Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСВУ-ын Дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч, хатагтай Данг Тхи Нгок Тхинийг хүлээн авч уулзан хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эрхэмсэг хатагтай Дэд ерөнхийлөгчийг Монгол Улсад тавтай морилон саатаж айлчлахыг хүсэн ерөөв.

Мөн өнгөрсөн жил АСЕМ-ийн уулзалтын үеэр БНСВУ-ын Ерөнхий сайд Монгол Улсад айлчилж, айлчлал амжилттай болсныг онцлоод айлчлалууд хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг харилцан бэхжүүлэхэд их хувь нэмэр оруулж буйг тэмдэглэлээ.

БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч, хатагтай Данг Тхи Нгок Тхинь цаг зав гарган хүлээн авсанд нь Монгол Улсын Ерөнхийлөгчид талархал илэрхийлж, Монгол орны хөгжил дэвшлийг биеэр үзэж байгаадаа байртай байна хэмээгээд БНСВУ-ын Ерөнхийлөгчийн чин сэтгэлийн мэндчилгээг уламжилж буйгаа мэдэгдэв.

Тэрээр цааш нь хэлэхдээ “Монгол Улс, БНСВУ-ын хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны суурийг Ю.Цэдэнбал, Хо Ши Мин нарын үед тогтоож, үе үеийн удирдлага өнөөг хүртэл тасралтгүй хөгжүүлж ирлээ. Энэхүү айлчлалын хүрээнд урьд өмнөх айлчлалуудын үеэр тохиролцож, гарын үсэг зурсан гэрээ, хэлэлцээг ажил хэрэг болгон үргэлжлүүлж, цаашдын үйл ажиллагааг идэвхжүүлнэ гэдэгт итгэж байна. Өнөөдөр өглөө Монгол Улсын Ерөнхий сайдтай амжилттай хэлэлцээ хийлээ.

Аюулгүй байдал, батлан хамгаалах, гадаад харилцааны салбарын асуудлаар санал солилцлоо. Ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нөөц бололцоо бий. Одоогоор худалдааны хамтын ажиллагаа хязгарлагдмал байна. Үүнийг цаашид хөгжүүлэх боломжтой гэж үзэж байна. Вьетнамын давуу талтай бараа бүтээгдэхүүн бол ХАА-н бүтээгдэхүүн, цагаан будаа, чихэр, далайн гаралтай бүтээгдэхүүн юм. Эдгээрийг Монгол Улсад экспортлохыг хүсч байна.

Монгол Улсаас уул уурхайн бүтээгдэхүүн, махан бүтээгдэхүүн импортлохыг  хүсч байна. Мөн Монгол Улстай газрын тосны салбарт хамтран ажиллах хүсэлтэй.

Түүнчлэн соёл, боловсрол, аялал жуулчлалыг салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх сонирхолтой.

Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Хо Ши Миний нэрэмжит 14 дүгээр сургууль шинэ барилгатай болж байгаад баяртай байна. Боловсролын салбарт харилцаагаа өргөжүүлж, оюутны тоог нэмэгдүүлэх боломжтой. Эрхэм Ерөнхийлөгч та 2013 оны 11 дүгээр сард БНСВУ-д, БНСВУ-ын Ерөнхий сайд 2016 онд Монголд айлчилсан. Ингэж харилцан айлчлал тогтмолжиж байна. Энэ удаа БНСВУ-ын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс Монгол Улсын Ерөнхийлөгчийг дахин айлчлахыг урьж байна. Олон улсын тавцанд ч хоёр орон харилцан бие биедээ туслах боломжтой” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хариу хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхий сайд болон албаны хүмүүстэй уулзаж гэрээ, хэлэлцээ амжилттай болсонд баяртай байна. Таны гаргасан санал санаачилгатай би санал нэг байна.

Вьетнамаас орж ирж байгаа хөрөнгө оруулалт бүхэн сайн хөрөнгө оруулалт, ирж байгаа бараа бүхэн сайн бараа гэж бид итгэж байгаа. Энэ талын харилцаа сайн хөгжих боломжтой.

Хуучин ЗХУ-д бид олон Вьетнам нөхөдтэй хамт суралцаж байсан. Сайхан дурсамж үлдсэн байдаг” гээд уулзалтын төгсгөлд БНСВУ-ын Ерөнхийлөгчид хариу мэндчилгээ дэвшүүллээ.

БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч, хатагтай Данг Тхи Нгок Тхинийг дагалдан тус улсын Засгийн газрын гишүүд, бизнесийн төлөөлөл Монгол Улсад ирсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан