Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Зоригийн үйл хэрэг, Ардчилсан хувьсгал ялаагүй бол .....

- С.Зориг амьд сэрүүн байсан бол өнөөдөр 55 нас хүрэх байж -
Өглөө ажилдаа ирж явахын зуур С.Зориг агсны хөшөөний дэргэдүүр өнгөрч явтал хэн нэгэн чанга чангаар ярихыг эргэн харвал  том хар жипний дэргэд нэгэн залуу утсаар ярьж байсан юмсанж. Гарцаар гарахаар хүлээн зогсоход  гудамжаар ёстой л энэ дэлхийн улс бүрийн бүх брэндийн  түмэн машин давхилдаж байна аа.

Үүнээс үүдээд 1980-аад онд европын улс орнуудад өөрчлөлт шинэчлэл эхлээгүй бол, С.Зориг тэргүүтэй шинэлэг сэтгэлгээтэй залуус энэ шинэчлэлийг соргогоор тусган авч эх орондоо үүсгэл санаачилга гаргаагүй бол, ардчилсан хувьсгал ялаагүй бол  амьдрал ямар байх байсан бол гэсэн бодол толгойд орж ирэх нь тэр.

Өөрсдийгөө магтан мандуулж, өрөөлөөр үргэлж муу хэлүүлж байдаг эрх баригчдын төрийн толгойд ээлж халаагүй занхайж суух, харь холын улс оронд орд харш барьж, оффшор данс нээж байх “эрх чөлөө” чинь мөн л  ардчилсан хувьсгалаар олдсон биш үү.
Улс ард түмнээ гэж бодохоо больсон, өөрсдийгөө тэнгэрээс төрсөн мэтээр сэтгэж явдаг эрх баригчдаар л жишээлэхэд М.Энхболд, Ц.Нямдорж нар хэн байх байсан бол.

М.Энхболд нийслэлийн АДХГЗ-нд дарга нараараа загнуулан алаг нүд нь эргэлдсэн нэг  хэлтсийн дарга, Ц.Нямдорж Хуульзүйн яаманд хэлтсийн дарга төдийг хашсаар тэтгэвэртээ гараад даавуун тор барьчихсан дэлгүүрийн оочерт зогсдог өвгөн л байх байж. Түүнд дарга нарын ордог мэргэжилтний 20, аравдугаар дэлгүүрээр шагайх ч эрх байхгүй байх байсан даа. Б.Бат-Эрдэнэ, Д.Сумъяабазар нар  гэхэд улсын наадамд түрүүлчихдэг нэг л сайхан бөх, наадмаар л олонд харагдаад өнгөрдөг, аль нэг спорт хорооны дасгалжуулагч.

С.Баяр сайн эцгийн буянаар сайхан сургууль төгссөн ч гэсэн 9-р ангидаа хүн хутгалж байсан хэрэг нь мартагдахгүй, ёстой сайн хүний нэрийг гурав нугалдаг болохоор л Гадаад яам хавьцаа нэг түшмэл  л байх болов уу.

Нийслэлийн Засаг дарга Су.Батболд бол зундаа морь уячихдаг, сумын АДХГЗ-ны нэг мэргэжилтэн. Дээл хүлхэлзүүлээд л сумын конторт хомоол үнэртүүлсэн нэг барлаг, мэдэх ч юм байхгүй дарга нартаа зэмлүүлээд тайлан мэдээ гаргаад сууж байх биз.

За УИХ-д өнөөдөр толгой дээгүүр суугаа, нэр үл мэдэх жулдрайнууд бол мэргэжил мэргэжлээрээ нэг байгууллагад, дарга, ахмадуудаараа зэмлүүлсэн мэргэжилтэн, нягтлан, сурвалжлагч, мастер л байх биз ээ. Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг нар бол хэдэн энхрий хайрт намаа магтсан шүлгээ хэвлүүлэх гэж Хэвлэлийн нэгдсэн редакци хавиар эргэлдсэн шүлэгчид төдий, сайндаа л  “Хөдөлмөр” сонины сурвалжлагч.

Карьер хөөе, дарга даамал болъё хэмээн МАН-д элсч залуу коммунист гэгдэх ч сэхээтэн гаралтай, тэгээд залуусыг хэн олж харж, олж харсан ч тоож дэвшүүлэх билээ.

Ийм хүмүүст юун улсын мөнгө завших, орд харш барих, оффшор данс нээх бүү хэл, гадаадад ч, өнөө  ЗХУ, социалист орнуудад явах ч завшаан олдохгүй насыг барна.

Хувийн өмч, амины машинтай болбол,  тэр цагийн зуслангийн байшингаас өөр загвараар юм барьчихвал цагдаагийнхан хаанаас яаж олсон юм гээд шалгаж асуугаад, өөрт илүүдсэнээ хүнд зарчихвал дамын наймаачин гээд амар заяа үзүүлэхгүй, ажилдаа амжилт гаргаад юм уу, хүүхдийнхээ урилгаар гадаадад жуулчилбал тагнуул туршуул гээд аюулаас хамгаалахынхан дагаад, хөдөөгийнхөн амины хэд гурван малаа өсгөөд тогтоосон тооноос нь давуулчихвал мал дарсан гэж шоронд хийгээд л байх байсан даа.

ЗХУ, социалист орнуудаас өөр энэ дэлхий дээр улс гүрэн байдгийг мэдэхгүй, УАЗ-469-өөс өөр машин байдгийг дуулаагүй, утасгүй телефон гэхээр итгэхгүй,  телевизийн олон сувгийн тухай ямар ч ойлголт байхгүй гайхсаар ёстой “Хуучин хүү” л байх байж дээ.

Болж бүтэхгүй зүйл, дарга нарын тухай тааруухан үг хэлбэл эсэргүү, ам цуурсан гээд шоронд орчихно.

Чухамдаа энэ хувийн өмч, тансаг машин,  харш хаустай болох, хаа дуртай газраасаа гар утсаар ярих, хэн хүнд хэлэх гэснээ чөлөөтэй хэлчих эрх чөлөөг энэ л С.Зориг гэдэг хүний эхийг нь тавьж өгсөн Ардчилсан хувьсгал авчирсан биш үү.

Ардчилсан хувьсгалын удирдагч Санжаасүрэнгийн Зориг агсан амьд сэрүүн байсан бол 55 насыг зооглох байж.

Түүний эр зориг, оюун ухаанаар эх сууриа тавьсан ардчилсан хувьсгалын буяныг эдэлж яваа эрх баригчид хийгээд бид энэ өдрийг хэрхэн угтаж байна вэ.
Бүтэн 19 жил өнгөрсний дараа сүр дуулиан болсон шүүх хурал хийгээд шоронд хоригдож байсан нэг хүний амаар хоёр хүнийг улс төрийн энэ зүтгэлтний амийг хөнөөсөн хэргээр таслан шийтгэчихлээ. “Захиалгат аллага” гээд яллах дүгнэлт, шүүхийн тогтоол дурдаад байгаа ч хэн захиалсныг огт авч үзэлгүй ялын тогтоол уншчихлаа. Ядахад “С.Зоригийг ал” гэж хэн захиалсан юм гээд яллагдагчдаас ч асуусангүй.
 
Түүний төрсөн өдөр болж байгаа болохоор дүү нар нь, Ардчилсан хүчнийхэн хөшөөнд нь цэцэг өргөнө, үзэсгэлэн гаргана.

Харин эрх баригчид, түүний эхлүүлсэн ардчилсан хувьсгалын ач буяныг хүртэж үүгээрээ омгорхон яваа энэ дарга даамлуудаас хэн нь ч очихгүй. Тэд дахиад хэлэхэд ардчилсан хувьсгалын, С.Зоригийн үйл хэргийн ач буянаар өнөөдөр ард түмнийхээ толгой дээр гарчихаад дураадаа дургиж, тонгочиж байгаа ч “АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ”, “С.ЗОРИГ” гэдэг үгийг  өөрсдөө хэлэх нь бүү хэл, өрөөлийг хэлэхэд сүнсээ зайлтал айдаг улс.

0 Сэтгэгдэл
Зоригийг үгүйсгэх гэсэнгүй. Зүгээр л бичих нь таны эрх. Нэг их сүрхий юм хийцэн улсууд болох гээд ядчих юм. Угаас систем нь задарсан би аль нэг тийшээ явах л байсан асуудал шдээ. Үүнийг нэг их нэр хаягаар нь бичиж марзагнах хэрэггүй л болов уу! Хэлбэр хөөсөн болхи бичлэг байна.
Хамгийн их уншсан