Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тайлбартай төр


Н.БАТ


Манай төр их сайн ажиллаж байгаа гэдгээ батлах гэж хичээдэг болж. Учир нь сайн ажиллаж байхад нь хэвлэлийнхэн элдвээр бичээд байгаад гомдоллон элдэв мэдээ бүрийн араас заавал тайлбар хийхгүй бол тайван амгалан унтаж чадахгүй болсон бололтой. Эсвэл хэдэн даргаа Засгийн газрын тэргүүн энэ ч мэдээндээ тайлбар хий, тэр ч мэдээг хар гээд загнаад байдаг юм болов уу. Гол нь мэдээллийнхээ эхэнд “бид бол нээлттэй ил тод байгаа. Бараг л манай өрөөгөөр орж ирээд тэр мэдээгээ, тодруулгаа ав” гэх. Харамсалтай нь, яг цагаа тулахаар мань дарга нар олдохгүй. Хэвлэлийн хэдэн ажилтан мөр хавчаад даргаас асуу гэх...

Өнгөрсөн долоо хоногт төрийн хэд хэдэн албан хаагч хэвлэлээр гарсан мэдээний араас тайлбар өгснийг уншигч та анзаарсан байх.

Жишээ нь, Сангийн яамныхан төсвийн тодотгол хэлэлцээд УИХ-д шүүсээ шахуулж байхад манай сайдыг улсын мөнгөөр хувийн машиндаа шатахуун хийсэн гэж хэвлэлийнхэн бичсэн нь асуудалд их сөргөөр нөлөөлж байна хэмээн гомдоллосон.

Тэдний хэлснээр Сангийн яам ганц старикс машинтай гэнэ. Гэтэл сайд нь ажлаар хөдөө явах гээд ямар старикст суулгаад явуулалтай биш. Тэгээд сайдаасаа гуйж. Та өөрийнхөө машинаар явчих, бид бензинийг нь хийгээд өгье гэж. Ингээд Чойжилсүрэн сайд ч зөвшөөрөөд өөрийнхөө хар жипэнд бензин хийлгэж аваад ажлаар хөдөө яваад л ирж. Нэг хоёрхон удаа л явсан гэнэ дээ. Сангийн яамныхан бол сайдынхаа аюулгүй байдлыг хангах үүднээс ашиглалтын шаардлага хангахгүй, засвар үйлчилгээтэй старикст суулгаагүй гэж байсан юм. Арга ч үгүй байлгүй дээ. Хөдөөд байтугай хотод хар жипэндээ тухладаг сайд нарыг гэнэт старикст суулгавал “ойччихно”. Харамсалтай төсвийг захиран зарцуулагч ганц яам маань ашиглалтын шаардлага хангахгүй ганц старикстай байдаг нь харамсмаар...

Ийн тайлбар тавьсан Сангийн яамныхныг хэвлэлийнхэн маань “өрөвдөөд”... Дараагийн удаад онгорхой хаалгаар заавал шагайж байхаар болов. Гэхдээ хэвлэлийн хуралд ирсэн хэдийг цаг нь болоогүй гээд үүдэндээ хашиж байгаад бөөндөж оруулсныг нь бодохоор дараа ирэхэд хаалгаа онгойлгоод угтах нь нэг л эргэлзээтэй л дээ.

Харин Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор төрийнхөө төлөө ажиллаж явна гэж бодсон чинь гэнэт “хулгайч” нарын эгнээнд орчихсон гэдгээ дуулаад ихэд цочирдож, хэвлэлийн хэдэд гомдсон гэсэн.  Эр хонгор дуутай дарга Эрдэнэтийн даргын хангамжийг хайр гамгүй хассан ч сард 25 сая төгрөгийн цалин өгөхийг хүлээн зөвшөөрсөн гэдгээ хэлж, уг нь төрийн төлөө их зүйл хийлээ гэж бодсон чинь та нар... хэмээн гомдлын үг чулуудсан.  Гол нь хэвлэлийнхэн Эрдэнэтийн Х.Бадамсүрэн даргын болоод түүний орлогч нарын цалин пүнлүүнд л анхаарал хандуулаад Ц.Ням-Осор даргын хэмнэсэн их мөнгийг хараагүйд тэр бухимдаж, би та бүхнийг хэзээ ч ирсэн мэдээлэл өгөхөд бэлэн. Гэтэл намайг... хэмээн баахан ярьсан ч өөрийнхөө үгийг дуусгаад л өрөөлийн үгийг сонсохыг хүссэн ч үгүй.  Өөрийнхөө үгийг бол харин ч нэг хэлэхийг хүсч байлаа.

Ер нь төрд ажиллаж буй хэдэн дарга нар маань гадаадаас ч тайлбар хийх дуртай болж. С.Баяр сайд хүртэл АНУ-д буй гэх долоон байрны асуудлаар тайлбарлаж, өөрийн хувийн амьдрал хийгээд охидынхоо бизнесийн талаар “илэн далангүй” монголчууддаа хэлсэн. Тэрээр “Баяр гээд хайхаар манай охины бизнес хийдэг, худалдаж аваад эргэн борлуулдаг 7 байрны мэдээлэл гарсан бололтой юм.

Би охиноосоо энэ талаар 2015 онд асуухад “7 биш ээ, тоо нь аль хэдийнэ 10 гараад явчихсан. Би энэ бизнесийг 2003 оноос хийсэн. Нийт худалдаж авч борлуулсан байр 10 гаруй бий” гэж хэлсэн. Охин маань үл хөдлөхийн бизнесийг ээжтэйгээ, тэнд байгаа дүүтэйгээ 2003 оноос хийж эхэлсэн. Одоо ч хийж байгаа”  хэмээн тайлбарласан билээ.

Ийн тайлбар үргэлжлэнэ. Харин хэвлэлийнхэн маань хардах эрхээ эдлээд хардаад л байвал манай дарга нь тайлбарлаад л ...

Уншигчид маань мэдээллийг аль аль талаас нь хүлээж авч тунгаах эрхээ эдлээд л...

Одоо Сангийн яамны мэдээллийн араас  тэднийг “эвгүй” байдалд оруулсан мань Үндэсний Аудитын нөхдүүд тайлбар хийх хэрэгтэй.

Ц.Ням-Осор даргын мэдээллийн араас долоон орлогч авсан хэмээн хардагдаж, 25 сая төгрөгийн цалин авах болсон Х.Бадамсүрэн дарга тайлбар хийнэ гээд “Тайлбартай төр”-ийн ажил үргэлжилнэ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан