Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

М.Дагва: Унци алт 800-900 ам.доллар байхад алт олборлогчид ашигтай ажиллана

“Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” олон улсын үзэсгэлэн, хурал Улаанбаатарт болж байна. Энэ хуралд “Алтны салбарын ирээдүй, амжилт” сэдвээр   QMC группын ерөнхий захирал М.Дагва илтгэл тавив. Ингээд түүнээс монгол орны алт олборлолт, нөөц, өнөөгийн байдлын талаар тодрууллаа.

-Манай улс жилд 25 тонн алт олборлодог болно гэсэн мэдээлэл бий. Энэ онд хэдэн тонныг олборлох боломжтой вэ?

-Сүүлийн хоёр гурван жилд манай улсын алт олборлолт өсч ирсэн. Өнгөрсөн онд 18 тонн алт олборлосон дүн гараад байна. Одоогоор үндсэн ордуудаас доривтой олборлохгүй байгаа. Энэ онд өнгөрсөн онд олборлосон хэмжээгээ барина гэсэн хүлээлт бий.

-Засгийн газраас “Алт-2” хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж зарлаад байгаа. Энэ хөтөлбөрийн үр дүнг та юу гэж харж байна вэ?

-Урт хугацаанд алтны олборлолт нэмэгдүүлэх зорилогтой хөтөлбөр. Өмнөх алт хөтөлбөр нь шороон ордыг илүү анхаарч байсан. Одоогын энэ хөтөлбөр алтны үндсэн ордын хайгуулд түлхүү анхаарчээ гэж харагдаж байна. Тэгэхээр энэ хөтөлбөр нь лиценз олголтоор алтны хайгуулыг дэмжих, ашиглалтад ороход бэлэн ордыг хөдөлгөх улс төрийн шийдвэрүүдийг богино хугацаанд гаргах, өөр ашигт малтмал олборлох явцад гарч буй алтны олборлолтыг нэмэгдүүлэх чиглэлд илүү анхаарах юм. Ийм учраас өмнөх хөтөлбөрөөс ялгарч байгаа.

-Манай улс алт цэвэршүүлэх үйлдвэртэй болно гэж байгаа. Ийм үйлдвэртэй болсоноор эдийн засгийн ямар үр ашигтай юм бэ?

-Хөрөнгө оруулалтыг нь хэрхэн шийдэх талаар одоо ярилцаж байгаа юм билээ. Монголдоо алтаа цэвэршүүлж өөртөө хадгалж байх зорилогтой үйлдвэр. Үүнээс алтыг цэвэршүүлэх явцад дагалдаж ганц нэг ховор металл гарч ирдэг. Уг металыг авах сонирхол байж болно. Манай улс одоогоор олборлосон алтаа хайлуулж сорьц тавиад гадаадад цэвэршүүлж байгаа. Ирэх гуч, дөчин жилд манай улсын алт олборлолт тогтвортой, өндөр байх боломжтой гэсэн ерөнхий судалгаанд үндэслэн хийж буй ажил гэж ойлгож болно.  

-Нэг кг, эсвэл унци алт олборлох өртөг зардал өнөөдөр хэдэн төгрөг байна вэ?


-Алт олборлох өртөг нь тухайн ордын геологийн тогтоцоос хамаарна. Олборлолтын гол зардал нь машин тоног төхөөрөмж, дизель түлшнийх байдаг. Мөн дийлэнх компани банкны богино хугацаатай өндөр хүүтэй зээлээр эргэлтийн хөрөнгөө хийж байгаа. Тэгэхээр банкны зээлийн хүүгийн зардал өндөр гардаг. Эдгээр дээр ажилчдын цалин хөлс гээд бусад зардал нэмэгдэнэ. Шороон ордуудын гүн, хуулах хөрсний хэмжээ өнөөдөр нэмэгдсэн. Анх 1996 оны үед 10 зузаан хөрс хуулж алт олборлодог байлаа. Одоо дунджаар 50-60 метр хөрс хуулж байна. Иймд хөрс хуулалтын зардал өсч олборлох өртөг нь өндөр болсон. Дээр нь манай улсад дизель түлшний үнэ нэлээд өндөр. Гэхдээ сүүлийн хоёр гурван жилд ам.долларын төгрөгтэй харьцах ханш өссөн. Тэгэхээр олборлох зардал нь төгрөгөөр гарч буй тул ам.долларын ханшийн зөрүүнд алтны шороон орд ашиглахад компаниудад боломжийн ашиг үлдэж байна. Миний бодлоор унци алт 800, 900 ам.доллараас дээш үнэтэй байхад алтны шороон орд ашиглаж байгаа компаниуд ашигтай ажиллах боломжтой.

-Чамгүй нөөц тогтоох боломжтой алтны хайгуулын, ашиглахад бэлэн болсон ямар ямар төсөл байна вэ?


-Монголын Төв, Зүүн, Баруун хойд хэсгийн нутагт алтны илрэл ихтэй, гүйцэт судлагдаагүй юм. УУХҮЯ-наас эдгээр нутагт хайгуулын лиценз олгохоор төлөвлөсөн байгаа. Иймд ирэх 5-10 жилд манай улсын алтны нөөц их хэмжээгээр нэмэгдэх байх. Одоогоор Гацууртаас өөр ашиглахад бэлэн болсон ихээхэн нөөцтэй шийдвэр гарлаа л бол нэг, хоёр жилийн дотор ашиглаад явах томоохон төсөл байхгүй. Дорнод, Төв аймагт дундаж хэмжээний нөөцтэй судалгаа нь хийгдсэн ордууд бий. Гэхдээ зураг төсөл, үнэлгээний нэлээд ажил хийх шаардлагатай юм. Үүнд 2-4 жилийн хугацаа хэрэгтэй.

-Дэлхийн зах зээлд энэ онд ямар байх төлөв ажиглагдаж байна вэ?
-Би зах зээл талаас нь судалдаггүй. Ийм учраас алтны үнийн төлөв байдлын талаар судалгаа, таамаг хэлэх зүйл алга.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан