Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аж ахуйн нэгжүүдэд газар өмчлүүлэх үү


Т.ЖАНЦАН


Монгол Улс 2003 оноос хойш иргэдэд амьдран суух зориулалтаар газар өмчилж эхэлсэн. Гэтэл өнөөдөр газар өмчилөл дөнгөж 17 хувьтай байна. Өөрөөр хэлбэл иргэд газрын эзэн болохдоо хойрго хандаж буй аж.  Жишээ нь тухайн газар нь үнэ цэнд ороогүй, зам, цахилгаан, нийтийн тээвэр гээд дэд бүтэцгүй, хад чулуутай, жалга довтой, байршил нь ашигтай бус тул төдийлөн өмчилж авахгүй байх гол шалтгаан болжээ. Үүнээс гадна хашаа худалдаж авсан иргэн газраа өмчилж авч чадахгүй тохиолдол олон гарч байна. Учир нь хашаагаа худалдсан хүний хамт газрын албанд очиж хасалт хийлгээд өмчилж авах хуультай. Гэтэл худалдсан хүнээ олохгүй байх явдал түгээмэл гарах болжээ. Мөн гэр бүлийнхээ гишүүдийн нэр дээр газрын гэрчилгээ авсан өрх олон. Ингээд хэн нэгнийнхээ нэр дээр тухайн газраа өмчилж авах гэтэл гэр бүлийн нэг гишүүн нь гадаадад амьдардаг тул мухардалд ордог тал ч бий аж.

Газрын эзэн барилга барихад тулгардаг бас нэг бэрхшээл бий. Тухайлбал, хоёр гурван иргэн нийлж өөрсдийн өмчийн газар дээр орон сууц барих гэхэд өмчилөлөө цуцалж эзэмшигч болгох шаардлага тулгарна. Өөрөөр хэлбэл өмчөөсөө татгалзаж байж орон сууцны барилга барих зөвшөөрөл авах хууль эрх зүйн орчин тулгардаг байна.

УИХ-ын Л.Болд Гэр хорооллын хөгжлийн тухай хуулийн төсөл санаачилсан бөгөөд  БХБ-ын яамтай хамтарч “Газар өмчлөл ба гэр хорооллын хөгжил” хэлэлцүүлэг хийлээ. Энэ хэлэлцүүлэгт оролцсон хүмүүс дээрх асуудлуудыг хөндөж газар өмчлөхтэй холбоотой дээр дурдсан хүндэрлийг уг хуулиар  иргэдэд чирэгдэлгүй болгон шийдсэн заалтууд оруулахыг хүссэн юм.   
Эдгээрээс гадна газар зохион байгуулалтын зарим мэргэжилтнүүд “Иргэд өөрийн өмчийн газраа төр засгийг үнэд оруулж өг гэж шаардах нь өрөөсгөл. Хэд гураваараа нийлж орчиноо тохижуулж чадвал үнэд хүрнэ. Гэтэл өнөөдөр төв зам дагуу хашаатай иргэд дэлгүүр, түц барих, дугуй болон авто засвар ажиллуулах зэргээр л үнэд хүргэж байна. Энэ нь өрхдөө эдийн засгийн үр ашигтай ч  цэвэр тохилог орчинд амьдрах нөхцөл болж чадахгүй байгаа юм” хэмээв.
Нөгөө талаар аж ахуйн нэгжүүдэд газар өмчлөх санал ч гарлаа. Учир нь тухайн газар дээрх барилга байгууламж нь хувийн аж ахуйн өмч. Гэтэл доорх газар нь өмчид хамаарахгүй эзэмших гэрчилгээтэй байгаа нь хуулийн бас нэг гажуудал хэмээж байна.

Нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газрын судалгаагаар Улаанбаатар хотод 12600 га талбайд гэр хороолол бий. Үүнд 180 мянган өрхөд 570 гаруй мянган иргэн амьдарч буй юм. Тэгвэл Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн хөгжлийн газрын дарга н.Батбилэг “Төвийн бүсийн гэр хороолол, дундын бүсийн гэр хороолол, захын бүсийн гэр хороолол гэж гурав хуваан үзэж байгаа. Ингээд гэр хороололд хоёр дэд, 24 бичил төв байгуулна. Эдгээрт өндөр болон дунд давхарын орон сууц барьж төвийн бүсийн инженерийн шугам сүлжээнд холбох юм. Мөн захын бүсийн гэр хороололд 200-300 өрхийн дунд хэсэгчилсэн шугам сүлжээ байгуулах ёстой. Улаанбаатар хотын 2017-2021 он хүртлэх дунд хугацааны хөтөлбөр одоо хэлэлцэгдэн батлагдаж байна. Ийм учраас ирэх гурван жилд   20-30 мянган өрхийн инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн асуудлыг шийдэж утаагүй, тохилог орчинд амьдрах нөхцөл бүрдүүлнэ” гэж мэдээллээ.
 Эцэст нь хэлхэд газар өмчилж эхэлсэнээс хойш л Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах, инженрийн шугам сүлжээнд холбох, дэд бүтцийн асуудлыг шийдэх тухай ярьж ирсэн. Гэвч өнөөдөр Ханын материал, Толгойт зэрэг гэр хороололд дахин төлөвлөлтөөр баригдсан хэдхэн орон сууцнаас хэтрээгүй л байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан