Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Олныг хэлмэгдүүлсэн СМЕРШ-ийн тэргүүн Абукомовын төгсгөл


Улсыг Аюулаас хамгаалахын хоёрдугаар зэргийн комиссар, хурандаа генерал Виктор Абукомов гэж хэн байв аа. Нэг хэсэг нь жинхэнэ эр хүн, дайны баатар гэдэг. Нөгөө зарим нь “ард түмний дайснууд”-тай тэмцэхдээ хайр найргүй, харгис хэрцгий нэгэн байсан гэнэ. Юутай ч энэ хүний удирдлагаар 1930-аад оны сүүлч, эх орны дайны үед буруугүй олон хүнийг хэлмэгдүүлсэн бол өөрөө эцэст нь энэ бүхнийхээ ялыг үүрсэн нэгэн.

Тагнуулуудын аянга Виктор

Семенович Абукомов 1908 онд Москвад төрж дөрөвдүгээр анги төгсөн, залуудаа сайн дураараа Улаан армид явсан байна. Онцгой үүргийн Москвагийн батальонд сувилагч хийж байгаад халагдаж энгийнээр ажиллаж байснаа  хожим нь  ГУЛАГ-т хянагчаар очиж. Эндээс л түүний харгис хэрцги йчанар танигдаж энэ нь коммунистууудад таалагдан 1938 онд Ростов мужийн Дотоод хэргийн ардын комиссариатын газрын дарга болж дэвшиж.
Түүний үндсэн арга нь баривчлагдсан хүмүүст хайр найргүй хандах. Тэгсээр 1941 оны долдугаар сард Цэргийн сөрөг тагнуулын газрыг тэргүүлэх болжээ. Дайны үед тэрээр немцийн 30 мянган тагнуулыг илчилсэн гэж магтагддаг. Гэхдээ тэдгээр нь үнэхээр германы тагнуул байсан уу, ихэнх нь энгийн иргэд, эх орныхоо төлөө гэсэн улаан цэрэг, офицер байсан уу. Ямартай ч бүгдийг нь буудчихсан.

Аюултай тоглоом

Дайны дараа Абукомов Улсыг Аюулаас хамгаалахын сайд байлаа. Мэдээж энэ үедээ тэрээр арми, цэргийн үйлдвэрлэлийн салбарыг “дайсны тагнуулууд”-аас цэвэрлэх ажил хийж нисэхийн маршал Новиков, Худяков, аж үйлдвэрийн сайд Шахурин, адмирал Алафузов, Степанов, Галлер нэр нөлөө бүхий зүтгэлтэн, цэргийн жанжин, эрдэмтдийг хэлмэгдүүлэн буудаж алсан. “Ленинградын хэрэг” гэгчийн хүрээнд ЗХУ-ын Намын төв хорооны нарийн бичгийн дарга Кузнецов, Сангийн сайдын орлогч Вознесенский, Холбоот орос улсын Сайд нарын зөвлөлийн дарга Родионов, Ленинград мужийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Попков нарыг мөн л буудан хороох тушаал өгчээ.
 
Түүний харгис гараар бас найруулагч, жүжигчин Соломон Михоэлсон бас орж буудуулсан. Хэрцгий Абукомов үүгээр зогссонгүй нэрт профессор Яков Этингерийг 1950 онд баривчилсан нь хүйтэн шоронд 1951 онд нас барсан байна.
Энэ бүхэн нь Абукомовын доод тушаалын хүмүүст ч таалагдсангүй. Улсын Аюулаас хамгаалах яамны ахлах мөрдөн байцаагч Рюмин 1951 оны долдугаар сард удирдагч Сталинд захидал бичиж ялангуяа Этингерийн аллагыг буруутгасан байна.

Ингээд 1951 оны долдугаар сарын 12-нд Абукомовыг эхнэр хүүхдийн нь хамт баривчилж Лефортовын шоронд илгээжээ.
Түүнийг ердөө л шоронгуудад олон хүний амь үрэгдэж байхад хэн ч хариуцлага хүлээхгүй байна гэсэн үндэслэлээр баривчилсан гэдэг.

Харин Рюмин мэдүүлэгтээ сайд Абукомов цөмийн зэвсэг бүтээх ажлыг удирдан ажиллаж байгаа Борис Ванников,  Авраам Завенягин нарын тухай материал цуглуул гэж үүрэг өгч байсан гэж хэлсэн байдаг. Гэтэл цөмийн зэвсэг бүтээх ажил нь Лаврентий Берия, Сталин хоёрын шууд удирдлага дор хийж байсан маш нууц ажил байдаг.

Тушаал биелүүлсний төлөө цаазлав уу

Мөрдөн шалгах ажил тун удаж, Абукомовыг өөрийн нь хэрэглэж байсан аргаар тамлан байцаалаа. Энэ бүхний үрээр Абукомов тахир дутуу ч болсон байна. Сталиныг нас барсны дараа олон хүнийг цагаатгасан ч экс-сайдыг өршөөсөнгүй. Харин ч бүр Берияг баривчилсны дараагаар Абукомовыг  Бериятай холбоотой байсан, “Ленинградын хэрэг”-ийн төлөө, бас “Гадаадын тагнуул” гэж буруутгажээ.
Хамгийн харгис эр Абукомовыг шүүх хурал 1954 оны арванхоёрдугаар сард Ленинградад болж түүнийг сүүлчийн үгээ хэлнэ үү гэхэд тэр “Сталин заавар өгч, би биелүүлж байсан” л гэжээ.

СМЕРШ-ийн тэргүүн Виктор Абукомовыг Эх орноосоо урвасан, халдлага үйлдсэн, хувьсгалын эсэргүү байгууллагад оролцож байсан хэргүүдийнх нь төлөө цаазаар авах ялаар шийтгэж арванхоёрдугаар сарын 16-нд буудан хороожээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан