Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орон нутгийн сэтгүүлчид Дорнод аймагт чуулав

   
 МСНЭ-ийн Дорнод салбараас санаачилж, аймгийн ЗДТгазартай хамтран зохион байгуулсан “Нээлттэй засаглал ба хэвлэл мэдээлэл” орон нутгийн сэтгүүлчдийн уулзалтад  аймгийн болон МСНЭ, мэргэжлийн холбоо, нийгэмлэгийн удирдлага, Хэвлэлийн хүрээлэн, МУБИС-ийн багш нар, 21 аймгийг төлөөлсөн 90 гаруй төлөөлөгчид оролцлоо.

Өнөөдөр сэтгүүл зүй сошиалмедиатай хурдаараа өрсөлдөх боломжгүй ч мэргэжлийн үүднээс мэдээлэл хүргэх чадамжаараа давуу байна.Тийм учраас сонгодог хүмүүс, манай ахмад үеийнхэн сэтгүүлчийн хөдөлмөрийг уурхайчдын дараа оруулж бичиж, ярьж ирсэн нь тохиолдлын хэрэг биш юм. Сэтгүүлчийн ур чадварыг танхимаас зөвхөн нэг хувийг л авах боломжтой. Харин үлдсэн 99 хувийг өөрөө судалж, өөрөө эрэн сурвалжлаж, өөрөө мэдэж, өөрөө хариуцаж, өөрөө ёс зүйтэй, өөрөө шуурхай байж л олж авах учиртай.

Нийгмийн дуу хоолой болсон сэтгүүлчид Хэвлэлийн эрх чөлөө ба мэдээллийн ил тод байдал, Төрийн мэдээллийн ил тод байдлыг хангахад хэвлэл мэдээллийн чиг үүрэг, Монголын сэтгүүл зүйн хөгжил, цаашдын чиг хандлага, тулгамдсан асуудлууд, Иргэдийг мэдээллээр хангахад сэтгүүлчдийн үүрэг, ёс зүйн анхаарах асуудал, Төрийн байгууллага Засаг захиргааны зүгээс хэвлэл мэдээлэлтэй хамтран ажиллахад тулгарч буй асуудлаар мэргэжлийн хүмүүсийн илтгэл мэдээллийг сонсож, хэлэлцүүлэг  явуулав.

Уулзалтад аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн хэлэхдээ: Цаг үргэлжид үнэний дуу хоолой байхаас гадна олон нийтийг соён гэгээрүүлэх үндсэн үүрэгтэй. Тиймээс ч төр засаг, орон нутгийн бодлого шийдвэрийг иргэдэд үнэн зөв бодитоор хүргэх чиглэлээр аймгийн ЗДТГ-ын Олон нийттэй харилцах албаараа дамжуулан хэвлэл мэдээлэлтэй хамтран ажиллаж байгаагаа дурьдав. Мөн бусад аймгуудтай харьцуулахад хэвлэл мэдээллийн хэрэгсэл нэлээдгүй олонтойг онцлоод, тэртээх 1945 оны Чөлөөлөх дайны үед анхны дугаараа гаргаж байсан Дөл сонин, орон нутгийн анхны хувийн телевиз Шинэ суваг, Дорнод сонин, ТВ-6, Мижи, Дорнод телевиз, PBS, D1 телевизийн суваг, Талын анир, Дорнод зон сэтгүүл, богино долгионы радио фм Авто радио-102,7, Цахим сайт 4, телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч Хэрлэн, Цацраг, Airmedia зэрэг 3 кабелийн телевиз байгааг тэрээр  тэмдэглэв.

Уулзалтын үеэр, газар газрын хэвлэлийнхэн хоорондоо танилцаж, ажлын арга барил, амьдралын жаргал, зовлонгоо хуваалцаж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын ажил төрлийг газар дээр нь биечлэн үзэж, тал нутгийн сэтгүүлчдийн уран бүтээлийн болон  Гэрэл зургийн Хас студиэс эрхлэн гаргасан гэрэл зургийн үзэсгэлэн зэргийг сонирхов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан