Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ маргааш бүртгэнэ


Б.ЦЭДЭВСҮРЭН
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг 2017 оны зургадугаар сарын 26-ны өдөр явуулахаар УИХ-ын чуулганаар баталсан. УИХ-д суудалтай гурван нам энэ долоо хоногт нэр дэвшигчээ тодуурлан СЕХ-нд бүртгүүлэх нь. МАН нэр дэвшигчээ нөгөөдөр болох бага хурлаараа тодруулах бол АН-ынхан маргааш нам дотроо өрсөлдөх гишүүдээ бүртгээд нийт гишүүдийн санал асуулга явуулж, их санал авсан гишүүдээ энэ сарын 6-нд болох VIII их хурлаараа нууц санал хураалт явуулж баталгаажуулах нь. Хуулиараа энэ сарын 2-ноос 6-ны хооронд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг СЕХ бүртгэх товтой. Энэ сарын 27-нд нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулах бөгөөд зургадугаар сарын 12-нд сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг зогсооно. Сонгуулийн сурталчилгаа зургадугаар сарын 6-25-ыг дуустал үргэлжилнэ. Санал хураалт зургадугаар сарын 26-нд орон даяар явагдах бол мөн сарын 10, 11-ний өдөр гадаадад байгаа монголчууд саналаа өгөх юм.
Ингээд олны тааварын төвд буй АН-ынханы дотоод өрсөлдөөн хэрхэн өрнөх талаар тус намын дарга С.Эрдэнээс тодруулга авсан юм.

-Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн бэлдэж байна вэ. Танай намаас одоогоор хичнээн хүн нэрээ дэвшүүлэхээр хүсэлтээ илэрхийлсэн байна вэ?
-Хуулийн хугацаанд буюу маргааш 10-15 цагийн хооронд намын төв байранд нэр дэвшигчдээ бүртгэнэ. Миний хувьд хуулиараа нэр дэвших хэн нэгний нэрийг цохон хэлж зарлах боломжгүй байна. Сонгуулийн хуульд зааснаар сонгууль болохоос 55 хоногийн өмнө нэр дэвшилтийг эхлүүлж тав хоногийн хугацаанд бүртгэнэ гэж заасан нь бий. Тэр хүрээнд манай АН-ын нэр дэвшигчид тавдугаар сарын 2-6-ны хооронд тодорно. Тэгээд АН-ын VIII их хурлаар нууц санал хураалтаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүний нэр баталгаажина.

-Нэр дэвших хүсэлтэй байгаа хүмүүст намын зүгээс тавьж буй шалгуур бий юу. Ямар дүрэм журмаар нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших хуулийн шаардлагыг хангасан бол нэр дэвших хүсэлтэй намын гишүүдийн хэн нь ч нэр дэвшиж болно, дэвших эрхтэй. АН-ын дотоод сунгаа бүх намын гишүүдэд нээлттэй. Ямар нэгэн хязгаарлалт тавиагүй. Нийт намын гишүүдээрээ ирэх тавдугаар сарын 3-ны өдөр асуулга зохион байгуулна. Тэр асуулгад нэр дэвшиж буй бүх хүмүүс оролцоно. Хамгийн олон дэмжлэг авсан нэр дэвшигчийг тодруулж, улмаар АН-ын VIII их хурлаар оруулж нууц санал хураалтаар баталгаажина.

-АН-ын дарга, удирдлагууд нэр дэвших хүсэлтэй байгаа хүмүүстэй саяхан уулзсан гэх мэдээлэл байна. Хэн, хэнтэй уулзаж ямар асуудлыг ярилцав?
-АН-ын даргын хувьд АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй байгаа хүмүүстэйгээ зөвлөлдөх уулзалтыг нэг удаа хийсэн. Уулзалтаас ямар нэгэн тодорхой шийдвэр гараагүй. Харин хоёр зүйл дээр тохиолцсон. Сонгуулийн хуулийн дагуу АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах журмыг боловсруулах ёстой. Тэр журмыг боловсруулах үйл ажиллагаанд нэр дэвших сонирхолтой хүмүүс өөрсдөө буюу бие төлөөлөгчдийг оролцуулахаар тохиролцсон. Бүх гишүүдийн дунд явуулах санал асуулгад сонгуульд нэр дэвших хүсэлтэй байгаа бүх хүмүүсээ нээлттэй оролцуулахад ойлголцож тохиролцсон уулзалт болсон.

-Нэр дэвшигчдэд дэнчин мөнгийг хэдэн төгрөгөөр тогтоох вэ?
-Одоогоор зардлын тооцоо хийгдэж байгаа. Эхлээд дотооддоо нэр дэвших хүсэлтэй гишүүдээ бүртгэж, асуулгад оролцох нэрсийн жагсаалтыг албан ёсоор хуулийн хугацаандаа гаргана. Тэр үед тогтоосон хэмжээний дэнчин төлсөн байх ёстой. Гарч байгаа зардлыг нэр дэвшиж байгаа хүмүүсийнхээ тоонд хувааж нэг хүнд ногдох зардлыг дэнчин хэлбэрээр төлнө. Ер нь хуульд зааснаар нам 6.8 тэрбум төгрөг, хувь нэр дэвшигч 3.9 тэрбум төгрөг байх гэсэн зардлын дээд хэмжээг Үндэсний аудитын газраас тогтоон гаргасан байгаа шүү дээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан