Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Байгаль хамгаалах нөхөрлөлүүд бүтээлүүдээ танилцуулж байна


Б.Мягмаржав

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж буй “Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний II чуулганыг угтсан “Экологид ээлтэй бүтээгдэхүүн 2017” үзэсгэлэн худалдаа Чингисийн талбайд болж байна. 21 аймгийн ойн нөхөрлөл ангиудыг хамруулсан үзэсгэлэн худалдаанд мод, модоор хийсэн төрөл бүрийн бүтээгдэхүүн, ургамал,цай, цагаан идээ гээд байгалийн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүнийг дэлгэн тавьжээ. Нөхөрлөлүүдээс шууд хэрэглэгчдийн гар дээр шууд хүргэж байгаа учир үнийн хувьд ч боломжийн байлаа. Үндэсний чуулганыг угтсан үзэсгэлэн худалдаанд нөхөрлөлүүд ч идэвхитэй оролцож, бараа бүтээгдэхүүнүүдийг сонирхох олны хөлд дарагджээ. Хэнтий аймгийн иргэдийг ажилсаг буриадууд ихтэй гэдгээр нь бид андахгүй. Тэгвэл ажилсаг буриад нутгийн зон олон үзэсгэлэн худалдаанд оролцохоор өөрсдийн хийсэн модон бүтээгдэхүүн, цөцгий, талх, төрөл бүрийн жимсний чанамал зэргийг авч иржээ. Өтгөн сайхан цөцгий 3500-6000 төгрөгийн хооронд борлуулж харагдана билээ. Хэнтий аймгийн Дадал сумын “Амирлангуй”нөхөрлөлийн гишүүн Х.Баярсайхан модны хаягдал холтосоор  ахуйн хэрэглээний зүйл хийдэг бөгөөд энэ ажлыг тэрээр 20 орчим жил хийж байгаа аж. Үзэсгэлэн худалдаанд  20 гаруй төрлийн 80 гаруй бүтээгдэхүүнтэй иржээ. Түүний хийсэн бүтээлүүдээс модон аяга олны сонирхлыг татаж худалдан авагч ч ихтэй байв. Уг аягануудыг хэмжээнээсээ хамаарч 6000-10 мянган төгрөгөөр борлуулж байсан. Мод нь байгалийн гаралтай төрөл бүрийн химийн хольц ороогүй учир хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бөгөөд модон аяганд хоол, цайгаа идэх нь зарим төрлийн өвчнийг анагаадаг талаар ч Х.Баярсайхан гуай хэлсэн.
Үзэсгэлэн худалдааг нээж БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Энэ үзэсгэлэн худалдаагаар нөхөрлөлүүдийнхээ үйл ажиллагааг сурталчилхаас гадна харилцан бие биенээсээ туршлага судлах, хамтран ажиллах бололцоог эрэлхийлэх, түүнчлэн нийслэлийн иргэдээд экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгийн гар дээрээс худалдан авах боломж олгож байна. Дэлхий дахинд ногоон эдийн засгийг хөгжүүлэх зорилго тавьж ногоон амьдралын хэв маяг өдөр ирэх бүр нэмэгдсээр. Үүний хэрээр байгалийн гаралтай бүтээгдэхүүн өндөр үнэтэй болж байна. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж олон улсад худалдах боломж манай нөхөрлөлүүдэд бий. Иймдта бүхэн  өөрт байгаа давуу талаа ашиглаж бүтээгдэхүүнээ чанаржуулах хэрэгтэй. Яамны зүгээс ур чадвар олгох сургалт зохион байгуулах бага оврийн техник, тоног төхөөрөмжийг төсөл хөтөлбөрийн шугамаар нийлүүлэх дотоод гадаадын зах зээлд гарахад бодлогын дэмжлэг үзүүлнэ” хэмээн ярьсан юм.

 Ойн анги, нөхөрлөлүүдийн хувьд байгаль орчноо хамгаалах, орчин тойрныг нь цэвэрлэх ажлыг хийхээс гадна мод, ургамалаар олон төрлийн бүтээгдэхүүн хийж өөрсдөдөө ажлын байр байр болгож буй. Харин  хийсэн бүтээгдэхүүнээ борлуулах зах зээл хомс байгаа талаар тэд гомдоллож байсан. Энэ талаар Архангай аймгийн “Могойхон” нөхөрлөлийн орлогч дарга Ч.Эрдэнэчимэг “Манай нөхөр 2012 онд байгуулагдсан 20 гаруй гишүүнтэй. Нөхөрлөл байгуулагдснаар хулгайн мод, ан, байгальтай зүй бусаар харьцах зэрэг үзэгдэл байхгүй болсон. Нөхөрлөлийн гишүүд ээлжээр эргүүлд гардаг. Анх нөхөрлөл байгуулж байхад хулгайн мод, антай холбоотой гэмт хэрэг их гардаг байсан. Одоо тэр үеийг бодвол харьцангуй бага байна. Манай нөхөрлөл модоор төрөл бүрийн сийлбэр, ахуйн хэрэглээний эд зүйл болон шаталт удаан, дулаан хадгалдаг био нүүрс үйлдвэрлэсэн. Харин борлуулалтын асуудал хүнд байна. Бид эндээ бүтээгдэхүүн үйлдвэрлээд байдаг. Зах зээл байхгүй болохоор энэ хавиараа хямдхан зардаг. Заримдаа жуулчны баазуудад очиж бага хэмжээний борлуулалт хийдэг. Томоохон ажил хийе гэхээр хөрөнгө санхүү дээр гацдаг. Нэг үеэ бодвол БОАЖЯ болон  холбогдох газрууд нөхөрлөлүүдийн  ач тусыг ойлгож дэмждэг болсон. Цаашдаа энэ дэмжиж байгаа үйл ажиллагааг улам боловсронгуй болгох шаардлагатай” хэмээн ярилаа.
Улсын хэмжээнд нийт 1629 нөхөрлөл, 1200 гаруй байгаль орчны Төрийн бус байгууллага, 30 Орчны бүсийн зөвлөл, 21 Усны сав газрын захиргаа ажиллаж байна. Мөн ан агнуурын 71 бүс нутаг, Улсын тусгай хамгаалалттай хоёр газарт мэргэжлийн Төрийн бус байгууллагууд гэрээгээр менежмент хийж байгаа аж. Түүнчлэн БОАЖЯ-ны хүсэлт, санаачилгын дагуу Олон улсын байгууллагын санхүүжилттэй 38 төсөл хэрэгжиж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан