдэж байсан. Гэтэл түүнээс огт өөр зөвхөн толгойн хэсгийн ам зургийг нийтэд үзүүлэх болов. Тэр нь ял авч буй залуустай төстэй гэдгийг анзаарч болно. С.Зоригийн хэрэг ингэж "тайлагдав".
Хуулийнхан нэгэнт өөр зүйл хэлэхгүй учраас, тэднээс одоо ямар ч асуулт асуугаад нэмэргүй.

Магадгүй, хэргийг үйлдсэн гэх тэдгээр залуусын гэр бүлд гомдлын мөрөө мухарлах ганц л гарц үлдсэн байж болох. Тэр нь магадгүй, зөнбилигтэнд хандах сүүлчийн найдвар байж болох. Оросын туршлагаас анзаарвал шүү.  Хэдхэн хоногийх дараа алдарт зөнбилигтэн Виктория Райдос Монголд саатна. Тэр зөвшөөрвөл, мөн үнэ хөлсөө тохирч, аюулгүй байдлыг нь хангавал, учир начрыг хэлж өгч бас магадгүй.  

Ц.ЭНХБАТ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан