Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Сансар хотхон”-ныхон Д.Арвингаас салахын түүс болж байна


УИХ-ын гишүүн асан Д.Арвины санаачилгаар Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Сансар хотхоны 142 өрхийн  үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил одоогоос гурван жилийн өмнө буюу 2014.10.22 эхэлж шав тавих ёслолын арга хэмжээ болж байв.

Тухайн үед дахин төлөвлөлтийн ажил гүйцэтгэхээр шалгарсан “Их Өргөө” ХХК нь иргэдийн ая тухтай, аюулгүй, тохилог, эрүүл орчинг бүрдүүлсэн 1430 айлын 13 давхар, 10 блок “Сансар хотхон”-ны барилга угсралтын үйл ажиллагаа эхлүүлэх болсноо баяртайгаар мэдэгдэж барилгын зураг төслийг эрх бүхий мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлснээ ч дуулгаж байсан юм. Мөн хуучин сууц өмчлөгч бүрт 5 метр.квадрат талбайг үнэ төлбөргүй нэмж олгоно, шинээр ашиглалтад орох хотхонд  худалдаа үйлчилгээний төв, 240 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгтэй байхаар төлөвлөсөн гэдгээ мэдэгдэж,  оршин суугчидтай гэрээ хийсэн байдаг.

Харамсалтай нь,  өнөөдөр  тус хотхонд амьдардаг байсан 500 гаруй иргэн орох орон оочих аягагүй, нөхөн олговроо ч авч чадаагүй санхүүгийн хүнд байдалд орчихсон явна. Тодруулбал,  2014, 2015 онд 85 айл өрх хэл ам хэрүүл тэмцэл хийж байж нөхөн олговрын мөнгөнийхөө  талыг нь олж авч чаджээ.

Гэсэн хэдий ч оршин суугчдын ихэнх нь өнөөдөр подвол, гэр хорооллын айлын хашаанд, машиндаа амьдарч буй гэнэ. Жил дамнаж өр шир тавьж байр түрээсэлж амьдарсаар сүүлдээ байрны түрээсээ дийлэхээ байгаад ийм байдалтай амьдарч байгаа гэдгээ ч учирлаж байна билээ.
Мөн энэ хугацаанд цөхөрч гүйцсэн оршин суугчид хотын удирдлагуудтай уулзаж асуудлаа шийдвэрлүүлэхийн тулд “Сансар хотхоны иргэдийн эрх ашгийг хамгаалах холбоо” нэртэй ТББ хүртэл байгуулжээ. Өнгөрсөн хугацаанд үүсэн нөхцөл байдлын талаар хотын удирдлагуудтай, холбогдох байгууллагын хүмүүстэй олон удаа уулзаж байсан ч өнөөдрийг хүртэл асуудал нь шийдэгдээгүй хэвээр.

Хамгийн сүүлд гэхэд Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын асуудал хариуцсан орлогч дарга, НИТХ-ын төлөөлөгч Б.Баярхүүтэй уулзжээ. Энэ үеэр ажил гүйцэтгэж чадаагүй УИХ асан Д.Арвин гишүүний "Их Өргөө" компанитай байгуулсан гурван талт гэрээг энэ сард багтааж цуцална, Д.Арвин гишүүнтэй нийслэл биш Иргэд иргэний шүүхээр хариуцлага тооцуулна, дараагийн компани, дараагийн хөрөнгө оруулагчийг хайж байгаа, "Их Өргөө" компанитай хийсэн гэрээг цуцлаад, дараагийн компанитай гэрээ байгуулах хооронд иргэдийг нөхөн төлбөр, түрээсийн орон сууцаар хангах боломжгүй хэмээн мэдэгдсэн байна.

Тиймээс аргаа барсан Сансар хотхоны иргэд, Нийслэлийн дахин төлөвлөлтийн газрын мэргэжилтнүүдтэй хамт "Их өргөө" ХХК-иас гурван талт гэрээг цуцалж, иргэдийн бичиг баримтыг хүлээлгэн өг хэмээн суулт хийж хонон өнжин асуудлаа шийдвэрлүүлэхээр хүлээж байгаа юм.

Энэ талаар оршин суугчдыг төлөөлөх мэдээллийн ажилтнаар томилогдсон Б.Батбаатартай холбогдож тодруулга авлаа. 

-Та нарыг суулт хийж байгаа гэж сонслоо. Асуудал нааштайгаар шийдэгдэх боломж, гарц, гаргалаа бий болж байх юм уу?

-Ямар ч гэсэн хэдэн хүмүүс маань хамтраад сууж байна. Гэхдээ байнга сууж чадахгүй юм. Хамгийн гол нь бидний асуудлыг Хот уу, эсвэл Арвин уу гээд хэн шийдэх нь тодорхой бус байна. Хотын удирдлагууд болохоор бид авчих юм бол асуудлыг чинь долоо, наймдугаар сараас шийдэж өгч магадгүй гээд байх юм. Харин Арвин болохоор би энэ ажлыг хотын удирдлагад өгч чадахгүй. Өгөх юм бол би өрөнд орно шүү дээ гээд байна билээ.

-Ингэхэд та нарт энэ хугацаанд нөхөн олговор болгож хэчнээн төгрөг өгсөн юм бэ?

-Өөрөөсөө хоёр, гурван зуун сая төгрөг гаргаж өгсөн юм шиг байна билээ. 2014 онд бол хүмүүст нөхөн олговрыг нь өгсөн. Асуудал бол 2015 оноос л үүссэн. Уг нь жилд дунджаар нэг айл зургаан сая төгрөг авдаг байсан юм. Эхний жилдээ айлууд энэ мөнгөө авсан. Хоёр дахь жилдээ болохоор айлууд нэг, хоёр, гурван сая төгрөг гээд алаг цоог авсан байдаг юм. Өөрөөр хэлбэл, мөнгөө бүтэн аваагүй гэсэн үг. Тэр бүү хэл мөнгөө анхнаас нь авч чадаагүй айл ч байгаа. Эхний жилийн мөнгийг “Их Өргөө” компанитай хамтарч хөрөнгө оруулахаар тохиролцсон байсан Хятадын компани өгсөн байдаг юм. Хоёр дахь жилийн мөнгийг Арвин өөрөө өгсөн. Яагаад гэвэл тухайн үед Арвин би илүү том бизнес хийх гэж байгаа гээд Хятад компаниасаа татгалзсан байсан юм билээ. Тэгээд өөр компани олж чадахгүй байсаар байгаад дампуурчихсан хэрэг. Үнэндээ “Их Өргөө” компанид ажилладаг тийм олон хүн байхгүй. Хамаатан, саднаас нь бүрдсэн таван ах, дүү нь ажиллуулдаг юм. Тэд нар нь цаашаа зуучилж Хятадаас хөрөнгө оруулалт олж ирдэг.

-Та нарын асуудлыг өнөөдөр шийднэ гэсэн юм байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Хамгийн гол нь бидний асуудал аль талдаа гарах гээд байна вэ гэдэг нь л сонин байна. Тэр шийдвэрийг л бид хүлээж байна. Бидний хувьд Арвингаас татгалзаж, хотын удирдлагуудаар асуудлаа шийдвэрлүүлж, дараагийн компанийг нь сонгомоор байна. Ямар ч гэсэн Арвин хотын даргатай уулзаж өнөөдрийн дотор хариу өгнө гэсэн. Хариу өгөхийг нь хүлээж л байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан