Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ч.Содномцэрэн: Сонгогчдын нэрсийн жагсаалтад одоогоор 2 сая 52 мянган иргэн бий


-Саналын хуудсанд нэр дэвшигчдийн зургийг шинээр нэмж оруулна-

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг зургааадугаар сарын 26-ны өдөр, гадаадад амьдарч байгаа иргэдийн саналыг зургадугаар сарын 10-11-ний өдөр явуулахаар товлоод байгаа билээ. Иймд хуулийн дагуу УИХ-д суудалтай улс төрийн намууд нэр дэвшигчээ маргаашаас тодруулж эхлэх юм. Ингээд Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн бэлтгэл ажил ямар шатанд яваа талаар тодрууллаа.  

-Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил хуулийн дагуу төлөвлөгөөт гарфиктаа амжиж байна уу?
-УИХ-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах товыг зарласан тогтоол хоёрдугаар сарын 01-ны өдөр гаргасан. Энэ өдрөөс эхлээд Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/ бэлтгэл ажлын төлөвлөгөө, хуваарь график гаргаад хуулийн дагуу ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороод байгуулагдсан. Тухайлбал, 21 аймаг, нийслэл, 330 сум, нийслэлийн есөн дүүргийн сонгуулийн хороог байгуулаад байгаа. Мөн санал авах 2078 хэсэг байгууллаа. Ингээд сонгуулийн байнгын бус үйл ажиллагаатай байгууллагууд бэлтгэл ажилдаа ороод байна.

-Сонгогчдын нэрсийн жагсаалт гарсан уу. Сонгогч нэрсийн жагсаалтад орсон эсэхээ шалгаж болох уу?
-Нийт 2 сая 52 мянган сонгогч бий. Сонгогчдын нэрсийн жагсаалт гарсан. Иргэд сонгогчид өөрийн нэр, регистерийн дугаараар нэрсийн жагсаалтад орсон эсэх, аль хэсэг дээр санал өгөх вэ гэдгээ шалгах боломжтой болсон байгаа. Одоогоор сонгогчдын нэрсийн жагсаалттай холбоотой мэдээлэл судалгаануудыг авч байна. Хуульд зааснаар сонгуулийн эрх бүхий иргэд санал өгнө. Үүнд сэтгэцийн ямар нэг өөрчлөлт байхгүй, ял эдлэж байгаа биш иргэд санал өгөх ёстой. Иймд хэдэн хүн ял эдэлж байгаа судалгааг Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газраас гаргаж байгаа. Тэднийг  санал өгөх нэрсийн жагсаалтаас хасна. Мөн Дээд шүүхээс сэтгэцийн өөрчлөлтэй иргэдийн судалгааг гаргана. Амьдралд гэнэтийн зүйл тохиолдох үе бий. Иймд санал авахаас өмнө нас барсан хүмүүсийн судалгааг бас гаргах учиртай. Тэгэхээр санал авах өдөр хүртэлх хугацаанд эдгээр өөрчлөлтийг хийгээд явах юм. Эдгээр судалгааны бэлтгэл ажлаа хангаж байна.

-Сонгуульд оролцогч улс төрийн нам, нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын хэмжээг хэдэн төгрөгөөр тогтоосон бэ?
-Үндэсний аудитын газраас хуульд заасны дагуу зардлын дээд хэмжээг тогтоосон. Тухайлбал, улс төрийн намууд 6.8, нэр дэвшигч 3.9 тэрбум төгрөг зарцуулна.

-Гадаадад байгаа иргэдийг сонгуульд хэрхэн оролцуулах вэ?
-Гадаад байгаа иргэдийн саналыг авах төв комисс байгуулагдсан. Энэ комиссыг ГХЯ-ны Төрийн нарийн нарийн бичгийн дарга ахалж байгаа. Ингээд диполмат төлөөлөгчийн 45 газарт өнгөрсөн долоо хоногт салбар комисс байгууллаа. Өнөөдрөөс гадаад байгаа сонгогчдын бүртгэлийг хийж эхэлсэн.

-Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд хэдий хэмжээний төсөв зарцуулж хэчнээн хүн хүч ажиллах вэ?
-УИХ сонгуулийн төсөв батлаж өгсөн. СЕХ төсвөө хуваарилах, зарцуулах журмаа баталсан. Бид өнөөдөр сонгуулийн хороодын дарга, нарийн бичигийн дарга нарын сургалт хийж байна. Энэ үеэр аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороодын төсвөө хуваарилна. Ингээд тэдэнд хууль зөрчихгүй зориулалтын дагуу төсвөө зарцуулах  зөвлөгөө өгч байгаа юм. Ер нь сонгуулиар төрийн 20 гаруй мянган албан хаагч ажилладаг. Бидний урьдчилсан тооцоогоор төрийн захиргааны болон үйлчилгээний 21 мянга гаруй албан хаагч ажиллах тооцоо гараад байна.

-УИХ-д суудалтай улс төрийн намууд нэр дэвшигчээ хэзээ тодруулж СЕХ-д бүртгүүлэх вэ?
-Хуульд зааснаар УИХ-д суудалтай улс төрийн намууд тавдугаар сарын 02-06-ны өдөр хүртлэх хугацаанд  нэр дэвшигчээ тодруулах учиртай. Тэгэхээр энэ долоо хоногт Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тодорхой болно гэсэн үг.

-Саналын хуудасны загвар ямар байх вэ?
-Намууд нэр дэвшүүлж дууссаны дараа гаргана. Бид ойлгомжтой, нэр дэвшигчийн бүх мэдээллийг оруулсан саналын хуудасны загвар бэлтгэж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудалтай улс төрийн нам нэр дэвшүүлэх учиртай. Иймд бидний тооцоогоор гурван нам нэр дэвшүүлэх боломжтой гэж үзэж байгаа. Ингээд гурван намын нэр дэвшигчийн зураг, намын нэр, нэр дэвшигчийн овог нэрийг оруулсан саналын хуудасны загвар бэлтгэж байна.

-Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах бүх нийтийн санал асуулга эхэлсэн. Энэ санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт авч болох уу?
-Ард нийтийн санал асуулгын тухай хууль бий. СЕХ-ноос 2016 онд УИХ, Ерөнхийлөгчийн сонгуультай хамт ард нийтийн санал асуулга явуулсан нөхцөлд ямар журам баримтлах вэ гэдэг саналаа гаргаж хуульд өөрчлөлт оруулсан байгаа.  Тэгэхээр ард нийтийн санал асуулга сонгуультай хамт явуулах эрх зүйн орчин бүрдсэн гэж үзэж болно. Хуульд нэг асуудал бий. Учир нь ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулах бол 65-аас доошгүй хоногийн өмнө товлон зарлана гэсэн заалттай юм. Үүнийг өөрчилж болно. Тэгэхээр СЕХ ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулах боломжтой гэж үзэж байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан