Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Даваасүрэн: Монголын төсөвтэй тэнцэх хэмжээний баялгийг зөөгөөд татварт 5 хувийн ачаа үүрдэг компани байна


Н.БАТ


“УИХ дахь Оффшорын эсрэг лобби бүлэг”-ийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Учрал, М.Оюунчимэг, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, А.Сүхбат, М.Билэгт нар байгуулснаа сэтгүүлчдэд өнөөдөр албан ёсоор зарлав.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Оффшорын эсрэг тэмцлээ үр дүнд хүргэхийн тулд албан ёсооор УИХ-д түр хороо байгуулах тогтоолоо өргөн барина. Оффшорын эсрэг тэмцэл гэдэг нам харгалзалгүй бүх нийтийнх байх ёстой. Хамгийн гол нь үүнд чиглэсэн хууль байх хэрэгтэй. Тиймээс хуулийг маш сайн гаргахын тулд хууль эрхзүйн салбарынхан болоод УИХ-ын нэр бүхий гишүүд олон удаа хэлэлцээд эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлээд байна.

Оффшор данс эзэмшигчдийн эцэг эх ах дүү хамаатан саданг хуулийн хамааралд оруулж, улстөрчид өөрийн болон хамааралтай хүмүүсийн нэр дээр данс эзэмшихийг хориглож байгаа. Хэрвээ ийм данстай бол гурван сарын дотор мэдүүлж байж, сонгуульд өрсөлдөх боломж нь нээгдэнэ. Оффшор бүст дэлхийн улс орнуудаас 21-32 их наяд ам.долларын хөрөнгө бий гэсэн мэдээлэл байгаа ч Монгол Улсаас яг хэдий хэмжээний мөнгө байгаа нь одоогоор тодорхойгүй. Үүнийг тодруулахын тулд бид ажиллана. Гадаад дотоодынхоо хуулийн байгууллагатай хамтран ажиллах болно” хэмээн яриад үүний эсрэг тэмцэж буй иргэд, олон нийтийн хөдөлгөөнийг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Өнөөдөр гадагш гарч байгаа байгалийн баялгийн мөнгөө Монголдоо оруулдаг бол бид эдийнзасгийн хямралд автахгүй байлаа. Оюутолгой, Тамсагийн мөнгө Монголд орж ирдэггүй. Тиймээс цаашид УИХ-д албан ёсны түр хороо байгуулсны дараа үе шаттай арга хэмжээ авна. Байгалийн баялгаа  гадныханд худалдаж, олсон мөнгөө оффшорт нуучихсан хүмүүсийг бид зүгээр л хараад сууж болохгүй гэсэн үүднээс ийн нэгдэж цаашид түр хороо байгуулж ажиллахаар боллоо. Цаашид Монголын байгалийн баялгийн мөнгө Монголын татварын дансаар дамждаг болно. Өнөөдөр зөвхөн нэг компани гэхэд Монголын төсөвтэй тэнцэхүйц байгалийн баялгийг гадагш авч явж байна. Гэтэл татварт 5 хувийн л ачаа үүрдэг. Ийм шударга бус байж болохгүй. Юун түрүүнд ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд хөрөнгө оруулалтын гэрээний үр ашгийг сайжруулах заалтууд оруулах тухай Засгийн газарт тавьж ажиллана гэж бодож байна. Тэгж байж байгалийн баялгийн үр ашгийг улс орныхоо хөгжил наалдуулж чадна” хэмээн ярьсан юм. Ямартай ч УИХ-ын эрхэм гишүүд маань иргэдтэйгээ хамт оффшорчдын эсрэг тэмцэж, тэдний оффшор бүст нуусан хөрөнгийг Монголд оруулж ирэхийн төлөө хүчийг гаргах ажиллахаа мэдэгдэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан