Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гарцан дээр машинаа зогсоовол 20 мянган төгрөгөөр торгоно

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ хуулийн төсөлд баривчлах шийтгэлийг 7-30 хоногийн хугацаагаар шүүх оногдуулахаар тусгасан байна. Мөн баривчлах шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэн хүнийг албадан сургалтад хамруулах арга хэмжээ авч болох зарчмын шинжтэй санал тусгажээ.

 Тухайлбал, танхайрах, зүй бусаар биеэ авч явах, хүний биед халдах, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих, нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах, жагсаал цуглаан зохион байгуулах журам зөрчих, Эрүүл мэндийн тухай хууль зөрчих, хулгайлах, хөрөнгө завших, эд хөрөнгө устгах, гэмтээх, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөхийг оролдох зэрэг зөрчилд торгох, баривчлах шийтгэл  ногдуулах нь.  Үүнээс гадна нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогыг нуусан, худал мэдүүлсэн үйлдэлд хариуцлага ногдуулах, хохирлыг нөхөн төлүүлэх, гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтан, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах, зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх зэрэг зөрчлүүдэд хариуцлага тооцох заалт уг хуулийн төсөлд  шинээр нэмж оруулсан байна.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр “ Эрх хасах шийтгэлийн хэлбэр нь 1992 оноос хойш хэрэглэж байгаа. Зөрчлийн тухай хуулийн төсөлд 1600 төрлийн зөрчил тусгагдсан. Эдгээрээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочийн эрхийг хязгаарлах, аудитын дүрэм журам зөрчсөн санхүү, нягтлан бодогчдыг мэргэжлээрээ ажиллах хугацааг тодорхой хугацаагаар хязгаарлах, эмчилгээний хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээ явуулах эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлах зэрэг хуулийн төслийн тусгай ангид заасан 16 тохиолдолд эрх хасах шийтгэлийг нэмэгдэлээр ногдуулж болохоор зохицуулалт тусгаад байна” гэсэн тайлбар хийлээ.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд баривчлах шийтгэл ногдуулах хэлбэрийг оруулсанд шүүмжлэлтэй хандав. Үүнээс гадна  хэлэлцэж буй төслөөр зөрчил гаргасан хувь хүнд ногдуулах торгуулийн дээд хэмжээ 20 сая төгрөг, харин хуулийн этгээдэд 200 сая төгрөг байгаа нь хэрэгжих боломжтой эсэхийг лавласан юм.

Үүнд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт “Хуулийн төслийн ерөнхий ангид зөрчил гаргасан хуулийн этгээдэд ногдуулах торгуулийн дээд хэмжээ 200 сая төгрөг хүртэл гэж бичсэн байгаа ч тусгай ангид хуулийн этгээдэд ногдуулах торгуулийн дээд хэмжээ 100 сая төгрөг юм” гэж хариулав.

Ийнхүү хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж, зарим зүйлийг тодруулсны дараа Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 73 санал болон гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёолол тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Ийнхүү Засгийн газар 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.

Энэ хуулийн төслийн зарим заалтаас сонирхуулахад явган хүний гарц, зам дээр авто машинаа байруулж явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулбал 20 мянган төгрөгөөр торгох юм. Мөн шөнийн цагт хөдөлгөөнд оролцохдоо авто машин зөрөх үед гэрлээ шилжүүлэхгүй бол 10 мянган төгрөгөөр торгох нь. Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдгийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээлэл нийтэд дэлгэсэн, мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан хувь хүнийг хоёр сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна. Хэрэв хуулийн этгээдийг 20 сая төгрөгөөр торгохоор хуулийн төсөлд тусгажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан