Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Морин хуурын чуулгын төрсөн өдөр нижгэр болжээ


А.АКЭРКЭ


Тэртээ 1993 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Морин хуурын чуулга анхныхаа тоглолтыг ард түмэндээ хүргэж байсан түүхтэй. Түүнээс хойш Монголын төдийгүй дэлхийн урлагийн тайзнаа шинэ өнгө, хэв маяг, дуугаралтыг бий болгосон билээ. Ц.Батчулуун багш бүх шавь нараараа уран бүтээлчдээ бүрдүүлж Морин хуурын чуулгаа байгуулж байсан нь өдгөө дэлхий дахинаа Монголын нэрийн хуудас болоод байна.

Тэгвэл энэ жил Морин хуурын чуулгын 25 жилийн ой тохиож буй. Ойн нээлтийн тоглолтоо танхим дүүрэн үзэгчдийн халуун алга ташилт дунд “NOVEL MELODY” концертоор нээв. Тоглолтод Морин хуурын чуулгатай 25 жилийн турш хамт байсан гадаад дотоодын үнэнч үзэгчид, найз нөхөд, хамтрагч, дэмжигчид нь хүрэлцэн иржээ.

Тоглолтыг нээж Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Н.Жанцанноров үг хэлж ирсэн зочдод сонирхолтой түүх ярьж өгсөн байна. Тэрээр “1992 он бол МУ-ын үндсэн хуулиа баталсан 01-р сарын 13-ныг та бүхэн санаж байгаа, тэр жил бол МУ-ын XX-р зууны түүхэнд хамгийн хүнд жилүүдийн нэг байсан. Тэр үед бид гартаа таван төгрөгтэй ч гэсэн авах бараагүй хомстсон картын бараанд шилжсэн жил байсан. Ийм жил манай Морин хуурын чуулга 07-р сарын 09-нд байгуулагдаж байсан. МУ-ын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай өөрийн дурсамжид бичсэн байдаг.

МУАЖ Г.Жамъян, МУГЖ н.Цэрэндорж, МУАЖ Ц.Батчулуун нар орж ирж Морин хуурын чуулга байгуулах тухай санал надад тавилаа. Бараг өглөө босоод юу идэх билээ гэж бодож байгаа энэ цагт би Морин хуурын чуулга байгуулъя гэж хэлэх үнэхээр хэцүү байсан ч гэсэн соёлын энэ том зүйлийн талаар бодож байгааг нь бодож би зүтгэе ээ гэж хэлсэн тэгээд хуучнаар сайд нарын зөвлөлийнхөнтэйгөө зөвлөж шийдвэр гаргуулсандаа би одоо их сэтгэл хангалуун байдаг гэж Очирбат гуай ярьж байсан. Тэр үгийг хэлж байсан МУ-ын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай энд ирсэн байна танд баяр хүргэе” хэмээн ирсэн зочдын сэтгэлийн хөдөлгөжээ.

Концерт хоёр хэсэгтэй байсан бөгөөд эхний хэсэгт Морин хуурын чуулгын морин хуурч, концертмейстр, СТА Н.Жигжиддорж орчин цагийн хөгжмийн зохиолчдын шилмэл бүтээлүүдээс удирдан, үзэгчдийн хүртээл болгосон байна. Мөн завсарлагааны үеэр Филармонийн 2 давхрын танхимд гаргасан Морин хуурын чуулгын 25 жилийн ойд зориулсан зургийн үзэсгэлэн ирсэн зочдын сонирхлыг ихэд татжээ. Харин концертын 2 дугаар хэсгийг Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач СТА Д.Түвшинсайхан удирдсан бол зочин уран бүтээлчээр оролцсон жазз дуучин А.Оюундарь, төгөлдөр хуурч Э.Доржсүрэн нар өөрсдийн уран бүтээлээс толилуулжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан