Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Гантулга: Нийслэлд 3030 барилга эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан

Т.ЖАНЦАН

НМХГ-ын дэд бүтэцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулгаас барилгын чанар, аюулгүй байдлын талаар тодрууллаа.  

-Барилга байгууламжийн хяналт шалгалтыг хэрхэн хийж байна. Ямар ямар дүгнэлт гарч байгаа вэ?

-Энэ оны эхний улирлын дүнгээр нийт 350 барилгад газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварыг шалгасан. Үүнийг 14 хувь эрсдэлтэй гэсэн дүн гарлаа. Мөн дахин төлөвлөх шаардлагтай, ашиглалтын хугацаа дууссан барилгууд бас бий. Эдгээр барилгуудад улсын ахлах байцаагчын акт гарсан. Нийт 171 орон сууцны барилгыг дахин төлөвлөх шаардлагтай дүгнэлт хийж Нийслэлийн Засга даргад хүргүүллээ. Эхний төлөвлөлтийг хийсэн. Тухайлбал, 16 сургууль, эмнэлгийн дөрөв, орон сууцны зарим барилгыг дахин төлөвлөөд байна.

-Шинээр ашиглалтад орж буй барилгын чанар ямар байна вэ?

-Манай албанд жилд 4000 орчим өргөдөл гомдол ирж байна.   Үүний 60 орчим хувь нь барилгын чанартай холбоотой. Мөн барилгын хоорондын зай хэмжээ, гадна тохижилт, эрүүл ахуйтай холбоотой гомдол гаргадаг. Мэргэжлийн хяналтын байгууллага 2011 оноос эрсдэлд суурилсан хяналт хийж байгаа. Дээрх өргөдөл гомдол болон халаалтын үед барилгуудад хяналтын хуудасаар үнэлгээ хийхэд 14 хувь нь эрсдэлтэй гэсэн үнэлгээ гарч байна. Ингээд тухай бүрт нь улсын байцаагчын акт дүгнэлт гаргаад СӨХ, Орон сууцны контор  зэрэг хариуцсан байгууллагад нь хүргүүлдэг. Ашиглалтай холбоотой асуудлыг Нийслэлийн захирагчийн ажлын алба, уг барилгыг бариулсан захиалагч, гүйцэтгэгч аж ахуйн нэгж, ашиглагч, эзэмшигч нарт эрх зүйн акт, шийдвэрээ өгдөг.

-Та барилгын чанартай холбоотой гомдол нэлээд гардаг гэлээ. Тухайн барилгыг барьж байх явцад нь чанар аюулгүй байдалд нь хяналт шалтгалт хийдэггүй юм уу?

-Барилгын тухай хуульд тухайн байгууламжийг барихад захиалагч компани өдөр тутмын хяналт тавьж байх ёстой. Захиалагч иргэн, аж ахуйн нэгж мэргэжлийн бус бол мэргэжлийн байгууллагыг өөрийн төлөөлөл болгож хяналт тавих үүрэгтэй юм. Бас гүйцэтгэгч компани өдөр бүр хяналт тавина. Зураг төслийн байгууллага бас хөндлөнгийн хяналт хийх учиртай. Нэг ёсондоо гурван талын хамтарсан хяналт шалгалт өдөр тутам хийнэ гэсэн үг. Мэргэжлийн хяналтын байгууллага үе шатны, газар олголт, барилга угсралтын ажил сууриасаа эхлэх, цутгалтын ажил, зураг төслийн боловсруулалт, байнгын ашиглалтад хүлээлгэж өгхөд нь хяналт шалгалт хийдэг юм.

-Тэгэхээр иргэдийн гаргасан гомдолыг хэр барагдуулдаг юм бол?

-Гомдол барагдуулхад жилийн дүнгээрээ бичгээр хариу өгсөн байдал нь 98 хувьтай байгаа. Зарим барилга мэргэжлийн байцаагчийн өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүй бол хууль шүүхийн байгууллагад хандаж эцсийн шийдвэр гаргадаг. Мөн тухайн барилга эзэмшигч нь хуулийн байгууллагад хандаж гомдолоо барагдуулж байна.

-Газар хөдөлөлтийн давтамж  Улаанбаатарт жил бүр нэмэгдэж байгаа. Тэгэхээр хүчтэй газар хөдлөлт болох үед тэсч үлдэх барилга хэр олон байна вэ?

-Бид 2003 оноос хойш барилга байгууламжийн судалгаа хийж байна. Ингээд нийслэлийн хэмжээнд 108 мянга 500 барилга бий гэсэн судалгаа гарсан.  Эдгээрээс 21600 барилгад Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт шалтгалт хийж эрсдэлийг нь үнэлээд байна.  Үүнээс 3030 барилга эрсдэлтэй гэсэн дүгнэлт хийлээ. Тэгэхээр эдгээр барилга газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн үг. Үүнд ашиглалтын хугацаа дууссан, хийц нь тааруу барилгууд байгаа юм. Энэ судалгааны дүн мэдээг Шадар сайд, МХЕГ-т хүргүүлэн ажиллаж байна.

-Нийслэлийн хаа сайгүй, тэр дундаа гэр хороололд шатахуун болон авто хий түгээх станц олширсон. Тэд аюулгүй байдлаа хангаж чадаж байгаа болов уу?

-Төлөвлөгөөт шалгалт жилд хоёр удаа хийдэг. Өмнө нь мөрдөж байсан аюулгүй байдлын стандартад нэмэлт өөрчлөлт орсон. Ингээд нефтийн барилга байгууламжийн техник тоног төхөөрөмж сайжирсан. Тухайлбал, PVC хоолойноос өгсүүлээд дэвшилтэд тоног төхөөрөмж ашиглаж байгаа юм. Иймд аюулгүй байдлыг хангах зай хэмжээ нь хоёр дахин багассан. Хуучин нормоор шатахуун түгээх станц хатуу түлшээр халаадаг байр буюу гэр хорооллоос 150 метр зайд байрлах ёстой. Шинээр мөрдөж байгаа номд 50-100 метр болсон. Мөн зэргэлдээх барилга байгууламж, оффисын барилгаас 20-40 метр зайд байж болох юм. Энэ нормын хэрэгжилтийг бид шалгаж байна.

-Улаанбаатарын замыг ерөнхийд нь шинэчилсэн. Гэвч насжилт өндөр, эвдэрсэн зам бий. Тухайлбал, Толгойтын зам байна. Ийм замыг шинэчлэх, засварлах, арчлах талаар ямар хяналт шалгалт хийж байгаа вэ?

-Зам засвар арчлалтыг Нийслэлийн авто замын хөгжлийн газар хариуцдаг. Мэргэжлийн хяналтын байгууллага тухайн замын ашиглалт, барих ажил, технологийн хяналт шалгалт хийж стандарт норм хангуулж байна.  Ер нь шинээр тавьсан авто замын баталгаат хугацаа богино байгаа. Урд нь нэг жилийн баталгаат хугацаатай байсан. Үүнийг бид бүхэн Зам тээврийн яам, Нийслэлийн авто замын газарт хүсэлт гаргаж 2015 оноос хоёр жилийн баталгаат хугацаатай болсон. Гэвч энэ бол хангалттай хугацаа биш гэж Мэргэжлийн хяналтын байгууллага үзэж байгаа. Тухайн замыг барьсан компани доод тал нь таван жилийн хугацаанд арчлалтыг нь хариуцдаг,  стандарт норм дүрмийнх нь хэрэгжилтийг давхар хяндаг системтэй болох шаардлагтай юм.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан