Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Булган: Монголд 41 кодтой химийн бодис хэрэглэсэн жимс худалдаалдаг

Т.ЖАНЦАН

НМХГ-ын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн улсын ахлах байцаагч, доктор Ц.Булган хүнсний аюулгүй байдлын талаар ийн зөвлөв.

-Сүүлийн үед генийн өөрчлөлттэй хүнсний талаар дэлхий нийтэд сэрэмжлүүлэх болсон. манай улсад ийм төрлийн бүтээгдэхүүн орж ирсэн тохиолдол байгаа юу?
-Генийн өөрчлөлтэй хүнс гэдэг нь амьд организмаас хувиргаж гаргаж авсан хүнсний бүтээгдэхүүн юм. Импортоор орж ирж байгаа будаа, жимс жимсгэнд манай Хүнсний аюулгүй байдлын лаборатори шинжилгээ хийж байна. Монголд одоохондоо генийн өөрчлөлтэй хүнс орж ирсэн нь нотлогдоогүй. Энэ лаборатори тухайн ургамалд хортон шавьж эсвэл чанарыг нь сайжруулах зорилгоор өөр бүтээгдэхүүний генетик нэмсэн эсэхийг шинжилж чаддаг болсон. Тарих үрийн ургамал генийн өөрчлөлттэй байна гэсэн яриа бий. Жишээ нь рапс, улаан лооль гэдэг. Гэвч ийм бүтээгдэхүүн орж ирээгүй. Зах зээлд шилжиснээс хойш бидний хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл маш олон болсон.  Тухайлбал, цагаан будаа, шош гээд 20 гаруй нэр төрлийн үр тарианы төрлийн бүтээгдэхүүн хүнсэнд хэрэглэж байна. Төмс, хүнсний ногоо гэхэд бууцай, юуцай, цагаан лууван гээд л нэмэгдсэн. Эдгээр ургамлын үрийг импортоор оруулж ирдэг. Манай улсын байгаль цаг уурын нөхцөл байдлаас болоод цагаан будаа л тариалж чадахгүй байгаа юм. Бусад хүнсний ногоо, үр тариаг тариалж байна.

-Сүүлийн үед хятдад хуванцар цагаан будаа, өндөг үйлдвэрлэж байгаа тул болгоомжил гэсэн мэдээлэл бий. Эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэгч хэрхэн ялгаж таних вэ?
-Хятдад энэ шуугиан 2012 оноос эхлэн дэгдэж дэлхий нийтийг цочроосон. Гэхдээ хуванцар цагаан будаа, хиймэл өндөг, мах үйлдвэрлэж байгаа нь нотлогдоогүй. Монгол ч бус бусад улс орнууд импортын будаа, өндөг, маханд шинжилгээ судалгаа хийсэн ч батлагдаагүй юм.

-Тэгвэл манай улсын импортолж буй цагаан будааны чанар ямар байна вэ?
-Манай хэрэглэгчдэд чанартай аюулгүй хүнс хэрхэн худалдаж авах мэдлэг дутуу байна. Иймд бид цагаан будаа болон бусад төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрхэн сонгож авах талаар зөвлөмж өгч байгаа. Тухайлбал, цагаан будаа сонгохдоо хамгийн эхэнд өнгө үзэмжийг нь харах хэрэгтэй. Мөн хагарсан бутарсан үйрсэнийг нь харах ёстой.  Өнгө нь хэтэрхий цайвар байж болохгүй юм. Эсвэл холимог өнгөтэй байж таарахгүй. Хэрэв ийм өнгөтэй бол их удсан будаа гэж ойлгоорой. Хэт цагаан өнгөтэй будаа бий. Энэ нь хальслаад өнгөлсөн байдаг. Тэгэхээр уурагт бодисын агууламж нь буурсан гэсэн үг. гэтэл бид тэр өнгөлсөн цагаан будааг хамгийн сайн гэж ойлгодог нь өрөөсгөл юм. Дэлхий нийтээр өнөөдөр хальслаагүй бор будаа хэрэглэдэг болсон. Учир нь шим тэжээлт бодис нь бүрэн агуулагдаж байгаа. Бас будаа нялцайж байна гэдэг. Ийм гомдол ч манайд ирдэг. Гэтэл сортоосоо хамаарч боловсруулж хэрэглэх арга технологи нь өөр байдаг. Жигнэх, чанах, агшааж хэрэглэх зориулалт бий. Иймд жигнэх ёстой будааг усанд чанахад нялцайдаг юм. Тэгэхээр хэрэглэгч эхлээд авахдаа хаяг шошгийг нь сайн харж яаж хэрэглэхийг нь тодруулах ёстой. Манай хэрэглэгчдийн гаргадаг нийтлэг алдаа нь хаяг шошгийг нь уншдаггүй. Хэрэглэж үзсэнийхээ дараа хардаг тал бий.

-Дэлгүүр, худалдааны төвүүдэд борлуулж буй жимсэн дээр наалт наасан байдаг. Энэ нь юуг илэрхийлж байна вэ?
-Манайд борлуулж байгаа алим, тоор, лир, банана, авкода гээд олон жимсэн дээр 4130, 4133 гэсэн наалт бий. Энэ наалтыг хэрэглэгчид мэдэж байх ёстой. Тэгэхээр 4130 гэсэн наалт байгаа бол ургаж байхад нь ургамал хамгаалах химийн бодис, бордоо хэрэглэсэн гэсэн үг. Гэхдээ эцсийн бүтээгдэхүүн болоход химийн бодисын үлдэгдэл байхгүй, аюулгүй байдлын шаардлага хангаж буйг илэрхийлж байгаа юм. Үүнээс гадна 9-өөр эхэлсэн таван оронтой кодтой бүтээгдэхүүн байдаг. Гэвч Монголд 41 кодтой химийн бодис хэрэглэсэн үнэн. Гэхдээ аюулгүй гэсэн бүтээгдэхүүн л борлуулж байгаа. Органик нь орж ирээгүй. Ийм бүтээгдэхүүн их өндөр үнэтэй юм. Энэ нь органик ямар ч химийн бодис хэрэглээгүйг илтгэнэ. Харин 8-аар эхэлсэн таван оронтой кодтой бол генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн гэсэн үг.   

-Жимсийг бид гоожуурт угаагаад хэрэглэдэг. Энэ нь хэр найдвартай арга вэ?
-Бид салфетикаар арчаад юм эсвэл гоожуурт угааж хэрэглэдэг. Угааж цэвэрлэх нь зөв ч арга нь буруу. Жимсийг угаахдаа урсгал усанд аль болох удаан байлгах ёстой. Үүнээс гадна озоноор цэвэрлэдэг багаж манай улсад орж ирсэн байгаа. Үүгээр ариутгаад хэрэглэж болно. Мөн бага хэмжээний алимны цуу, хүнсний содын уусмалд хийгээд сойтогдож угаагаад хэрэглэх хэрэгтэй.   Эсвэл хальсалж идэх ч тал бий. Ер нь жимс ногоог хальстай нь идэхийг зөвлөдөг. Яагаад гэвэл хальсанд нь шим тэжээлт бодис нь байдаг юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан