Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Эрдэнэмөнх: Би өөрийн гэсэн зорилго тавьж мужаан болсон


Арабын нэгдсэн Эмират улсын Абу Дабу хотод 10 сард болон “Дэлхийн ур чадвар” /World skills/ олон улсын тэмцээний өмнөх сорилго – “Монгол ур чадвар” тэмцээн 2016, 2017 онуудад гурван үе шаттайгаар явагдаж өндөрлөлөө. Тус олон улсын тэмцээнд манай улс таван мэргэжлээр оролцохоор бүртгүүлсэн бөгөөд мужаанд Н.Эрдэнэмөнх, сантехникт Долгормаа, өрөг угсралтад Мягмарсүрэн, цахилгаанд Төгөлдөр, гагнуурт Ж.Жанлав-Ойдов нар шалгараад байна. Эдгээр тамирчдыг Монгол улсын шилдэг залуу мужаан, сантехникчид хэмээн нэрлэж болно. Учир нь Монгол орон даяар үйл ажиллагаа явуулдаг МСҮТ-д суралцагч 43 мянган хүүхдээс шилдгээр шалгарсан таван тамирчин бол эд юм. Ингээд тэдний төлөөлөл болгож, Монгол улсын шилдэг залуу мужаан Н.Эрдэнэмөнхийн ярилцлагыг та бүхэндээ хүргэе.


-Олон улсын тэмцээнд орох эрхээ гардан авсанд баяр хүргэе. Сэтгэгдлээ хуваалцаач?
-Олон жил зүтгэж, олон улсын тэмцээний эрхээ авсандаа баяртай байна. “Монгол ур чадвар”-ын тэмцээнд нийт найман удаа оролцсон. Хоёрдугаар байрт гурван удаа орж, хоёр удаа түрүүлсэн. 2012 оноос хойш түрүүлэхийн төлөө өөрийгөө бэлдсэн гэж хэлж болно. Дунд нь хагас жил л бэлтгэлгүй завсарласан байх. 2015 онд Нармандах гэж хүүхэдтэй эцсийн шатанд шалгарч, бутархай оноогоор ялагдсан. Нармандах маань тэр жилээ Бразилд болсон ”Дэлхийн ур чадвар” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон. Энэ жил хоёр дахь удаагаа эцсийн шатанд шалгарч, түрүүлсэндээ их баяртай байна.

-Тухайн үед түрүүлж чадаагүйдээ ямар дүгнэлт хийж байв?
-Хичээх хэрэгтэй юм байна гэж бодогдож байсан.Миний бэлтгэл жаахан тааруу, өөртөө итгэл муутай оролцсон л доо. Жаахан бэлтгэл хийсэнсэн бол сэтгэл зүй өндөр байх байсан гэж боддог. Сая эцсийн шатны тэмцээнд орохын өмнө өөртөө итгэлтэй байсан. Гэхдээ мэдээж бага зэргийн айдас бол байсныг нуухгүй.

2014 онд эцсийн шатанд шалгарсан хоёр тамирчныг Солонгост 21 хоног бэлтгэл хийлгэсэн юм. Тэнд 21 хоног сурахдаа энд нэг жил сурсантай тэнцэхүйц зүйлийг мэдэж авсан. “Дэлхийн ур чадвар” тэмцээнд Өмнөд Солонгост арав оролцсоноос есөд нь медаль авч байсан улс. 2019 онд Олон улсад оролцох тамирчин нь одоо аль хэдийнэ шалгараад, бэлтгэлдээ орчихсон байгаа. Тэдний олон жилийн туршлагыг газар дээрээс нь суралцах бол бидэнд маш том боломж. Харин бид дотооддоо,“Дэлхийн ур чадвар” тэмцээнд ирж байсан даалгавруудыг татаж авч, бэлддэг. Эксперт багш нь оноо өгч шүүдэг. Өглөөнөөс орой хүртэл сургууль дээрээ бэлтгэл хийнэ. Шилдэг таван хүүхэд маань 10 сарын тэмцээнээс өмнө Герман улс руу явна. Мужаанаар Европтоо Герман, Азидаа Өмнөд Солонгос толгой цохидог.

Өнгөрсөн удаагийн тэмцээнийг бодоход энэ жил бэлтгэл хийх нөхцөл харьцангуй сайжирсан. Тоног төхөөрөмж, материал бааз сайн. Бэлтгэлийг эрчимтэй хийх боломжтой. “Дэлхийн ур чадвар” тэмцээнд амжилттай оролцоно, медаль хүртэнэ гэсэн зорилготой байгаа.

-Энэ жил та нар эхний шатанд 3D, сүүлийн хоёр шатанд 2D загвар бүтээж өрсөлдлөө. Хийхэд хэцүү биз?
-Дэлхийн ур чадварын тэмцээн мужааны гурван төрлөөр аваргаа шалгаруулдаг юм. Барилга, тавилга, дотоод заслын мужаан гээд. Бид нар дотоод заслын мужаанаар өрсөлдөнө. Дотоод заслын даалгавар нь 2D, 3Dзагварын хавтан, шатан хийц, хаалга, цонх хийж өрсөлддөг юм. 570-аас дээш оноо авбал алтан медаль хүртэх болзлоо хангана. 540-өөс дээш хүрэл медаль байдаг гэсэн. 500-аас дээш оноо авбал тусгай байрт орж, дэлхийд өндрөө үнэлэгдэж байна гэсэн үг. 2015 онд Монголын тамирчин Нармандах анх удаа оролцож байгаа гэхэд 480 оноо авч, өндөр амжилт үзүүлсэн.

-Танай удамд гарын дүйтэй хүн бий юу. Анхны багш гэвэл?
-Аав маань миний анхны багш. Аав маань гарын их дүйтэй хүн. Би 12 наснаасаа сийлбэр хийсэн. Сийлбэрт их хоббитой. Би өөрөө Хөвсгөлийн Жаргалант сумынх. Сийлбэрчин болно гээд Дарханд ирсэн чинь тийм анги байхгүй болохоор нь ойролцоо гээд мужааны ангид элсэж орсон. 2014 онд Дарханаас анх удаа ирж тэмцээнд оролцоход Бат-Орших маань эхний тэмцээнд хоёрт ороод, Нармандах тэргүүлсэн. Хоёрдугаар шатанд би Нармандахтай ойролцоо амжилт үзүүлсэн. Тэгэхэд Бат-Орших гуравт орсон. Бид гурав ингэж нэг дэвжээнд олон жил уралдсан. Сая Бат-Орших бид хоёр хоёулаа үлдсэнээ мэдээгүй. Эцсийн шалгаруулалтад таарчихсан.

Нармандахыг би ялж чадаагүй ч гэсэн Нармандах, Бат-орших хоёроос давуу нэг зүйл нь би сийлбэрт дуртай. Нарийн мэдрэмж шаарддаг ажил шүү дээ. Хоббитой болохоор болох, болохгүй юм их хийдэг хүүхэд байсан. Би хэзээ ч өөртөө гутардаггүй. Төрийн том сийлбэрчдийн бүтээлийг хараад бахархдаг. Аав маань миний алдаа, оноог хэлж зааж өгдөг. Багадаа СУИС-ийн сийлбэрийн ангид орно гэж мөрөөддөг байсан. “Дэлхийн ур чадвар”-ын тэмцээнд оролцож ирээд дахин суралцана гэж бодож байгаа. Бүтээлийн хувьд бага сага юм бий. Нэг хэсэг захиалгаар элдэв зүйл хийсэн. Тэмцээний бэлтгэлд орсноос хойш тэгж чадахаа больсон.

-Бэлтгэл хийхэд тусалж дэмждэг ямар хүмүүс байна?
-Олон хүн байна. Аав, ээж маань намайг үргэлж дэмждэг. Утсаар ярихдаа ганцхан зүйл л захина. “Миний хүү бэлтгэлээ л сайн хийгээд байгаарай. Зорилгодоо хүрээрэй” гэдэг. Миний анхны мэргэжлийн багш бол Дархан-Өргөө политехникийн коллежийн багш Д.Сумъяа. Ер нь миний анхны хоёр багш бол аав, тэгээд Д.Сумъяа багш хоёр. Техник технологийн дээд сургуулийнБ.Батхүүбагш маань намайг үргэлж дэмждэгт талархаж явдаг. Залуу багш Гантүлхүүр, Анхаа, эксперт багш Мөнхмандах, мөн захирлууд маань намайг маш их дэмждэг. Бэлтгэл хийх боломжийг бүхий л талаар олгодог Германы хамтын ажиллагааны нийгэмлэгт баярлаж явдгаа бас хэлмээр байна. Олон улсын зөвлөх багш Эрих багш маань манай сургууль дээр багшилж, бидэнд ихийг заадаг.

-Сургуулиа төгсөөд цаашид хэрхэх тухайгаа бодсон л биз дээ?
-Би сургуулиа 2016 оны 1 сард төгссөн. Төгсөөд гэртээ харьсан. Цэрэгт ч явчихдаг юм уу гэж бодоод, аав, ээжид хэлтэл “Өөрөө мэдэхгүй юу” гэсэн. Комиссоор орохын өмнө тэмцээний тухай дуулсан байсан болохоор сэтгэл нэг л гэгэлзээд байсан. Тэгэхээр нь явахаа болиод гараад ирсэн. Гэтэл дараахан нь “Монгол ур чадвар” тэмцээн болох гэж байна гээд над руу утасдсан. Сургуулиа төгсөхөд Дархан-Өргөө политехникийн коллеж, Техник технологийн дээд сургууль хоёроосоо хоёулангаас нь багшлах урилга авч байсан. Багшлах бодол бол бий. Гэхдээ өөрийн гэсэн цехтэй болоод, дуртай юмаа хийж, тэрнээсээ кайф авч амьдрах юмсан гэж боддог.

-Боловсролын тогтолцоо гажуудаад бүгд л их, дээд сургууль зүтгэх болж. Ажлын байртай болж байгаа нь цөөхөн. Гэтэл МСҮТ-д их ирээдүй байгаад байдаг?
-Ирээдүй бий. МСҮТ-д суралцагч хэн ч байсан мэргэжилдээ дуртай, өөрөө хичээлтэй, зүтгэлтэй байвал бүх боломж байгаа. Дуртай юмандаа хүн хүчтэй байдаг. Тэрэнд би эргэлздэггүй. Зарим суралцагчийг хараад байхад сургуулиа дутуу үнэлдэг, сургуулийнхаа талаар санаа зовоод бусдад ярьдаггүй тал ажиглагддаг. Бүх мэргэжил хамгийн сайхан. “Би мэргэжилдээ дуртай, бусад нь хэнд хамаатай юм бэ” гэж боддог. Төгсөөд ажлын байр олдохгүй гэвэл хувиараа ажиллаад явж болно. Ажлын байр зөндөө байдаг. Би төгсөөд таван компаниас ажлын санал авч байсан. Би өөр зүйлд зорилго тавьдаггүй хэрнээ мужааны мэргэжлээр бол би өөрийн гэсэн зорилготой хүн.

-Ярилцсанд баярлалаа. Олон улсын тэмцээндээ амжилт гаргаарай.

0 Сэтгэгдэл
Ёстой мундаг залуу байна. Амжилт хүсье!
Хамгийн их уншсан