Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Алдар”-ынхан алдар нэрэндээ ханачихсан уу

А.ЭРХЭС

Спортоор хичээллэсэн хүн бие бялдрын хөгжилтэй болдгоос гадна сахилга батад суралцаж, эрэмбэ дараа, ах захаа хүндэтгэх хүмүүжлийг олж авдгийг энд бичээд суух уг нь илүүц. Гэвч сүүлийн үед тамирчдын “би” гэх өвчин хүндэрч байгааг хараад үглэн дуу тавихаас аргагүйд хүрэв. Энэ удаад Монголын чөлөөт бөхийн холбооны зарим тамирчны гаргаж буй ёс зүйгүй үйлдлүүдээс нь жишээ болгон дурдъя.


Тамирчдын ёс зүйн хэрээс хэтэрсэн жишээ нэг. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр Спортын төв ордонд байрлах Монголын чөлөөт бөхийн холбооны албан өрөө, холбооны эд хөрөнгө, иргэний эрх чөлөөнд халдсан үйл явдал гарсан. Энэ хэргийг Ц.Цогтбаяр, Ц.Хосбаяр, Л.Энхбаяр нарын хэсэг дасгалжуулагч, БХЯ-ны харьяа “Алдар” спорт хорооны тамирчид тухайлбал, гавьяат тамирчин Г.Мандахнаран, С.Цэрэнчимэд, олон улсын хэмжээний мастер П.Орхон, Б.Одончимэг, Э.Цэвэгмид нарын хорь гаруй тамирчин хүч түрэн дайрч орон үйлдсэн байдаг юм. Ийн дайрч орохдоо хурлын төлөөлөгчдийн мандат, хурлын материал зэргийг хүчээр булаан авч, ширээ сандал, компьютер, принтер зэрэг эд зүйлсийг эвдлэн бусниулсан байдаг.

Жишээ хоёр. Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран TV5-ын “Зэвүүн яриа”-гаар орохдоо холбооныхоо  нэр хүндэд халдаж, удирдлагуудаа, багш дасгалжуулагчдаа хангалттай доромжилсон. Үнэндээ энэ ярилцлага түүнийг ямар ухамсартай, ёс зүйтэй тамирчин бэ гэдгийг харуулсан.

Идэж байсан тогоотой хоол руугаа цадчихаад нулимаад, шүдээ чигчилсэн модоо шидчихдэг өөдгүй зан уг нь ямар ч ухамсарт монгол хүнд баймааргүй. Гэтэл дээрх үйл явдал үүнтэй адил харагдах...

Бас нэгэн жишээ, Ердөө хоёр сарын өмнө Монголын чөлөөт бөхийн холбоо үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдынхаа нэрсийг албан ёсоор зарласан. Энэхүү шигшээ багт мөн л “Алдар”-ын дээрх тамирчид багтсан байсан.
Харамсалтай нь, улсын төсвөөс сар орчмын хугацаанд бэлтгэлд гарах зардлыг нь гаргаж өгсөөр байхад шигшээ баг нэгдсэн бэлтгэл цугларалтад гаралгүй, тусдаа бэлтгэл хийснээс үүдэн Энэтхэгийн Дели хотноо болох насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжгүй байдалд хүргэсэн. Уг нь, шигшээ багийн тамирчид Азийн АШТ-ий бэлтгэлд нэг, ДАШТ-ий бэлтгэлд хоёр сар гаруй хугацаанд нэгдсэн бэлтгэлд хамрагдах ёстой байдаг байна. 

Мөн тухайн жилийн УАШТ-д түрүүлсэн тамирчин Азийн АШТ-д оролцох давуу эрх эдэлдэг гэдгийг багш дасгалжуулагч, тамирчид бүгд мэддэг. Энэ ч үүднээс тивийн аваргад эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ОУХМ С.Батболд, 61 кг-д гавьяат тамирчин Э.Ням-Очир, 65 кг-д ОУХМ Н.Лхамгармаа, 70 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, 86 кг-д О.Үйтүмэн, харин эмэгтэйчүүдээс П.Орхон, С.Цэрэнчимэд нарыг  оролцуулахаар тооцоолж байсныг нь гадарлаж байсан нь лавтай.

