Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Жавхлан: Эрх баригчдын худал жүжигт оролцож тэднийг өнгө оруулаад өөрөө өнгө алдаад суухгүй

Т.ЭРДМАА

УИХ-ын гишүүн С.Жавхлан эрх баригчид тавьсан шаардлагуудыг нь биелүүлэхгүй байгаа тул хурлаа хаясан, цаашид тэмцэлээ үргэлжлүүлэх тухай мэдээлэл хийв. Ингээд түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Та тавьж буй шаардлагуудаа товч танилцуулахгүй юу?
-Би дөрөвдүгээр сарын 19-нд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, намын дарга нарт дөрвөн зүйл шаардлага хүргүүлсэн. Эхнийх нь хилийн чандад данстай УИХ-ын гишүүдийн нэрсийг санаачилга гарган зарлах ёстой. Тэгээд УИХ-ын гишүүнээс нь татаач ээ гэдэг шаардлага бий. Хоёрт мөн л хилийн чандад данстай төрийн албан хаагчдын нэрсийг олон нийтэд зарлаж ажлаас нь чөлөөлөх хэрэгтэй гэсэн. Гуравт намын гишүүдийнхээ хилийн чандад байгаа мөнгийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэрс тодорхоос өмнө гаргаж ирэх шаардлага тавьсан. Дөрөвт эрх баригч МАН татварын асуудлыг эргэн харж гаргасан буруу шийдвэрээ засч ард түмнээс нэн даруй уучлалт гуйх шаардлага тавиад бараг нэг сар боллоо.   Хэрэв энэ шаардлагуудыг биелүүлэхгүй бол УИХ-ын чуулган, Байнгын хорооны хурлыг хаяхаа мэдэгдсэн юм.

-Тавьсан шаардлагад тань ямар нэг хариу өгсөн үү?
-Харин өнөөг хүртэл ямар ч хариу өгсөнгүй. Монгол хүний уужуу сэтгэлээр хариуг нь хүлээж байгаа. Гэтэл ажил хаялт зарлаж тэмцэл өрнүүлж байхад Жавхлан хурал таслаж байна гэж олон нийтэд мэдээлэх болсон. Тэгэхээр “Би хурал таслаагүй. Тэвчишгүй зүйлтэй тэмцэж байна. Иймд хурал тасалсан гэж үзэж байгаа буруу мэдээллээ залруулж өгнө үү” гэсэн утагтай бичиг УИХ-ын даргад явуулаад байна. Өөрсдөө хурал таслаад явахаар тэр нь шал өөрөөр ойлгогддог. Учир нь ямар нэг асуудал таалагдахгүй байна гээд нам, бүлгээрээ чуулган хаяад гараад явдаг биз дээ. Гэтэл Жавхлан энэ зүйлүүд чинь таалагдахгүй байна гээд чуулган орхихоор тасалсан болдог таарахгүй.

-АТОЗ гэж байгуулсан хүмүүс таны яриад байгаа хилийн чандад данстай улс төрч, төрийн албан хаагчидын эсрэг тэмцэж жагсаал цуглаан хийж байгаа. Та тэдэнтэй холбоотой  байгаа юу?
-Би тэдний үйл ажиллагааг дэмжиж байгаа. Тэдний жагсаал цуглаанд оролцож энэ шаардлагаа нэр бүхий албан тушаалтануудад өгсөн.

-Гадаад данстай улс төрчдийн судалгааг АТОЗ-ийн нөхдүүд хийж байгаа гэсэн. Энэ талаар танд ямар нэг мэдээлэл байна уу?
-Энэ талаар одоохондоо ямар нэг мэдээлэл алга. Гэвч судлагдаад олон улсад зарлагдаад нэр нь тодорсон хүмүүс байгаа шүү дээ. Тэдний хулгайлсан мөнгийг авч ирж чадахгүй Ерөнхийлөгчөөр яах юм. Ерөнхийлөгчийн сонгууль одоо боллоо. Гэтэл Монгол Улсаас хуйлгалсан мөнгийг авч ирж чадахгүй байгаа хүн нэр дэвшиж байна. Тэр хүн монголчуудыг зөв талруу чиглүүлээд авч явж чадах нь эргэлзээтэй. Миний тавьсан шаардлагуудыг биелүүлж чадахгүй бол Ерөнхийлөгчид нэр дэвшиж, сонгууль хийгээд ч хэрэггүй.

-Тэгэхээр таны тавьсан шаардлагуудад хариу өгөөгүй гэлээ. Энэ янзаараа байх юм бол та цаашид хэрхэх вэ?
-Тэмцэлийн дараа дараагын шат руу шилжинэ. Монгол Улсад УИХ-ын бие даагч гишүүн хурал хаяж байгаа анхны тохиолдол болж байна. Монголчуудынхаа өр зүрх рүү өшиглөдөг, доройтсон хар бараан газарт байгаад байх нь хэцүү. Ард түмнийгээ харалган болгох гэж оролддог, шуналтай хувалз шиг сэтгэлтэнгүүд дотор Жавхлан хуралдаж байна гэж харагдаад худал жүжигт нь оролцож тэднийг өнгө оруулаад өөрөө өнгө алдаад суух нь буруу ч юм уу гэдэг бодол төрж байна. Тэгэхээр цаашид асуудал хөвөрнө. Их зүйл болно.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан