Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗХЖШ: Тэд энхийг дэмжих ажиллагаанд оролцож байсан туршлагатай дайчид


2017 оны дөрөвөдүгээр сарын 11-ний өдөр Тавантолгойн цэргийн хээрийн сургуулилтын төвд гранат дэлбэрч, цэргийн хоёр албан хаагч нас барж, 8 хүн гэмтсэн осол гарсан. Ослын талаар ЗХЖШ-ын орлогч дарга хошууч генерал Ж.Бадамбазар, ажиллагааны удирдлагын орлогч хурандаа С.Дашзэвэг, Цэргийн төв эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Т.Сүхбаатар нар мэдээлэл хийлээ.

 ЗХЖШ-ын орлогч дарга хошууч генерал Ж.Бадамбазар :
Өчигдөр 17.40 цаг орчим Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төв Төв аймгийн Алтанбулаг сумын Очиртолгой орчим Зэвсэгт хүчний 350 дугаар анги сургалт бэлтгэлийнхээ төлөвлөгөөний дагуу байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль хийж байх явцад байлдааны гар гранат дэсэрч, хоёр цэргийн албан хаагч амь эрсдсэн осол гарсан. Албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн ахмад Б.Мөнгөншагай, ахлагч Б.Ариунболд нарын ар гэр төрөл төрөгсдөд зэвсэгт хүчнийхээ нийт бүрэлдэхүүний өмнөөс эмгэнэл илэрхийлье.

Зэвсэгт хүчний хэмжээнд хавар намартаа төлөвлөгөөний дагуу хийдэг сургалтын хээрийн бэлтгэл дадлагын үед энэ осол болсон юм. ЗХЖШ-аас яаралтай хоёр ажлын хэсэг томилон ажиллаж байна. Шархадсан найман цэргийн албан хаагчийг Цэргийн нэгдсэн төв эмнэлэгт яаралтай татан ирүүлж, хоёр цэргийн албан хаагчид яаралтай хагалгаа хийгээд эрчим эмчилгээнд шилжүүлсэн. Биеийн байдал тогтвортой байгаа.

Амь эрсэдсэн ахмад Б.Мөнгөншагай нь 1987 онд төрсөн эхнэр хүүгийн хамт амьдардаг. Батлан хамгаалах их сургуулийн зэвсгийн албаны офицер мэргэжлээр төгссөн. Афганистан, Өмнөд Суданд энхийг дэмжих ажиллагаанд оролцож байсан.

Ахлагч Б.Ариунболд нь 1993 онд төрсөн. Эхнэр хүүгийн хамт амьдардаг. 2012 онд мэргэжлийн ахлагчаар бэлтгэгдэж төгсөөд 350 дугаар ангид албан хааж байсан. Өмнөд Судан улсад энхийг дэмжих ажиллагаанд оролцож байсан.
Шархадсан цэргийн албан хаагч нар нь 22-28 насны мэргэжлийн ахлагчаар бэлтгэгдсэн, энхийг дэмжих ажиллагаанд оролцож байсан туршлагатай албан хаагчид байгаа.

Хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлүүдээр тухайн ангийг марш тактикийн тэмцээний бэлтгэлээ хийж байсан хэмээн ташаа мэдээлэл тарааж байна.Энэ бол төлөвлөгөөт бэлтгэл сургуулилт байсан гэдгийг хэлье. Мөн сургуулилалтын үеийн журамдаа байлдааны үеийн зэвсэг хэрэглэнэ гэж заасан байдаг.

Шархадсан албан хаагчдын маань ар гэрийнхэн зарим нь хөдөө орон нутгаас ирж байгаа. Тэдэнд ЗХЖШ-аас тодорхой хэмжээний тусламж үзүүлж байна.
Ослын шалтгааныг тогтоохоор Төв аймгийн цагдаагийн бүрэлдэхүүн ажиллаж байна. Хэргийн газрыг цагдаагийнхан хамгаалалтад авч шалгадаг. Манайхаас хэнийг ч оролцуулдаггүй учраас гранат яагаад дэлбэрснийг одоогоор бид мэдэх боломжгүй байна. Зарим цэргийн албан хаагчдаас мэдүүлэг авсан байгаа.

Цэргийн төв эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Т.Сүхбаатар:


Осол болсон даруйд Тавантолгойд байрлаж байсан 350 болон 311 дүгээр ангийн эмнэлгийн бие бүрэлдэхүүн ослын газарт анхан шатны тусламж үзүүлсэн. Нас барсан албан хаагчийн хувьд хүнд гэмтэлтэй амь насыг нь аврах боломжгүй байсан. Осол гарсан даруйд эмнэлгийн хоёр шуурхай бүрэлдэхүүн ажиллаж, шархдагсдыг татан авсан.

Хоёр цэргийн албан хаагч тэр дороо  хагалгаанд орсон. Тэсрэлтийн улмаас гранатын хэсгүүд гарын сарвуу болон доод мөчний хэсгээр зөөлөн эдэд нэвчиж орсон байдалтай байсан. Хагалгаанд орсон албан хаагчдын биеийн байдал одоо хэвийн байдалтай байгаа, ухаан санаа саруул, зүрх судасны үйл ажиллагаа тогтвортой байгаа хэмээн мэдээлэл хийлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан