М.Баяржаргал: Манай уураг лабораторын нөхцөлд кг нь 50 орчим мянган төгрөгт гарч байгаа
2017 оны 5 сарын 2
Холимог уургийн гидролизат гарган авах арга” инновацийн бүтээлээрээ “Инноваци бидний амьдралд” уралдааны дэд байрт шалгарсан Хими, хими технологийн хүрээлэнгийн багийн ахлагч М.Баяржаргалтай ярилцлаа.

Тэдний бүтээл бол энгийн бидний ойлголтоор маш сайн чанарын уургийн бүтээгдэхүүн юм.

-Уургийн бүтээгдэхүүн гэхээр энгийн бидэнд нэг их шинэ сонсогдохгүй байна. Тэгэхээр Хими, хими технологийн хүрээлэнгийн эрдэмтдийн багийн хийсэн бүтээгдэхүүн ижил төрлийн бүтээгдэхүүнээсээ ямар ялгаатай юм бэ?

-Бидний хийсэн бүтээгдэхүүн шиг ижил төстэй бүтээгдэхүүн зах зээл дээр бол бий. Гэхдээ чухам яагаад шагнал авах болов оо, юугаараа өөр байсан бэ гэвэл шар айрагны хаягдал дрожоо шар сүүнд уусгаж, хоол боловсруулах замын эрхтэнд ашигтай пегмэнтээр баяжуулаад хүний биед түргэн шингэдэг, ашигтай уургийн бүтээгдэхүүн хийсэнд байгаа юм. Гадны орнуудад шар айрагны хаягдал дрожийн гидролизат  уургийн бүтээгдэхүүн түгээмэл гаргаж авдаг. Өөрөөр хэлбэл, шар айрагны үйлдвэрлэл маш хүчтэй хөгжсөн учраас үүнийгээ дагаад уургийн бэлдмэлүүд ихээр хийдэг. Манай улсын хувьд 20 гаруй шар айрагны үйлдвэр бий. Тэрнээс гарч байгаа шар айрагны хаягдал дрожийг малын тэжээлд ашиглана уу гэхээс цаашлаад хүнд ашигтай бүтээгдэхүүн болгоод, бизнес хийж чадаагүй л байна.
Гэтэл шар  айрагны хаягдал дрожоос гаргаж авсан уургийн бүтээгдэхүүн нь маш өндөр антиоксидант идэвхтэй.Өөрөөр хэлбэл байгаль цаг уурын тааламжгүй, экологийн сөрөг нөлөө бүхий орчинд эсвэл өндөр бүсэд амьдарч байгаа хүмүүст маш их хэмжээгээр чөлөөт радикал биед нь хуримтлагдаж, эрт хөгшрөлт,  хавдрын, мэдрэлийн төрлийн өвчний үндэс суурь болдог. Үүнийг нь уургийн бүтээгдэхүүн саармагжуулах нөлөө өндөртэй байдаг. Мөн  нойр булчирхайг анагаах, сахарын хэмжээг бууруулах чиглэлийн бүтээгдэхүүн нэлээн түгээмэл хийгдэж, патентлагдсан байдаг юм. Манайд бол шар айрагны хаягдал дрожийг ашиглаад өмнө нь уургийн төрлийн бүтээгдэхүүн гаргаж, инноваци хийж байсан.
 
-Тэгвэл шар айрагны хаягдал дрожоос уураг гаргаж авах технологийг аль эрт манай эрдэмтэд туршаад бүтээгдэхүүн хийжээ. Харин та бүхний хувьд үүнийг шар сүүгээр баяжуулсан юм байна гэж ойлголоо?
-Шар сүүг бүрэн ашиглах технологи алга. Бяслаг үйлдвэрлэх, аарц хийх үйлдвэрлэлийн явцад шар сүү нэлээд их хэмжээгээр гардаг. Гэхдээ одоогоор түүхий эдийн олдоц тийм сайн биш байна. Учир нь, сүүг ээдүүлж хийж байгаа бүтээгдэхүүний гарц бага учир өртөг өндөртэй.  Жишээ нь, үнээний сүү 3,5 хувийн  тослогтой байлаа гэж үзэхэд 100 литрээс 3,5 хувь нь хуурай ээдэм гарна. Тэрэн дээр нь чийглэг энэ тэр хэчнээн нэмэгдсэн ч бяслагны гарц бага. Харин нэлээн их хэмжээгээр шар сүү гардаг. Тэр нь голцуу ашиглагдахгүй хаягдах байдалд хүрдэг. Үүнээс болоод манайд бяслагны үйлдвэрлэл дорвитой хөгжиж чадахгүй байна уу гэж манай эрдэмтэд ярьдаг юм. Шар сүү нь нэг орчим хувийн уураг агуулдаг. Энэ нь биологийн өндөр идэвхтэй, чанар сайтай уураг. Бүх амин хүчлийг хамгийн зохимжит харьцаагаар агуулдаг төгөлдөр уураг гэж болно. Тийм учраас үүнийг боловсруулаад бүтээгдэхүүн хийх зайлшгүй шаардлагатай. Гадны улс орнуудад бол ультрагидролизатын технологи маш өндөр хөгжсөн учраас шар сүүний найрлагад байгаа сүүний чихэр, уураг хоёрыг нь ялгаж төрөл бүрийн уургийн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Энэ нь манай зах зээл дээр тамирчдад  зориулсан төрөл бүрийн уургийн бүтээгдэхүүн болон орж ирдэг юм.

-Тэгэхээр шар айрагны хаягдал дрож, шар сүүтэй хавсраад хамгийн өндөр агууламжтай уураг гарч байна гэсэн үг үү ?
-Манайд ультрагидролизатын технологи бүрэн хөгжихийн тулд түүхий эд нь үйлдвэрлэлийн хэмжээнд олдоцтой байх ёстой. Гэтэл манай улсын хувьд шар сүү үйлдвэрлэлийн хэмжээнд хүртлээ их хэмжээгээр гарахгүй байгаа шүү дээ. Малчдын хувьд гарсныг нь малдаа уулгана, зарим сүүний үйлдвэрийн хувьд бага хэмжээгээр савлан зардаг. Гэвч шар сүү маань хадгалалтын хугацаа маш богинотой.
Тиймээс урд нь бидний хувьд шар айрагны хаягдал дрожоо усанд найруулаад гидролизатын аргаар уураг гаргаж байсан бол энэ удаад усны оронд шар сүү ашигласнаар илүү өндөр агууламжтай уураг гарган авсан юм.

- Бүтээгдэхүүний гарцын хувьд ямар байгаа вэ?
-Манай туршилтын дүнд бүтээгдэхүүний гарц 70 орчим хувь байгаа.

-Тэгвэл өртгийн хувьд ижил төстэй бүтээгдэхүүнтэй харьцуулбал ямар байх вэ?

-Яг одоо бүтээгдэхүүн маань пегмэнтийн бэлдмэлийн явцдаа байна.Бас ус цахилгаан гээд бусад зардлаа нэгтгэж тооцож үзнэ л дээ. Гэхдээ гадаадаас орж ирж байгаа ижил төстэй бүтээгдэхүүнээс хамаагүй бага өртөгтэй гарна.

-Гэхдээ эхний дээж бүтээгдэхүүн гарчихсан байгаа биз дээ. Дунджаар хэдий хэр өртөгтэй байх вэ гэдэг нь бизнесийнхний болоод энгийн бидний хувьд сонин байна?
-Одоогоор бид зөвхөн хүрээлэнгийнхээ дэргэдэх туршилтын инкубаторт л бүтээгдэхүүнээ үйлдвэрлэсэн. Эхний удаад 100 литр түүхий эд дээр л туршиж үзсэн. Өөрсдийн баримжаагаар кг бүтээгдэхүүн 50 орчим мянган төгрөгт гарах нь гэж тооцсон.Шар айрагны хаягдал дрожоо шууд үйлдвэрлэлд ашиглахгүй шүү дээ. Эхний боловсруулалтанд цахилгаан бас багагүй зарцуулдаг.

-Эрдэмтдийн хэдэн жилийн судалгаагаар энэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд шилжүүлэхэд бэлэн болоод байна вэ?

-Манай хүрээлэнгийн судлаачид уургийн гидролизат, пегмэнтийн чиглэлээр нэлээн олон жил ажиллаад багагүй туршлага хуримтлуулсан. 1990-ээд онд уургийн ампиод гэдэг бэлдмэл хийж, худалдаанд гаргаж байсан. Тэр үед цех маань өөрийн бүхий хүчин чадлаар, их эрчимтэй ажилласан байдаг. Манай эрдэмтэд сүүний үйлдвэр, арьс ширний үйлдвэр, спирт бал бурмын үйлдвэрт олон ч технологи нэвтрүүлсэн дадлага туршлагатай. Тухайн үед манай улсын хэрэгцээг хангахын тулд хэдий хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх вэ гээд тооцоо судалгаагаа маш нарийн сайн хийсэн байдаг юм. Хими, хими технологийн хүрээлэн маань ШУА-ийн ууган хүрээлэнгийн нэг шүү дээ.
Харин өнөөдөр үүнээс ч илүү олон боломж нээгдсэн. Технологи ч илүү сайжирсан.

-Манайхны хийсэн уургийн төрлийн бүтээгдэхүүн уг нь хэрэглээнд нэвтэрсэн ч лабораториас хэтрээгүй. Жишээ нь, өмнө нь хийж байсан уургийн бүтээгдэхүүний эрэлт хэр байсан юм бэ?
-Аливаа бүтээл гэдэг олон эрдэмтний уламжлалт судалгааны ажлуудын ачаар буй болдог. 1980-аад оноос манайхан уургийн төрлийн бүтээгдэхүүний судалгаа хийж эхэлсэн. Сүүний ээдмээс эхэлж, микробиологи бүтээгдэхүүн хийж, Германд шинжилгээнд оруулаад олон улсад гаргах боломжтой гэсэн дүгнэлт ирж байсан юм. Харин шар айрагны хаягдал дрожноос гаргасан ампиод бэлдмэлийг хөхүүл эхчүүд, тэжээлийн дутагдалд орсон хүн, бүүр хорих ангийнханд өгөх гэж авдаг байсан. Мөн бөхийнхөн, хүндийн өргөлтийн тамирчдад маш хэрэгтэй бүтээгдэхүүн байв.  Хоол идэхийн өмнө, хоол идсэний дараа найруулж ууж хэрэглэдэг. Манай бүтээгдэхүүнийг нэгдүгээр эмнэлгийн эмч нар маань ч их авдаг байлаа. Одоо хүртэл хүмүүс асуудаг юм. Монгол хүн мах иддэг мөртлөө уургийн байнгын дутагдалтай байдаг. Хэдийгээр тарилгаар уургийн бүтээгдэхүүн хэрэглэж болох ч амаар уух нь илүү үр дүнтэй.

-Гэхдээ гадаадын бүтээгдэхүүнтэй өрсөлдөх чадвар сул байсан учраас л үйлдвэрлэлд нэвтрээгүй байх. Уг нь  эрэлт нь байхад бизнесийнхэн харахгүй өнгөрнө гэж баймгүй юм?
-Гадны бүтээгдэхүүний хувьд амт чанарын тааламжтай, нэмэлт орцтой байдаг бол манай гаргасан бүтээгдэхүүн шууд шимэгдэх зорилготой учраас амтны хувьд жаахан гашуун тал бий.

-Энэ удаагийн уургийн бүтээгдэхүүнийг шууд практикт нэвтрүүлэх боломжтой юу?
-Практикт энэ бүтээгдэхүүн шууд нэвтрэх боломжтой. Миний хувьд Оросын ШУА-ийн хүнс судлалын хүрээлэнд Ph. Докторын зэрэг хамгаалсан. Тэнд ажиллаж байсан баг маань мөн ийм төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үйлдвэрлэлд нэвтрүүлж байсан юм.

-Гэхдээ түүхий эдийн олдоц гэхээр шар сүүний хувьд асуудалтай гэлээ та. Хэдийгээр мал сүрэг арвинтай ч үнээний фирмийн аж ахуйн хөгжил бол тийм сайн биш. Үүнээсээ болоод сүү сүүн бүтээгдэхүүн гэхээр сүү, тараг, зөөхий зэргээр хязгаарлагдсан хэвээр байгаа. Зарим үйлдвэрт бол дийлэнх бүтээгдэхүүндээ хуурай сүү ашиглаж байна. Тэгэхээр шар сүүгээр баяжуулсан уураг гаргаж авна гэдэг бас хол сонсогдох нь?
-Тиймээ, шар сүү бол заавал үнээний цэвэр сүүгээр хийсэн бүтээгдэхүүнээс гарна. Хэрвээ бяслагны үйлдвэрлэл сайн хөгжөөд ирвэл их хэмжээний шар сүү гарна. Тэрийгээ бол ашиглах л хэрэгтэй.Их хэмжээний шар сүүг хаяхад хүрвэл нэг талаар байгаль орчны бохирдолд ч нөлөөтэй.

-Шар айрагны шаар, шар сүү нь нэг талаар хаягдал бүтээгдэхүүн. Гэхдээ малын тэжээлд өгдөг болохоор бас шууд хаягдал гэж хэлж болохгүй нь?
-Тиймээ, гэхдээ их хэмжээгээр гарвал тэр бүр малдаа өгнө гэж байхгүй шүү дээ.

-Технологи бэлэн болчихлоо, патентаа авч байна. Та бүхэнд бизнесийнхнээс санал ирэх юм уу?
-Хамтарч ажиллая гэж хүмүүс олон ирнэ ээ. Гэхдээ сонсоод л явчих нь олонх. Нэг талаар эрсдэлээ бизнесийнхэн маань өөрсдөө үүрэх болохоор маш болгоомжтой ханддаг байх л л даа. Гэхдээ одоо яг танай технологийг авья гэсэн санал алга.

-Технологи цаг минут секундээр шинэчлэгдэж байна. Хэрвээ боломжийн гэсэн судалгаа гаргасан л бол практикт нэвтрүүлэхийн тулд та нарын зүгээс ч гэдэг юм уу ямар алхам хийдэг юм бэ?

-Энэ ёстой хэцүү асуудал. Байнга л яригддаг юм уг нь. Гэхдээ нэгэнт зах зээлийн нийгэм учраас бизнесийнхэн эрсдэлээ тооцно. Дээрээс нь бидний зүгээс бас энэ чухал хэрэгтэй зүйл шүү гэдгээ сайн ойлгуулж чадахгүй ч байх магадлалтай. Уг нь сүүлийн үед бид тал талдаа хичээгээд инновацыг амьдралд нэвтрүүлэхийн тулд хэрэндээ л ажиллаад байгаа юм. Академи, яам, хүрээлэнгүүдээс гадна судлаачид маань ч хичээгээд хийсэн ажлаа сурталчилж олон нийтэд таниулахыг хичээх болсон.

-Зах зээлээ аль болох өөрсдөө л эзлэх нь чухал байх?

-Гадаадаас оруулж ирж байгаа бүтээгдэхүүн, дотоодын бүтээгдэхүүн хоёрын давдаг цензур бол ялгаатай гэж ярьдаг юм билээ. Дотооддоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн дээрээ илүү их хяналт тавьдаг. Гэтэл гаднаас төрөл бүрийн гоё сайхан баглаа боодолтой бүтээгдэхүүн орж ирээд л борлогдоод л байдаг. Мэдээж хэрэглэгчдийн сонирхол байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ л дотоодын бүтээгдэхүүнд илүү анхаарал хандуулж, гарааны компани гэдгийг дэмжих бодлогыг улам л сайжруулах хэрэгтэй. Түүнээс  эрдэмтэд маань шууд өөрсдийнхөө халааснаас мөнгө гаргаад үйлдвэрлэл явуулах боломжгүй шүү дээ.

-Миний бодлоор эрдэмтэд маань аливаа шинэ судалгааг эхлэхдээ зах зээлээ эхлээд судлах, бизнесийнхнээс дэм авах нь чухал санагддаг.
-Бизнес хийж байгаа хүн маань хэр алсын хараатай, шударга байна вэ гэдгээс бас их зүйл шалтгаалдаг. Зарим технологийг нэг удаа л аваад зогсчих тал бий. Тиймээс байнгын л харилцаа холбоотой ажиллах шаардлагатай болдог. Бидэнд алсын хараатай бизнесмэн л чухал. Тийм хүмүүс олон болно гэдэгт итгэдэг шүү.

-Сүүлийн үед монгол бүтээгдэхүүн бүр сурталчилгаандаа органик гэдэг шошго зүүх болж.  Тэгвэл мэргэжлийн хүнээс органик гэдгийг бодит мөн чанарыг сонсоё?

- Органик гэдэг маань амьд гэсэн үг. Нүүрстөрөгчийн атом дээр суурилсан молекулыг хэлээд байгаа юм. Түүний эд бүтээгдэхүүний хувьд органик гэдэг шошго зүүсэн нь аливаа нэг химийн бодис нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцад ороогүй байх ёстой. Химийн бордоогүй хөрсөнд ургуулахдаа, хортон шавьжнаас сэргийлэх нэмэлт хэрэглээгүй, ургацыг хурдасгах бодисгүй гэх мэт. Малын гаралтай түүхий эдийн хувьд мөн ялгаагүй. Элдэв вакцин, антибиотекээс хол байх ёстой.
Органик бүтээгдэхүүн гэж юуг хэлэх вэ гэдгийг хуулиараа Монгол улс тодорхойлсон байдаг.

-Шинээр ямар төсөл дээр ажиллаж байгаа вэ?
-Манай хүрээлэн дээр одоо нэг инновацын төсөл явж байна. Малын арьс ширийг ашиглаад коллагений төрлийн бүтээгдэхүүн гаргах. Зах зээлд бол эрэлттэй бүтээгдэхүүн.

- Хэрвээ бүтээгдэхүүнээ патентжуулчихвал заавал дотоодын зах зээлээс хөрөнгө оруулагч харалгүй гаднаас хөрөнгө оруулагч олдох нь илүү дөхөм болох байх л даа?

-Сайхан л ирээдүй байна. Ийм болох болтугай л гэж бодож байна.
-Судалгаа хийхэд Монгол өөрөө хэр боломжтой улс гэж та боддог вэ?
-Өө маш их нөөцтэй. Гэхдээ улс орондоо хэрэгтэй нь чухам юу байна вэ гэдгээ нарийн тогтоох ёстой. Манайх чинь өөрийн байгаль цаг уурын онцлогтой. Ер нь, өөрийн улсын онцлогийг л зөв олж харах ёстой гэж боддог юм. Түүнээс эрдэмтдэд маань хийх ажил маш их байна.
Н.БАТ
Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.