Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д. Мөнхбат: Өсвөр насны хүүхдүүд шивээс хийлгэхдээ сэтгэлийн хөдлөлөөр хандах нь буруу


Сүүлийн үед манай охид залуучууд шивээсний урлагийг ихэд сонирхож түүгээр гангарах болсон билээ. Ингээд шивээсний урлагийн талаар “Сор салон”-ы шивээсчин Д.Мөнхбаттай уулзаж ярилцлаа.

-Та өөрийгөө танилцуулахгүй юу? Хэзээнээс шивээс хийж эхлэсэн бэ?
-Намайг Д.Мөнхбат гэдэг “Сор” салоны шивээсчинээр ажилладаг. 1999 оноос хойш шивээс хийж байна. Монголд анх шивээс хийж байсан хоёр хүний нэг болох Лхагваа бол миний багш. Тэр хүнээс энэ урлагийн тухай ойлголт, арга барилыг сурсан. Солонгос улсад амьдарч байгаад саяхан эх орондоо ирлээ.

-Монголчууд одоо л энэ урлагийг ойлгож, хүлээж авах гэж байх шиг байна. Тухайн үеийн хүмүүсийн хандаж байсан хандлага хэрхэн өөрчлөгдсөн бэ?
-Одоо л жинхэнэ урлаг тал руу хөгжиж байна. Урд нь зүгээр сонирхол талаасаа хандаж, ихэнхдээ нөгөө л болохгүй, бүтэхгүй  гэдэг нөхдүүд хийлгэдэг гэсэн ойлголт давамгайлсан байлаа. Ерөнхийдөө хамрах хүрээ багатай байсан.

-Урлаг талаасаа, хамрах хүрээгээрээ ч тэр одоо ямар улс шивээсээрээ алдартай вэ?
-Япончууд энэ урлагийг гайхамшиг болтол нь хөгжүүлсэн. Якүзанууд бол битүү шивээстэй хүмүүс байдаг. Тэдний дунд илүү дэлгэрч чадсан урлаг юм. Мөн Европын орнуудад болон Латин Америкид өндөр хөгжсөн. 

-Голдуу ямар хүмүүс шивээс хийлгэх юм?
-Ер нь бол нас харгалзахгүй. Ихэнхдээ залуучууд тэр дундаа өсвөр насныхан, хориос гучин хэргэм насны хүмүүс их үйлчлүүлдэг. Хүйсний хувьд эмэгтэйчүүд эрчүүдээс илүү сонирхох болсон. Гурван хүн орж ирсэний хоёр нь эмэгтэй тэр тусмаа охидууд байх жишээтэй. 60 настай хүнд шивээс хийсэн удаа ч бий. Ер нь бол сүүлийн үед нас харьцангуй залуужиж байгаа. Тэд нар чинь сэтгэлийн хөөрлөөр асуудалд хандах нь элбэг шүү дээ.

-Сэтгэлийн хөөрлөөр өсвөр насныхан шивээс хийлгэдэг. Хэдэн жилийн дараа тэр нь таалагдахаа болдог. Тэгээд арилгах шаардлага гардаг. Ийм тохиолдолд яах ёстой вэ?
-Залуусдаа тэр тусмаа өвсөр насны охид, хөвгүүддээ хандаж хэлэхэд юманд сэтгэлийн хөдлөлөөр хандах хэрэггүй. Ялангуяа шивээс гэдэг бол хүний биеэн дээр хийдэг болохоор нэг хийлгэх л юм бол насан туршид чинь үлднэ. Тиймээс юманд ул суурьтай хандах хэрэгтэй. Ядаж ээж ааваасаа асуулгүй хийлгэчихдэг. Маргааш нь ээж аав нь арилгах арга байна уу? гээд хөтлөөд ирдэг.

-Техник технологи хөгжөөд сүүлийн үед лазераар арилгадаг гэж сонссон?
-Яахав лазерын аргаар арилгадаг. Гэхдээ өмнө нь байгаагүй юм шиг болгоно гэж байхгүй. Наад зах нь улаан ягаан туяа тэр хэсэг газарт нь үлдэнэ.

-Шивээс хийлгэснийхээ дараа юуг анхаарах хэрэгтэй байдаг вэ?
-Долоо хоног ус хүргэж болохгүй ялангуяа савантай ус. Мөн хурц наранд шаруулахгүй байх хэрэгтэй. Нарнаас ялгардаг хэт ягаан туяа улаалгаж муухай болгодог. Бас вазелин, тос түрхэж болно. Гэхдээ нимгэн түрхэхгүй зузаан түрхэх юм бол хэт зөөлрүүлэх муу тал бий. Өөрөө тав сууж хууларч унах хүртэл маажиж, хуулж болохгүй ингэж чадах юм бол та өөрийнхөө хүссэн гоё шивээстэй болно доо.

-Гоё шивээс хийлгэчихлээ, түүнийгээ сайн эдгээчихлээ. Цаашдаа яаж арчилах вэ?
-Насан туршдаа үлдэх зүйл учираас эхнээс нь сайн арчилж тордох нь зүйтэй. Хааяа нэг хууриашах тал бий. Тэгэхээр нь нимгэн тос түрхээд байвал гайгүй ээ. Хэрвээ тэгэхгүй бол хөгширөөд арьс нь унжихаар арслан байж байгаад байцаа болно шүү дээ. /инээв/

-Шивээс хийхэд шаардагдах зүйлс гэвэл?
-Шивээсний машин, нэг удаагийн зүү, бээлий, зориулалтын будаг, нойтон сальфитка байхад хангалтай. Гол нь чадварлаг мэргэжилийн хүнээр хийлгэх нь чухал.

-Энэ зуны эсвэл хамгийн сүүлийн байдлаар мода болж байгаа ямар шивээс байна вэ?
-Шивээс дотроо олон янз. Том жижиг, өнгөтэй өнгөгүй гээд хүмүүсийн сонголт ч өөр. Сүүлийн үед манайхан 3D шивээс ихээр хийлгэж байна. Охидууд бол том биш жижигхэн тэгсэн хэрнээ донжтой шивээс хийлгэнэ, эрчүүд бол илүү том хэмжээгээр  луу, бар, эсвэл таван хүчтэн гэх мэт ажиллагаа шаардсан өнгөт шивээс хийлгэх нь давамгайлдаг.

-3D кино, зурагт гэж сонсоноос биш 3D шивээс гэж сонсоогүй юм байна. Манай уншигчдад сонин байгаа байх?
-Аливаа шивүүлж байгаа зүйлийг нь сүүдэртүүлж шивсэнээр зургийг нь гурван хэмжээст зураг болгож, харахад бодитой юм шиг дүрслэлийг 3D шивээс гаргадаг онцлогтой.

-Ихээхэн хугацаа хийгээд, хөдөлмөр шаардсан ямар шивээсэн хийж байсан бэ?
-Таван хүчтэн гэдэг амьтадыг нуруу цээжин дээр нь битүү, нилээд томоор шивсэн маань хамгийн хөдөлмөр шаардсан. Энэ шивээсийг арван дөрөв хоног хийж байлаа.

-Зүүгэр дамжин элдэв цусны өвчин, ДОХ гэх өвчин дамжих магадлалтай гэж ярьдаг. Шивээс хийлгэж байгаа тохиолдолд юуг анхаарах ёстой байдаг юм бэ?
-Хийлгэж байх үед элдэв цусны өвчин халдах магадлал байдаг. Одоо юм хөгжөөд нэг удаагийн зүү болон бээлийн ашигладаг учираас аюул багатай болж байна. Намайг анх шивээс хийж сурч байхад юун тэр нэг удаагийн зүү. Нэг зүүтэй түүнийгээ галд халааж байгаад л хийдэг байсан. Өвчин авах магадлалтай хэдий ч ДОХ-ын халдвар авах аюул байхгүй гэдэг юм билээ. Яагаад гэвэл энэ өвчний вирус битүүмжлэгдсэн орчинд амьдрах чадвартай гэнэ. Шивээсний зүү нь эмнэлэгт хэрэглэдэг тариурын зүү шиг голдоо нүхтэй хөндий зүү биш. Тийм болохоор вирус дамжих боломжгүй. Агаарт гараад шууд амьдарч чадахгүй үхэждэг байна.

Г. Лхагваа

0 Сэтгэгдэл
аймар юмаа яаж хийлгэнэ маргааш ккккк
shaaaaaa zail
shaaaaaa zail
shaaaaaa zail
shiwees hiihed her uwddin bol
хаана байдгийн бол, энэ салон нь?
Хамгийн их уншсан