Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийг зодож шийтгэхгүй байх аян эхэллээ


Б.МАРТ

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар “Хүүхдийг ивээх сан”-тай хамтран “Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоохын төлөө дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 65 дугаар сургууль дээр өчигдөр “Хүүхдэдээ бахархан дуурайх аав, ээж нь байя” сарын аяныг нээлээ.  Энэ үеэр тус дүүргийн II хорооны оршин суугч долоон настай Б.Баяр “Хүүхдүүд аав, ээжийнхээ үгэнд сайн орж, буруу зүйл хийхгүй л бол загнуулж, зодуулж, шийтгүүлэхгүй шүү дээ. Гэхдээ “Аав, ээж нараа хүүхдээ буруу зүйл хийвэл хааяа шийтгэхгүйгээр өршөөж, алдааг нь залруулж хэлж өгч байгаарай” гэсэн юм. Тэр дэлхийн долоон настай болоод бусад хүүхдийн өмнөөс эцэг эхчүүдэд хүүхдэдээ хүлээцтэй хандаж, зөв хүмүүжүүлэхийг энэхүү үгээрээ уриалсан юм.

Энэ үеэр Японы “Хүүхдийг ивээх сан”-гийн Монгол дахь хөтөлбөрийн Хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн засаглал хөтөлбөрийн захирал Мицуаки Тоёода “Хүүхдийг ивээх сан өөрийн түншлэгч байгууллагууд,  хүүхдүүд болон олон нийтийн хамтаар 1998 оноос хойш тэмдэглэж байна. Энэ өдөр дэлхийн улс орнуудад эцэг, эхчүүдийг хүүхэдтэйгээ хэрхэн харилцаж, хэрхэн хүмүүжүүлж байгаагаа эргэцүүлэн бодохыг, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг эрэлхийлэхийг хүн бүрт уриалдаг билээ. Хүүхдийн эсрэг хүчирхийллийг нийгмээрээ үл тэвчих, хүүхдийн бие махбод, сэтгэл санааны шийтгэлийг таслан зогсоохын чухлыг олон нийтэд сануулах энэ өдрийг 1998 оноос анх АНУ-д санаачилсан. Монгол Улсад 2006 оноос Хүүхдийг Ивээх Сангийн санаачилгаар энэ өдрийг тэмдэглэж эхэлсэн.  Өнгөрсөн хугацаанд хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсооход чиглэсэн нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж, хүүхдийн эсрэг хүчирхийллийг бүхий л орчинд хуулиар хориглохыг эрх баригчдад болон олон нийтэд ухуулан сануулж ирсэн. Энэ онд энэ өдрийг “Хүүхдэдээ бахархан дуурайх аав, ээж нь байя” уриан дор эцэг эх, асран хамгаалагч, багш, сурган хүмүүжүүлэгч, олон нийт, шийдвэр гаргагчдад хандан хүүхдээ зодож шийтгэхгүйгээр өсгөн хүмүүжүүлэх аргыг сурталчлах, улмаар хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулахад чиглэсэн нэг сарын аян болгон эхлүүлж байна” гэв.
Аяны нээлтийн хүрээнд хүүхдэд ээлтэй улс орон, хүүхдийн эрхийг хамгаалах хууль, эрх зүйн орчин, эрүүл мэнд, сэтгэл зүйтэй холбоотой мэдээлэл зөвлөгөөг мэргэжлийн хүмүүс эцэг, эхчүүдэд өгсөн юм. Түүнчлэн “Зодуулдаг хүүхэд юу мэдэрдэг вэ”, “Хүүхдийг эерэг аргаар хэрхэн хүмүүжүүлэх вэ” зэрэг асуудлаар эцэг, эх хүүхдүүдтэй ярилцан, гарц шийдлийн талаар зөвлөж байв. Энэхүү ажиллагаанд тус дүүргийн зургаан хорооны 200 гаруй иргэн, хүүхэд багачууд оролцлоо.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан