МЧБХ-ны өчигдөр, өнөөдөр
2017 оны 5 сарын 15

А.ЦАГААН


2009 оноос хойш Монголын чөлөөт бөхийн холбоо уналтад орж, энэ хугацаанд ерөнхийлөгчөөр болон Удирдах зөвлөлд ажилласан хүмүүсийн алдаатай бодлогоос болж амжилт муутай байсан гэх дүгнэлтийг төрүүлэхүйц мэдээллүүд энэ олон жил хэвлэлээр хангалттай цацагдсан. Үүнээс өмнөх он жилүүдэд амжилт арвинтай байсан гэх. Чухам аль нь үнэн болохыг дэнслэхээр 1993-2008, 2009-2016 он хүртэл хугацаанд Монголын чөлөөт бөхийн холбоо ямар амжилт гаргаж байв, хэчнээн медаль авсан, чөлөөт бөхийн хөгжилд ямар хувь нэмэр оруулсан болоод бусад мэдээллүүдийг нь тоймлон хүргэхээр бэлтгэлээ.
Ингээд эхлээд Монгол Улсын ардын багш, гавьяат дасгалжуулагч, Зууны манлай шүүгч А.Басхүүгийн ажиллаж байх үеийн буюу 1993-2008 он хүртэлх хугацаанд МЧБХ-ныхон ямар амжилт гаргаж байсныг нь хамтдаа сонирхоё.

Олимпод гаргасан амжилт

Энэ хугацаанд 1996, 2000, 2004, 2008 оны зуны олимп болсон ч харамсалтай нь нэг ч медаль авч байгаагүй.

ДАШТ-ээс авсан медалийн тоо

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нийтдээ 7 медаль хүртсэн амжилт үзүүлж байжээ. Ингэхдээ гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн байдаг юм байна. Тодруулбал, таван эрэгтэй, хоёр эмэгтэй тамирчин медаль хүртэж байжээ.   

Шагнал урамшуулал 

Д.Адъяатөмөр гуай Монгол Улсын гавьяат дасгалжуулагч болжээ.

FILA-гийн дээд шагнал

1993-2008 он хүртэлх хугацаанд алт, мөнгө, хүрэл одонгоор нийтдээ есөн хүнийг шагнуулсан байна. Ингэхдээ дандаа дарга нарыг шагнасан байх юм. Харин бөхчүүдээс Ойдов, Баянмөнх, Мөнхбат гурав шагнуулжээ.

Орон сууцаар шагнасан байдал

“Алтайн барс” клуб Пүрэвбаатарт, “Женко” компани Наранбаатарт орон сууц бэлэглэж байжээ.

Олон улсын тэмцээн шүүх хоёр л шүүгчтэй байж

А.Басхүү олон улсын шүүгчийнхээ хувьд олимпыг 8 удаа,  ДАШТ-ийг 25 удаа дэнсэлж байжээ. Мөн энэ хугацаанд түүний төрсөн дүү Баасанхүү 8 удаа ДАШТ, Азийн тэмцээнийг 14 удаа шүүж байсан сонирхолтой дүр зураг гарч ирж байна. Хамгийн хачирхалтай нь, энэ үед олон улсын шүүгчээр нэг ч хүнийг бэлдээгүйгээс гадна ах, дүү хоёроос өөр нэг ч хүн олон улсын тэмцээн дэнсэлж байгаагүй байх юм. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд А.Басхүү шүүгчийнхээ хувиар дарангуйлал тогтоож байж гэж хэлж болохоор.

Материаллаг баазын дэмжлэг
Байхгүй

Эх орондоо зохион байгуулсан тэмцээн

1993, 2001 онд буюу ердөө хоёр удаа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулсан байна. 
Харин одоо 2009 оноос хойш энэ их айлыг жолоодож дэлхийн аваргын медаль, тэр дундаа 1980 оноос хойш тасраад байгаа эрхэм медалийг эх нутагтаа авч ирэх гавьяанд гар бие, сэтгэл зүрхээрээ нэгдэн ажилласан “Гацуурт”-ын гэх Л.Чинбат болон Д.Дагвадорж нарын ажиллаж байсан үеийн тоон мэдээллийг тоймлон хүргэе.

Олимпод гаргасан амжилт

С.Батцэцэг “Лондон-2012” оны олимпын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд барилдан хүрэл медаль хүртсэн. Энэ амжилтаараа чөлөөт бөхийн төрлөөр медаль хүртсэн хамгийн анхны эмэгтэй тамирчин болов.

ДАШТ-ээс авсан медалийн тоо

Нийтдээ 22 медаль хүртсэний гурав нь алт, найм нь мөнгө, 11 нь хүрэл медаль юм байна.
 
Шагнал урамшуулал

Долоон жилийн хугацаанд Монголын чөлөөт бөхийн холбооноос 11 гавьяат тамирчин, 10 гавьяат дасгалжуулагч төрөн гарчээ. Мөн 2015 оны ДАШТ-д амжилттай оролцсон тамирчдаа урамшуулах зорилгоор 1 кг алтыг нэг хүнд, 0,5 кг алтыг гурван хүнд, 0,3 кг алтыг нэг хүнд өгсөн байна. Түүгээр ч зогсохгүй МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүдийн санаачилгаар найман авто машиныг тэмцээн, уралдааны бай шагналд болон амжилт гаргасан хүмүүстээ бэлгэнд өгч байсан тоон мэдээ байх юм.

Орон сууцаар шагнасан байдал

Энэ хугацаанд тамирчид, дасгалжуулагчдын амьдралд дэмжлэг болгох үүднээс холбооны Удирдах зөвлөлийн гишүүд гаргасан амжилтаас нь шалтгаалж 2-3 өрөө байраар 15 хүнийг шагнаж урамшуулсан байна.

FILA-гийн дээд шагнал

Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооны дээд шагнал болох “Алтан одон”-гоор Б.Болд, Х.Баттуул, Д.Сумъяабазар, М.Энхболд, Л.Чинбат, Д.Дагвадорж нар шагнуулж байжээ. Харин “Мөнгөн одон”-гоор Ж.Түмэн-Аюуш, Ч.Дамдиншарав, С.Магсар, Г.Бат-Эрдэнэ, Ч.Наранбаатар нар шагнагдсан бол “Хүрэл одон”-г Х.Бат-Эрдэнэ, Д.Болдбаатар, Ч.Насанбат, Г.Өсөхбаяр, А.Сүхбат, Ц.Нацагдорж, Д.Сэрээтэр, Ж.Бат-Эрдэнэ, Б.Мөнхбаатар, Я.Содбаатар нар хүртжээ. Мөн FILA-гийн дээд шагналыг Д.Дагвадорж аварга хүртэж байсан аж.

Олон улсын тэмцээн шүүх эрхтэй 28 шүүгчтэй болжээ

Шүүгчид олноор бэлтгэгдэн гарсан он жил байжээ. Ингэхдээ хоёр ч шүүгч олимпын наадам дэнсэлж, Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөсөн байна.

Материаллаг баазын дэмжлэг

-“Хасу”-гийнхан гурван дэвжээтэй иж бүрэн бэлтгэлийн заал, тамирчдын байртай болгов.
-Хуучин “Олимп” сургуулийг иж бүрэн засварлаж Охидын академи байгуулав.
-Арслан клубынхан шинэ заал барив.
-Зургаан дэвжээ, саун, дүштэй  зуны кэмптэй болов.
Мөн энэ хугацаанд 10 аймгийг бөхийн дэвжээгээр хангажээ. Хөдөө, орон нутгаа дэмжих чиглэлийн хүрээнд мөнгөөр шагнаж урамшуулснаас гадна аймгуудыг хувцас, хэрэглэл, эм витаминаар хангасан байна.

Эх орондоо зохион байгуулсан тэмцээн

2013, 2014 онд Ази тивийн өсвөрийн болон залуучуудын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулжээ. 2013 онд эмэгтэйчүүдийн багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 2011 оноос  одоог хүртэл “MGL open” олон улсын тэмцээнийг зохион байгуулж байна. Мөн 2015 оноос эхэлж “Aса кап” гэх өсвөр үеийнхний дунд олон улсын тэмцээн зохион байгуулж иржээ. Азид өөр өсвөр үеийнхний олон улсын тэмцээн байдаггүй билээ. Харин 2016 олимпын эрх олгох дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж, гадаадын нэртэй бөхчүүдийг дэргэдээс нь харах боломж олгож байжээ.
Энэхүү хоёр үеийн амжилт, бүтээн байгуулалтыг хүмүүс янз янзаар л ярьдаг. Тэгэхээр дээрх тоон мэдээлэл хэн нь илүү сайн ажилласан юм бэ гэдэг дүгнэлт гаргахад танд туслах болов уу. Ямартай ч эцсийн дүгнэлтийг хийх эрхийг нь уншигч танд үлдээе.

Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Фото үзэх
Видео үзэх
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.