Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Эрдэнэ: Намын удирдах байгууллагад оффшор данстангууд байх нь зохисгүй


АН-ын дотоод сонгуульд ҮБХ-нд Сэлэнгэ аймгаас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн асан С.Баярцогтын нэрийг АН-ын дүрмийн дагуу сонгуулийн санал хураалтаас хассан. Тэгвэл Сэлэнгэ аймгийн намын гишүүдийн олонхийн саналыг авсан ч С.Баярцогт ҮБХ-ны гишүүн болох эрхгүй болоод байна гэх мэдээлэл ч гарсан. АН-ын дарга С.Эрдэнэ энэ тухайд ямар тайлбар хэлснийг сонирхуулья.

-Үндэсний бодлогын хороонд 511 хүн бүртгүүлсэн ч 4 нэр дэвшигч хасагдсан. Тухайлбал УИХ-ын гишүүн асан С.Баярцогт Сэлэнгэ аймагт нэр дэвшсэн ч АН-ын дүрмээр түүний нэрийг сонгуулийн хуудаснаас хаслаа гэсэн тайлбар хийсэн. Дүрмийн ямар заалтаар ийн хассан юм бэ?
- Дорнод аймагт 2, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тус бүр 1 гээд ҮБХ-нд нэр дэвшсэн 4 хүн хасагдсан. Дархан-Уул болоод Дорнод аймгийн нэр дэвшигчдийн хувьд өмнө нь АН-ын Хяналтын хорооноос тодорхой хугацаагаар шийтгэл ногдуулсан байсан. Тэр шийтгэлийн хугацаа дуусаагүй учраас нэрийг нь түдгэлзүүлсэн. С.Баярцогтын тухайд тодорхой гишүүдээс санал гомдол ирсэн.Гомдлын хүрээнд Үндсэн дүрмийн хороо урьдчилсан байдлаар хуралдаад энэ бол зайлшгүй шалгах шаардлагатай асуудал учраас Үндсэн дүрмийн хорооноос түүнийг ҮБХ-нд нэр дэвшүүлэх асуудлыг түдгэлзүүлэх нь зүйтэй юм. Тэгээд шалгах ёстой гэсэн байр суурь илэрхийлж, нэр дэвшигч С.Баярцогтын нэрийг түр түдгэлзүүлж, санал хураалтанд оруулаагүй. Үндсэн дүрмийн хороо сонгуулийн дараа хуралдана. Эндээс дараагийн тодорхой шийдвэрүүд гарах байх.

- Хэрвээ Үндсэн дүрмийн хорооноос С.Баярцогт нь нэр дэвшихэд ямар нэг асуудалгүй байжээ гэсэн шийдвэр гарвал асуудал цаашдаа хэрхэн шийдэгдэх юм бэ? Сэлэнгээс өгч байгаа мэдээллээр С.Баярцогт хамгийн өндөр санал авч нэгээр гарч ирсэн гэсэн?
- АН гишүүдээ ёс зүй, хууль дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа тал дээр нэлээн хатуу хяналттай ажиллана гэсэн байр суурьтай байна. Оффшор данстай талаар С.Баярцогтын хувьд өөрөө хүлээн зөвшөөрсөн.Өнөөдрийг хүртэл оффшор данстай холбоотой улстөрчдийн асуудлыг шийдсэн тухайд ямар ч мэдээлэл алга. Ер нь, цаашдаа намын удирдах байгууллагад оффшор данстангууд байх нь зохисгүй гэж харж байгаа. Ганц С.Баярцогт ч биш юм. АН шинэчлэл ярьж байгаа учир энэ хүрээндээ хариуцлагыг давхар тавьж байна. Түүнээс биш тухайн нэр дэвшигчийн рейтингтэй холбоотой ямар нэгэн бодлого үйл ажиллагаа явуулаагүй. Хэрвээ С.Баярцогтын асуудал намын эрхэмлэх зүйл, дүрэмд харшлахгүй гэж үзвэл бид холбогдох арга хэмжээг авна. Цаашдаа АН-ын ҮБХ-нд сонгогдох эрх нь бол нээлттэй. Жил бүр АН ротаци явуулна. ҮБХ болон аймгийн дүүргийн хорооны нийт гишүүдийн гуравны нэгтэй тэнцэх хэмжээний суудал дээр жил бүр ротаци явуулна. Энэ нь АН-ын амьд байлгах, үйл ажиллагааг нь идэвхтэй байлгах гол түлхүүр гэж харж байна. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд ротаци гэдэг зүйл үгүй болсон ч АН-ын шинэчлэлээр үүнийг сэргээнэ.

-С.Баярцогтыг АН-аас хөөх хүртэл яригдаж байна гэх боллоо. АН-ын шинэчлэл нь С.Баярцогтыг хөөснөөр хийгдэх үү?
-Баярцогтыг намаас хөөх тухай асуудал одоогоор яригдаагүй. Хариуцлагын тухай яриад эхлэхээр нөгөө талаас нь шүүмжилдэг. Хариуцлага тооцохгүй бол бас шүүмжилдэг. Тэгэхээр АН-ын шинэчлэл, хариуцлагынасуудлын тухайд ухрахгүй. Бидэнд ямар ч дарамт ирж байсан шинэчлэлийн төлөө урагш явна. Цаашдаа хариуцлагатай, хүчирхэг улстөрийн хүчин байхын төлөө ажиллана.

-Оффшор болоод дотоод сонгууль бол дөнгөж сарын өмнөөс яригдсан асуудал биш. Баярцогтын ёс зүйн алдаа гаргасан гэдгийг АН хүлээн зөвшөөрч байгаа юм бол дотоод сонгуульд анхнаас нь нэр дэвшүүлэхгүй байх ёстой байсан юм биш үү?
-Өмнө нь С.Баярцогтын талаар хэнээс ч гомдол шүүмжлэл ирээгүй байсан. Аливаа хууль эрхзүйн хүрээнд асуудал үүсэхдээ заавал гомдол, хүсэлт, нотлох баримт дээр тулгуурладаг. Тиймээс дотоод сонгуулийн явцад гомдол, санал ирсэн. Үүнийг намын эрх бүхий байгууллагаас хэлэлцэж шийдвэр гаргасан. Энэ бол хамтын шийдвэр юм.

-Нийслэлийн АН-ын даргын сонгуульд нэр дэвшигч Түвдэндорж ялалт байгууллаа гэх мэдээлэл гараад удаагүй байна. Гэтэл сая Д.Баттулга урьдчилсан дүнгээр ялсан гэж зарлалаа. Маргаантай байна гэж ойлгож болох уу?
-Нийслэлийн АН-ын даргын сонгууль дээр одоогоор ямар ч маргаан байхгүй. Урьдчилсан дүнгээр Д.Баттулга ялалт байгуулсан.

- ҮБХ-ны гол үүрэг юу вэ. Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ хэзээ тодруулах вэ?
- ҮБХ бол намын Их хурлын чөлөөт цагт АН-ын эрх барих, төлөөллийн төв байгууллага. Энэ үүргээ гүйцэтгэнэ. Улстөрийн намуудын тухай хуульд заасан тодорхой эрх үүргээ хүлээнэ. Хоёрдугаарт, АН-ын үндсэн дүрэмд заасан эрх үүргийн хүрээнд ҮБХ үйл ажиллагаа явуулна.  Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудал хуулийн дагуу явна. АН гишүүдээрээ шийднэ гэсэн зарчмаасаа ухрахгүй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль Сонгуулийн тухай Ерөнхий хуулиар явагдах учраас энэ оны нэгдүгээр сарын 1 нээс сонгуультай холбоотой аливаа хууль бус үйл ажиллагаа явуулахыг хориглосон Хуулийн дагуу тавдугаар сарын 2-7-нд Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулна. Энэ хугацаанд нь асуудлаа бүрэн шийдэж, АН-ын Их хурлаас Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулна. Тэндээс батламжилж, нэр дэвшигчээ зарлана.

-Сэлэнгэ аймагт Баянгол дүүргээс АН-ын гишүүд очиж санал өгсөн тухай мэдээлэл гараад байна. Энэ тухайд тодруулна уу?
-Сэлэнгэ аймагт  Баянгол дүүргийн гишүүд очоод санал өгөхөөр Баянгол дүүргийн санал яах юм бэ. Энэ бол боломжгүй зүйл шүү. АН царцаанаас салахын тулд цахим бүртгэл гэдэг зүйл хэрэгжүүлсэн. АН-д бүртгэлтэй 180 мянган гишүүнээс 152800 нь албан ёсны саналын эрхтэйгээр бүртгүүлсэн. Цаашдаа бүх аймаг дүүрэгт гишүүд маань цахим үнэмлэхтэй болно. Мэдээллийн иж бүрэн цогц бүртгэлийн системийг хэрэгжүүлж байна. Аливаа сонгуулийн явцад янз бүрийн хардалт явдаг. Баянгол дүүргийн Сэлэнгэ аймгаас гаралтай хүн Сэлэнгэ аймагтаа нэр дэвшсэн. ҮБХ-нд  АН-ын гишүүн хаанаас ч, хаана ч нэр дэвших эрх нь дүрмээр нээлттэй байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан