Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц. Пүрэвхүү: Доголох малын тоо нэмэгдсээр байна

Төв аймгийн Баянжаргалан суманд олон тооны малд доголох шинж тэмдэг илэрчээ. Энэ талаар болон цаг үеийн асуудлаар Мал эмнэлэг үржлийн газрын Ерөнхий эпидемиологич Ц.Пүрэвхүүтэй ярилцлаа.


-Мал олноороо доголж байна гэж сонссон. Энэ та­лаар мэдээлэл өгөхгүй юү?

-Төв аймгийн Баянжаргалан сумын долоо, найман айлын малд доголох шинж тэмдэг илэрч байна гэсэн мэдээлэл ирсний дагуу аймгийн мал эмнэлгийн эмч нар очиж үзээд эмчилгээ хийсэн. Малын турууг цэвэрлэж ариутган, антибиотек тарих зэргээр эмчилгээ хийгээд өвчлөл намжина гэж найдсан ч доголох малын тоо улам нэмэгдсээр байгаа мэдээлэл ирсэн. Иймд Мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн ерөнхий эмч, аймгийн мал эмнэлгийн албаны дарга нараар ахлуулсан мэргэжилтнүүд газар дээр  нь үзлэг хийж, өвчилсөн малаас шинжилгээний дээж авахаар Баянжаргалан сум руу явсан. Одоогоор онош нь хараахан тодорхой болоогүй байна.

-Хэр олон малд ийм шинж тэмдэг илрээд байна?

-Долоо, найман айлын 100 гаруй мал доголж байсан бол сүүлд авсан мэдээллээр 200 шахам болж нэмэгдэж голдуу хурга ишиг биш арай том 2-3 настай бог мал доголж байгаа юм.

Бидэнд ирүүлсэн мэдээл­лээр малын туруу дэвтэж сунасан, турууны хавиар шарх үүссэн гэсэн. Иймэрхүү шинж тэмдгээр илэрдэг сохор догол, балцруу гэхчлэн нэлээд хэдэн төрлийн өвчин байдаг. Одоогоор ямар өвчнөөр өвчилсөн болохыг тогтоогоогүй болохоор мал доголсон, доголж байгаа малын тоо нэмэгдэж байна гэснээс илүү мэдээлэл өгөх боломж алга.

-Гэхдээ мэргэжлийн хү­ний хувьд урьдчилсан багцаа таамагтай байгаа биз дээ?

-Урьдчилсан онош тавьдаг.  Ирсэн мэдээлэлд дүгнэлт хийж үзээд балцруу гэх өвчин байж болзошгүй гэж таамаглаж байна. Балцруу нь бороо хур ихтэй үед малын туруу зөөлөрч, улмаар зөөлөрсөн туруу элс чулуунд үрэгдэж, шархалж хөрсний нянгаар бохирдож үүсдэг өвчин.

-Халдварт өвчин биш байх нь?

-Үгүй. Нэг ижил шинж тэмдэг олон малд зэрэг илэрвэл халдварт өвчин гэж үзэж болно.  Балцруу гэхэд хөрсний бохирдлоор дамжин үүсдэг болохоор халдварт өвчний тоонд орно.

-Онош хэзээ тодорхой болох вэ?

-Ирэх долоо хоногийн мяг­мар гариг гэхэд шинжилгээний хариу гарна.

-Хэрэв балцруу өвчин гэж тогтоогдвол ямар арга хэмжээ авах бол?

-Балцруу өвчний эсрэг вакцин манай улсад одоогоор байхгүй.  Оношоо тогтоосны дараа дараагийн авах арга хэмжээний тухай ярина.

-Балцруу өвчин хүнд халдварлах эрсдэлтэй юү. Аюул уршгийнх нь тухайд?

-Аюултай биш ээ. Хүн гараа зүсээд эсвэл юманд урчихаар түүнд нь бохир орж идээлэх гээд байдаг шүү дээ. Түүнтэй л адил.

-Урин дулааны цагт мал амьтан халдварт өвчнөөр өвчлөх нь их байдаг. Энэ жилийн тухайд хэр байна?

-Улсын баяр наадмын өмнөхөн нийслэлийн Налайх дүүрэгт боомын халдвараар мал өвчилсөн тохиолдол гарсан. Налайх боомын голомттой бүс. Ийм газарт Төв аймгийн Эрдэнэ сумын айл ирж буугаад мал нь өвчилсөн байгаа юм. Харин өнөөдөр /өчигдөр/ өглөө Хөвсгөл аймагт  малын халдварт боом өвчин гарсан тухай мэдээлэл ирсэн. Нэг тугал боом өвчнөөр үхсэн тул  голомтод ном журмынх нь дагуу хязгаарлалтын дэглэм тогтоосон. Тухайн аймагт боомын эсрэг вакцины нөөц хангалттай байсан учраас вакцинжуулах арга хэмжээг шуурхай авсан байна.

-Налайхад тогтоосон хорио цээрийг нэмж мал өвчлөхгүй бол 14 хоногийн дараа буулгана гэж байсан. Гэтэл дээрх хугацаанаас ч удах шиг боллоо. Ер нь, мал өвчилсөн үү?

-Үгүй. Нэг тугал өвчилсөн байж болзошгүй сэжиг илэрсэн болохоор хорио цээрийг сунгасан. Ер нь, хорио цээрийн хугацааг өвчний нууц үеийг бодолцож, вакцин тарьсан малд дархлаа тогтох хугацааг харгалзан тогтоодог юм. Өөрөөр хэлбэл, эрүүл мал нь хамгаалагдаж, халдвар аваад нууц үедээ байвал тэр нь илрэх хугацаа гэсэн үг.

-Галзуу өвчин гарсан гэж сонссон?

-Манайд галзуу өвчин гарсан тухай мэдээлэл ирээгүй.

-Адууны томуу гэх өвчний тухай саяхан яригдаж байсан санагдах юм?

-Мал олноороо төвлөрсөн үед өвчлөл гарах гээд байдаг талтай. Баяр наадмын өмнөхөн адууны томуу гарчээ гэж яригдсан. Энэ нь томуу биш адууны ринопневмони гэх томуу төст өвчин болох нь тогтоогдсон. Хүний хоолойн ларангит өвчинтэй зүйрлэвэл арай ойлгомжтой байх.

-Сүүлийн жилүүдийн судалгаанаас харж байхад ямар төрлийн өвчин зон­хилон нэмэгдэж байна вэ?

-Шүлхий, боом зэрэг өвчин мэр сэр гарч байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд малын өвчлөл харьцангуй буурах хандлага ажиглагдах болсон. Харамсалтай нь, малын өвчлөл буурч байгаа ч мал амьтнаас халдвар авч хүн өвчлөх тохиолдол нэмэгдэж байна. Энэ тал дээр бид ЭМЯ-тай хамтарч харилцан мэдээлэл солилцож ажилладаг л даа. Ноднин гэхэд л Сэлэнгэ аймгийн нэгэн малчин боомын халдвартай малаа нядалж зараад өөрөө болон гэр бүл цаашлаад мах худалдаж авсан иргэдийг халдвараар өвчлөхөд хүргэсэн. Нэг халдвар авсан малаас олон хүн өвчилсөн. Малчид маань ч хариуцлагагүй, хэнэггүй нь харагдаж байгаа хэрэг. Та малаа вакцинжуулаач гээд л бараг гуйдаг. Харин малаа вакцинд хамруулаагүйн төлөө малчинд торгууль тавих эрх мэдэл бидэнд байхгүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан