Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Талын торгоны зам” ХХК-ийн химийн бодисын агуулахыг битүүмжилжээ

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сонсголын зам дагуу байрлах “Талын торгоны зам” ХХК-ны химийн бодис хадгалах агуулахад иргэний гомдлоор хяналт шалгалт хийж зөрчилтэй байснаас битүүмжилсэн байна.
 
Тус агуулахад буй 2 төрлийн химийн бодисыг барилгын бетон зуурмаг, цемент барьцалдуулахад ашигладаг байна. БНХАУ-аас тусгай зөвшөөрлийн дагуу тус химийн бодисыг “Талын торгоны зам” ХХК оруулж ирж худалдаалдаг аж. Хэдийгээр зохих зөвшөөрөлтэй байгаа боловч “Химийн хорт болон аюултай бодисыг хадгалах, тээвэрлэх, хадгалах устгах журам”, "Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй", "Химийн хорт болон аюултай бодисын шошго анхааруулах тэмдэг MNS 5029:2011 стандарт", "Химийн хорт болон аюултай бодисын бүтээгдэхүүний агуулах ерөнхий шаардлага MNS 6458:2014 стандарт", "Агаарын тухай хуулийн холбогдох заалтуудыг тус тус зөрчсөн байсан аж. Шалгалтаар дараах зөрчлүүд илэрчээ.

• Тус газар ажиллагсад хүн амьдрах зориулалтгүй химийн агуулахад амьдарч, эрүүл мэнддээ ноцтой хохирол үзүүлэх эрсдэлийг бий болгосон байна.

 • Агуулах анхнаасаа химийн бодисын агуулахын стандарт хангаагүй, гэрэлтүүлэггүй, чийгтэй, агааржуулагчгүй байна.

• Тус байрны тааз суулт өгч бороо, цасны ус нэвтрэх нөхцөл бүрдсэн байна.
• Химийн бодис хадгалах байранд мэргэжлийн химич, хими-технологич, ургамал хамгааллаар мэргэшсэн мэргэжилтэн огт ажилладаггүй,

 • Химийн хорт болон аюултай бодистой харьцан ажиллах үеийн аюулгүй ажиллагааны зааварчилгаагүй, өөрсдийгөө хамгаалах хувцас, хамгаалах хэрэгсэл ашигладаггүй

• Агаарын чанарын 2 дугаар бүсэд, дэгдэмхий бодисны дэргэд түүхий нүүрс түлж байгаа нь гал гарах нөхцлийг бүрдүүлж байна.

Иймд “Талын торгоны зам” ХХК-ийн химийн бодисын агуулахын үйл ажиллагааг 2017 оны 04 дүгээр сарын 19-ныий өдрөөс эхлэн түр хугацаагаар зогсоож, битүүмжилсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан