Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сонгинохайрханчууд дүүргийнхээ албан хаагчдыг авлига авдаг гэж дүгнэжээ


Улаанбаатар хотын 9 дүүргийн өрсөлдөх чадварыг амьдралын чанар, амьдрах орчин, аюулгүй байдал, засаглал, эдийн засаг гэсэн үндсэн 5 бүлэг 150 шалгуур үзүүлэлтээр тодорхойлсон байна.

Өдгөө Улаанбаатар хот нь 1345500 хүн амтай, 9 дүүрэгтэй.  Дүүргүүдийн өрсөлдөх чадварын индекст олон үзүүлэлтээр Баянгол дүүрэг тэргүүлжээ.  Харин Багахангай, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүд олон үзүүлэлтэд сүүл мушгисан харагдав. Баянгол дүүргийн хувьд нийт өрхийнх нь 78,4 хувь нь орон сууцанд амьдардаг, орон гэргүй өрхийн нийт өрхөд эзлэх хувь нь 0,01, нийслэлийн нийт аж ахуйн нэгжийн 20 хувь нь энд байдаг бөгөөд  санал асуудал иргэд нь ирээдүйдээ итгэлтэй, гэрэлтүүлэг сайтай, хорооны үйл ажиллагааны хүнд суртал бага гэх зэргээр дүүрэгтээ сэтгэл хангалуун явдгаа илэрхийлсэн гэнэ.

Харин залуусын гэмт хэрэгт холбогдох байдал, төсвийн эрх мэдлийн төвлөрөл, эмнэлгийн ачаалал, нийтийн тээврийн үйлчилгээний маршрут, цагийн хуваарь, гэмт хэргийн улмаар хохирсон иргэн, агаарын бохирдол зэрэг үзүүлэлтээр 9 дүүргийнхээ хамгийн сүүлд орсон байна. Судалгаанаас харвал хамгийн өөдрөг хүмүүс амьдардаг дүүрэг бол Багахангай бололтой. Хотын төвөөсөө алслагдсан ч гэлээ 9 дүүргээ амьжиргааны түвшний  өсөлт, ажилгүйдлийн төвшин, төсвийн эрх мэдэл, хууль ёс зэрэг үзүүлэлтэд иргэд нь тэргүүлэх санал өгснөөр манлайлсан аж.

Үүнээс гадна хүн амынх нь 72.15 хувь нь эмнэлгийн урдчилан сэргийлэх үзлэгт жилд нэг удаа хамрагддаг байна. Энэ үзүүлэлтээр тэргүүлэхийн хэрээр халдварт өвчний тархалт багатай байгаа юм. Тэгэхээр их өөдрөг хүмүүс юм хэмээн өөрийн эрхгүй харагдаж байгаа биз. Гэхдээ иргэд  ЕБС-ийн багш нарын ур чадварт, үйлчилгээний төвийн хүртээмжинд, цахилгаан эрчим хүчний хангамжинд, интернэтийн хэрэглээнд сэтгэл дундуур байдгаа илэрхийлсэн бөгөөд  төсвийн орлогын эзлэх хувиар хамгийн бага байна.

Хүн ам, өрхийн тоогоор тэргүүлэгч Баянзүрх дүүргийн хувьд тун цөөн үзүүлэлтээр тэргүүлсэн ч олон үзүүлэлтээр 9-д яваа юм.
Эмнэлгийн ачаалал, халдварт өвчний тархалт, ЕБС-ийн сургалтын орчин,  чанар, хаягжилт, гэмт хэргийн илрүүлэлт, аюулгүй байдлын шаардлага хангаагүй объект, ил задгай хог, дүүргийн үйл ажиллагааны хүнд суртал, үнийн өсөлт зэргээр 9 дүүргийнхээ “тэргүүнд” яваа нь судалгаагаар тодорхой харагдаж  байв.
Өөр нэг сонирхолтой дүн мэдээ гэвэл дүүргийн албан хаагчдын авлигад өртөх байдал гэх шалгуурт Сонгинохайрханчууд “тэргүүлжээ”. Өөрөөр хэлбэл Сонгинохайрхан дүүргийн иргэд дүүргийнхээ албан хаагчдыг авлига авдаг гэж үзсэн байна.

Мөн аюулгүй орчин, гэрэлтүүлэг, агаарын бохирдол, цэвэр орчин, халуун ус, замын чанар, сургууль цэцэрлэгийн хүрэлцээ, зам тээврийн гэмт хэргийн бууралт зэрэг үзүүлэлтэд хамгийн муу дүн авч, 9 дүүргийнхээ адагт орсон аж.
 Тэгвэл тэргүүлсэн үзүүлэлт байна уу хэмээн сонирхож үзвэл гудамжиндаа ил задгай хог хаядаггүй, машинаас татгалздаг, гэр бүлийн цуцлалт бага гэсэн гурван үзүүлэлтэнд номер нэгт байгаа юм.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс / ЭЗБӨЧСТ/  анх удаа гаргаж байгаа Улаанбаатар хотын дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайланд ийн дүүргүүдийн өрсөлдөх чадварыг 150 шалгуур үзүүлэлтээр жагсаажээ. “Энэхүү тайлан нь шийдвэр гаргагчид , бизнес эрхлэгчид, судлаачид, оюутнууд болон иргэдэд олон нийт, ард иргэдийн төлөөх эерэг өөрчлөлтийг бий болгоход тус дэм болно хэмээн үзэж байна” гэж судалгааг хийхэд ЭЗБӨЧСТ-д туслалцаа үзүүлсэн Монгол дахь Азийн сангийн суурин төлөөлөгч Мелони Линдберг хэлсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан