Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Нямдорж: Ерөнхийлөгчид нэр дэвших эсэхээ одоогоор хэлж мэдэхгүй байна

Н.БАТ

УИХ-ын гишүүн, дэд дарга Ц.Нямдорж МАН-ын бүлгийн хурал дээр Засгийн газрыг нэлээн хатуухан шүүмжилж, концессын гэрээгээр хийж байгаа ажилд яаралтай шалгалт хийх тухай ярьсан. Мөн сүүлийн өдрүүдэд түүнийг Хятадын тагнуултай холбоотой хэмээн Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Ж.Баатар олон нийтэд мэдээлсэн зэрэг асуудлаар тэрээр байр сууриа илэрхийллээ.

-Концессын гэрээтэй холбоотой асуудалд Засгийн газрын сайд нар холбогдсон тухай та ярьсан. Чухам яагаад гэнэт концессын асуудал сөхөгдөх болов оо?
-Валютын сантай хийж байгаа хөтөлбөр дунд концесстой холбоотой хэд хэдэн зүйл заалт бий. Нэгдүгээрт, өмнө хийгдэж байсан концессын гэрээнүүд дээр аудит хийх. Хоёрт ойрын хэдэн жил барих шаардлагагүй зүйлд концессийн гэрээ хийхгүй байх. Тиймээс төсвийн тодотгол батлах үед концесстой холбоотой элдэв асуудал гарсан. Би бүлэг дээр “ энэ концесстой холбоотой асуудлаа цэгцэл. Сайд нарын чинь нэр хүртэл холбогдсон байна. Энэ мэдээллээ нээлттэй болго” гэсэн байр суурь илэрхийлсэн. Энэ байр суурин дээрээ  ч байна.
Засгийн газар байгуулагдсанаас хойш би үргэлж хэлж байгаа. Та нар зөвхөн төрийнхөө ажлыг хий. Хувийн ажлаасаа холд. Засгийн газрын төвшинд сайд нарын чинь хувийн компанитай холбоотой ямар ч асуудал гарч болохгүй. Хэрвээ ийм асуудал гарвал АН-аас ялгагдахгүй болно. Ард түмэн та нарт итгэхээ болино гэдэг зүйл яриад байгаа. Миний ярьж байгаа зарчим зарим хүнд таалагдахгүй байх шиг байна. Таалагдах ч албагүй. Төрийн ажил л зогсолтгүй явах ёстой.  Заавал концессын гэрээ байгуулах шаардлагатай бол Засгаас хол мөрөөрөө хувийн бизнес эрхлэж байгаа хүмүүст нь өг. Ийм л зүйл яригдаад байгаа. Хэрвээ сонин хэвлэл дээр яригдаад байгаа зүйл үнэн бол туйлын зохисгүй. Бүлэг дээрээс нэг ажлын хэсэг байгуулагдсан. Тэр шалгалтын дүнг харна.

-Та яагаад энэ асуудал илүү ач холбогдол өгөөд байна вэ. Эрчим хүчний шугамыг бол улсын төсвөөр барьж өгөх ёстой гэж байдаг гэх юм билээ?
-Би яагаад энэ концессоос болгоомжлоод байна вэ гэхээр нөгөө л ХХБ-тай холбоотой. Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр байгуулагдсан концессыг нэгбүрчлэн үзсэн. Тэгэхэд аюултай юм хийгээд байгаа нь мэдэгдсэн. 2014 онд  Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг барих, ашиглах, шилжүүлэх гэсэн нөхцөлөөр 30 жилээр концесс хийгээд үйл ажиллагааны ашгаас зардлаар нөхнө, 30 жилийн эргүүлж өгнө. Фортунатай 2014 онд ийм гэрээ байгуулчихаад 2015 онд тэр гэрээгээ өөрчлөөд барих, шилжүүлэх болгоод 90 сая доллар нэг өдрийн дотор буцаагаад өгчихсөн. Нэг км төмөр замыг нь 3,4 сая ам.доллараар барьсан байгаа юм. Гэтэл өмнө нь хийсэн гэрээгээр 1 км төмөр замыг 2,4 сая доллараар барина гэж байсан байгаа юм. Тиймээс концесс гэдгийг ард үнэхээр булхай явагдаж байна гэж харсан. Энэ хаалгыг хаахгүй бол болохгүй нь гэж бодоод сая төсвөөр концесс дээр 40 тэрбум төгрөг нэмж өгөх гэж байна гэдгийг сонсоод  сөхөж тавьсан. Эцсийн дүндээ энэ Засаг шударга ажиллах ёстой. МАК-д эрчим хүчний шугам татах хэрэгцээ байгааг ойлгож байна. Гэхдээ зээлээ аваад барина биз. Заавал эрх баригчидтай холбогдох шаардлага байхгүй. Би энийг хаана ч ярина.
Засгийн газрын гишүүн болсон бол хувийн амьдралтай нь холбоотой асуудал шийдэгдэх ёсгүй. Зөрчлийн хууль, шударга байдал хаа байна.

-Таныг бүлгийн хурал дээр Ерөнхий сайдыг огцруулна гэж хэлсэн гэсэн?
-Би бүлгийн хурал дээр Ерөнхий сайдыг огцруулна гэж хэлээгүй. Нүүрсний тухай ямар ч асуудал бүлэг дээр яригдаагүй. Концесс л яригдсан. Өмнө нь хийсэн концесст аудит хийж бодит үнийг тогтоо гэдэг ёстой зөв шаардлага.
Концессын гэрээгээр дуусгахаас өөр аргагүй болсон зүйлс бий. Жишээ нь, баахан сургууль цэцэрлэгийн барилга байна. Энэ бүхний асуудлыг шийдэх хэрэгтэй. Жишээ нь, Нисэхийн 300 хүүхдийн эмнэлэг яригдаж байна. Гэтэл өнөөдөр 20 тэрбум гэх төгрөг яригдаж байна билээ.  Арай л их байна шүү дээ.

-Таныг Хятадын тагнуул хэмээн сая Тагнуулын Ерөнхий газрын дарга байсан хүн ярилаа?
-Миний санаа зовох асуудал биш. Намайг Баатар гэдэг хүн Хятадын тусгай албанд элссэн, эх орноосоо урвасан гэсэн 25 жилийн ял тулгаад 20 жил болж байна. Тагнуулын газар өөрөө үүнийг шалгаад  худлаа гэдгийг нь батлаад 2004 онд түүнд яг энэ хэргээр ял авсан. Мөн нууц материал задруулсан хэргээр ял авсан шүү дээ.  Нийлээд 7 жилийн хорих ялаар шийтгүүлсэн хүн.  Сая аюултай юм их ярьсан шүү.
Үнэндээ ямар ч улсад тусгай албаны дарга нь гарч ирээд хамаг юмаа ингэж тоочиж ярьдаггүй.  Хэзээ ч ийм зүйл байдаггүй. Намайг хорлох гээд улсаа хорлож байгаа хэрэг. Шүүхийн тогтоолтой юм чинь намайг хорлож чадахгүй.

-Яагаад гэнэт Баатар генерал таны тухай ярих болов. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-Эрдэнэтийн асуудал байна. Дээрээс нь Ерөнхийлөгчийн сонгууль дөхчихсөн учраас намайг нэр дэвшчихвий, гарчих вий гэдэг айдас байна цаагуур чинь. Дээр нь хонзон. 1996 онд хууль бусаар их хурлын гишүүдийг тагнаж чагнасныг шалгах УИХ-ын ажлын хэсэг гаргаж, талийгаач Зориг ахалж, Дашбалбар, Одонбаатар, бид хэд шалгаад Баатарын хууль бус үйл ажиллагааг илрүүлсэн.  Жасрай гуайн гэрийн утсыг чагнаж байсан гэдэг юм. Тэр гайтай шалгалтаас болоод 1998 онд, Зориг алуулаад, Дашбалбар нас барж би үхэх шахсан юм шүү.  Дашбалбар амьд байхдаа  наад шалгалтаас чинь болоод бид бүгд л балрах шахлаа гэж байлаа.

-Та хятадын тагнуул гэх асуудал 20 жилийн өмнөөс л яригдсан гэлээ?
-2000 онд намайг сайд болох үед Баатар өөрөө намайг Хятадын тагнуул гэсэн өргөдөл Багабанди Ерөнхийлөгчид өгөөд Энэбиш дарга, Энхбаяр хоёр намайг дуудаж асуусан. Тэр үеийн Ерөнхий сайдын даалгавраар энэ баруун айлын хийсэн ажил гэж хэлсэн. Намайг бол үнэхээр ноцтой асуудлаар буруутгасан. Тэгээд би ч орхичихсон. Гэтэл 2003 онд Гүндалайгаар баахан материал тараалгаад өргөдөл гарахаас аргагүй байдалд оруулсан. Ингээд л бүх юм шалгагдсан. Одоо яахав, сонгууль дөхөөд хүмүүсийн элдэв юм хөдлөөд байх шиг байна.

-Ерөнхийлөгчийн сонгуульд та дэвших үү. Нам дэмжвэл та дэвшинэ гэж бодож байгаа юу?
-Энэ чинь миний хүслээр шийдэх асуудал биш. Одоохондоо хариу хэлж мэдэхгүй л байна. Ер нь Эрдэнэтийн 49 хувь, Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн тухай ярихаар л Ерөнхийлөгч болох гээд байна гэдэг.  Би албан тушаалын төлөө юм ярьдаг хүн биш.  Миний хийгээд байгаа ажлыг сонгуультай битгий холбоорой. Энэ улсыг цэгцлэх шаардлага байна. Төр нь төр биш болсон. Тиймээс эрүүл хэвийн төртэй болох асуудал аминд тулсан асуудал болоод байна шүү дээ. Тэрэндээ хүрвэл энэ хуулийн байгууллагын талаар элдэв юм ярих ёс суртахууны зарчимтай цорын ганц хүн би шүү. Манай бүлгийн гишүүдийн зарим нь надад гомдож байгаа байх. Гэлээ гээд яахав. Гомдог. Төр шиг төртэй болж, ард иргэд маань адисгүй байх нь зарчим юм шүү. Нарийндаа 49 хувийн асуудлыг яриад эхлэхээр намайг зогсоох гэж нэг бус хүн үзэж байна.  Зөвхөн надтай ч биш. УИХ-ын нэг гишүүн дээр наад зах нь 3 хүн ажиллаж байна. Дээрээ нь Зоригийн хэргийг яриад эхлэхээр намайг дарах процесс явагдаж байна.  2 сарын өмнө тагнуулын байгууллагын зарим удирдлага 1992 онд энэ байгууллагад ажиллаж байсан хүнийг дуудаж, 1992 онд Нямдоржийн урагшаа явсан асуудалтай холбоотой мэдээлэл байна уу гэж асуусныг мэдсэн.  Би тагнуулын даргад ч хэлсэн. Та нар намайг оролдох гээд байвал олигтой юм олоорой гэж.

0 Сэтгэгдэл
Энэ нахрийг одоо больё оо бараг 30 жил худлаа ярьлаа.
Tegbel Zorig yagaad aluulsang Nyamka medej bgaa yum bna shee.Tegeed yagaad huuli zuin said hiij bhdaa heregteng ilruulj bariagui bolj bna ?????Baatar general gartsaagui uneng helsen bna.Endees logikoor bodohod.
Zuv hu. Uzeltseed bai nyamka. Taniig demjij bna. Unen shudarga turtee bolbol mongol mandana. Bas eruuljine.
ДАНДАА БИ БИ БИ ГЭДГЭЭ ХЭЗЭЭ БОЛИХ ЮМ БЭ ДАВАРСАН ЛАГАЙ
Хамгийн их уншсан