ҮШБ-ийн алба, чөлөөт бөхийн холбооныхон өнгөрсөн сарын 10-нд тусдаа бэлтгэлд гарсан тамирчдын дасгалжуулагч нартай уулзаж, тамирчдаа нэгдсэн бэлтгэл цугларалтанд нь гаргаж, Азийн АШТ-ий мэдүүлэгт нэрсийг нь оруулахыг албан ёсоор шаардсан байдаг ч тусыг эс олсон.

Ийнхүү тооцоолсон тамирчдаа тэмцээнд оролцуулах гэж багагүй цаг хугацаа алдсан холбооныхон өнгөрсөн сарын 13-нд эцсийн мэдүүлгээ явуулсан ч Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо “Athena” системд бүртгэх боломжгүй хэмээсэн нь МЧБХ-ны хийж буй ажлыг харлуулах гэж улайран зүтгэгчдэд харин ч нэг амттай “бялуу” болсон байж магад.

Гэвч дээрх тамирчид багш нарынхаа үгээр биш, өөрийн толгойгоо ажиллуулаад заасан цаг хугацаанд нь ирээд бэлтгэл сургуулилтаа базаасан бол эцсийн мэдүүлгийг цагт нь өгөх, өөрсдөө ч тивийн аваргад оролцох бүрэн боломжтой байлаа.

Ямартай ч Монголын чөлөөт бөхийн холбоо асуудлыг нааштайгаар шийдэхийн төлөө шуурхай ажилласны үр дүнд манай тамирчид, дасгалжуулагчид Азийн АШТ-д цаашлаад ДАШТ-д оролцох эрхтэй болсон баярт мэдээг, дараагаар нь эцсийн мэдүүлэгтээ шинэ залуу тамирчдыг багтааснаа дуулгасан. Мэдүүлэгт багтсан тамирчид ч тэмцээндээ амжилттай оролцож, чөлөөт бөх сонирхогчдыг энэ хэд хоног ярих зүйлтэй болголоо.

Тэднийг хэн “эвдэв”

Үнэндээ тэд чаддаг. Дэлхийн аль ч дэвжээн дээр барилдсан ялалтыг авах бүрэн боломжтой. Чаддаг учраас ард түмэн тэдэнд найддаг. Гэвч тэдний нэртэй Монгол Улс гэх нэр ямагт хамт явдгийг, чаддаг болгохын тулд хэчнээн их хөрөнгө мөнгө, хөлс хүч зарцуулсныг мартах учиргүй л баймаар...

Энэ мэтээр өнгөрсөн үйл явдлыг холбооныхны хариуцлагагүй байдал гэж харахаас илүүтэй том толгойлсон тамирчид, дасгалжуулагчдыг ёс зүйн алдаа гэдгийг сошиалаар тархсан мэдээллүүдийн доор бичсэн сэтгэгдэлүүдээс нь харж болохоор байна. Түүгээр ч барахгүй Үндэсний шигшээ багийн албатай байгуулсан гэрээгээ умартаж,  цугларалтад дуудаад ирээгүй тамирчдад хариуцлага тооцох хэрэгтэйг ч сануулжээ.

Угтаа бол дээрх тамирчдын цугларалтад гараагүй энэ тохиолдол нь БТСГ-тай хийсэн контракт гэрээ, ҮШБ-ийн үйл ажиллагааны журмыг хамгийн ноцтойгоор зөрчсөн зөрчил аж. Тиймдээ ч тэдний асуудлыг удахгүй ҮШБА, БТСГ-ын удирдлагууд ярилцаж хэрхэхээ шийдэх биз.

Уншигч та анзаарсан л байх. Миний ёс зүйгүй авирласныг нь гайхаад, нийтлэлийнхээ баатар болгон бичээд буй тамирчид бүгд Батлан хамгаалах яамны дэргэдэх “Алдар”-ынхан. Тэд эндээс л цалин авч, энд л бэлтгэл хийж өнөөгийн амжилтад хүрсэн. Тэд цэргийн хатуу дэгээр тамирчин бас хүн болж төлөвшсөн. Энэ нийгэмлэгээс цалинжиж, бэлтгэл сургуулиа хангадаг орон тооны ажилчид. 
Гэтэл... энд дүгнэлт хийхээс өмнө спортын сэтгэл судлаач Ph.D  Ш.Долгор гуайн ”Биеэ тоосон тамирчдаас юу ч хүлээх шаардлагагүй” гэж ярьж байсныг нь эргэн нэг саная. Тэр яриандаа “Шигшээ багт “би л хамгийн мундаг нь юм чинь би бүхнээс дээгүүр” гэж дур зоргоороо аашилдаг тамирчин, дасгалжуулагч нар бусаддаа буруу үлгэр дууриал үзүүлдэг. Энэ биеэ тоосон байдал нь ялагдлын үндэс болдог. Биеэ тооно гэдэг чинь хүн өөрийнхөө боломж бололцооны хамгийн дээд төвшинд хүрчихлээ гэсэн үг. Тамирчин хүн ямар үед өндөр амжилт гаргадаг вэ гэвэл өөрийгөө чамлаж голсон үедээ хүссэн амжилтдаа хүрдэг” хэмээн дурдсан байсныг нь сануулахад илүүдэхгүй болов уу.  Тиймээс түүний хэлснээр бид одооноос том толгойлж байгаа тамирчдаасаа юу ч хүлээх шаардлагагүй. Өөрийн эрх ашгаас илүүтэй Монгол улсынхаа эрх ашгийг өмнөө тавьж, тэд бэлтгэл сургуулилтдаа хамрагдах үүрэг хүлээсэн хүмүүс. Тэд хувьд хүн байлаа ч Монгол улсын өмнө хариуцлага хүлээсэн спортын “цэргүүд”. Монголчууд тамирчдаа үргэлж дээдэлж хүндэлдэг. Хүний сайн гэсэн бус Монгол Улсын нэр нүүр, Монгол улс гэсэндээ тэдэнд итгэж хайрладаг юм. Харин ард түмнийхээ энэ хайр хүндлэлийг даах чадвар, ёс зүй тэдэнд төлөвшсөн байх ёстой.

Гэтэл хэн тэдэнд өнгөрснөө нулимах, ирээдүйгаа хүндлэхгүй байх ёс зүй, зан авирыг суулгаад өгчихвөө. “Алдар” нийгэмлэгээс үе үеийн алдартнууд төрөн гарч тив дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг өндөрт өргөн, цуурайтуулж явсан бахдам түүх олон бий. Яг одоо ид үедээ яваа залуучууд тэдгээр амжилтыг нь ахиулж, шинээр анхдагчийг бий болгох ёстой баймаар. Гэтэл яагаад өөрсдийнхөө амжилтад ханачихваа. Тэднийг хэн ингэж “эвдээд” байна вэ. Харин ч цэргийн дэгээр хатуужин, амжилтын төлөө зүтгэх ёстой тамирчид маань яагаад хоол идсэн тогоо руугаа нулимах болов гэх асуултууд хариултаа авч чадахгүй байсаар л.

Төрийн албан хаагч шиг улсаас дөрвөн жилийн хугацаанд цалин, хувцас хэрэглэл, эм витаминжуулалт, бэлтгэл цугларалтын зардал, гадаад уралдаан тэмцээний зардлаа гаргуулж авч байж ийм сахилга батгүй, ёс зүйгүй байж боломгүй. Өнөөдөр улс эх орны эдийн засаг хүндрэлтэй байгааг хаа хаанаа мэдэж буй. Тиймээс татвар төлж буй хүмүүсийн мөнгийг ийм сахилга батгүй, дэг журамгүй тамирчдад зарцуулж байгаа нь харамсалтай байна. Улсын хөрөнгөөр, татвар төлөгчдийн мөнгөөр тэмцээн, уралдаанд оролцож тамирчныхаа эрхийг хангалттай эдэлж байгаа шигээ үүргээ ч сайн биелүүлэх ёстой бус уу. 
Тиймээс өөрсдийн гаргасан өчүүхэн амжилтдаа эрдэлгүй, өргөсөн тангаргаа эргэн нэг санаад, оддын өвчнөөс холхон байж ёс зүйтэй байхгүй л бол ард түмэн хайр хүндлэл мөнхөд байдаггүйг, төр төмөр нүүртэйг мартаагүй гэж найдъя. 

0 Сэтгэгдэл
Zahialgat bichleg l bna ASSA.MN geheer henii ner orj irj bna hahah ylzarsan chuluut buhiin udirdlagiig shinechleh estoi!!!
улсын мөнгийг цусалж байж ажлаа сайн л хий
Хамгийн их уншсан