Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Лхагвасүрэн: Сард 60 тэрбум төгрөгийн санхүүжилттэй бол ипотекийн зээл саатахгүй


Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс ипотекийн зээлийн санхүүжилтийн талаар тодрууллаа.

-Орон сууцны хөнгөлөлтэй зээлд хэчнээн төгрөг зарцуулаад байна вэ?
-Ипотекийн зээлийн санхүүжилт өнгөрсөн дөрвөн жил тогтвортой явж ирсэн. Учир нь Монголбанк дийлэнхийг нь санхүүжүүлж байсан юм. Одоогоор уг зээлд дөрвөн их наяд төгрөг зарцуулагдсан. Үүний гурван их наяд төгрөгийг Монголбанк гаргаад байна. Үлдсэнийг нь арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээс гаргалаа.

-Тэгэхээр төв банк уг зээлээс гарна. Тэгэхээр цаашид ипотекийн зээлийг яаж санхүүжүүлэх вэ?
-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ипотекийн зээлийг үргэлжлүүлэхээр тусгасан. Монголбанк уг зээлийг үүрч явсан бол Засгийн газарт хүлээлгэж өгөх нь зөв гэж бодож байна. Нэгдүгээрт олон нийтийг хамарсан ард түмний амьжиргааг дээшлүүлэх санхүүжилт учраас Монголбанкны мөнгөний бодлогтой нийцэж өгөхгүй юм.  Хоёрдугаарт ОУВС-тай дунд хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаа. Тус сангаас Монголбанкыг орон сууцны зээлийн хөтөлбөрт манлайлан оролцох нь зайлшгүй зүйл биш гэж зөвлөж байгаа. Ингээд ирэх оны нэгнээс ипотекийн зээлийн санхүүжилтээс гарах болзол хүлээж авсан.

-Арилжааны банкууд найман хувийн хүүтэй орон сууцны зээл олгохгүй байна гэж байгаа. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Монголбанк энэ оны хувьд ипотекийн зээлээс эргэн төлөгдөж буй мөнгийг дараагын санхүүжилтэд гаргаж байгаа. Энэ үйл ажиллагаа ирэх оноос зогсч улсын төсвөөс гардаг болно. Сард өгч буй 25 тэрбум төгрөгийн санхүүжилт бол ипотекийн зээлийн эрэлт хэрэгцээг хангах дүн биш. Өмнөх туршлагаас харвал сард 60 тэрбум төгрөгийн санхүүжилтээр уг хөтөлбөр саадгүй хэвийн хэрэгжинэ.  Иймд санхүүжилтийг нь нэмэгдүүлэх талаар Монголбанк Засгийн газар, Сангийн яамтай ярьж байна. Ялангуяа, БХБЯ-тай хамтарч зээлийн хөтөлбөрийг идвэхжүүлэх боломж хайж судалгаа хийж байгаа юм. Удахгүй шийдэл олдох байх гэж найдаж байна.

-Улсын төсвөөс санхүүжүүлээд явхад орон сууцны зээлийн журам, нөхцөлд өөрчлөлт орох болов уу. Хэдэн банкаар зээл олгох уу?
-Ипотекийн зээлд гарсан дөрвөн их наяд төгрөгөөс сард 25 тэрбум төгрөгийн эргэн төлөлт орж ирдэг. Иймд уг хөтөлбөрийг хэвийн явуулахын тул Засгийн газар 25 тэрбум гаруй төгрөг нийлүүлээд явах хэрэгтэй болно. Ингээд 50 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхэд зээл хэвийн үргэлжилж дараалал хүлээхгүй байх. Зээл журмаас шалтгаалж саатаагүй тул өөрчлөгдөхгүй байх гэж бодож байна.  Мэдээж найман хувь гэдэг нь зах зээлийн  хүү биш. Өнөөдөр Монголбанкны бодлогын хүү, банкуудын зээл, хадгаламжийн хүү 14 гаруй хувьтай байгаа. Тэгэхээр зургаан хувийн хүүгийн зөрүү гарч байгаа биз. Үүнийг энэ оны төсвийн тодотголд 110 тэрбум төгрөг хэмээн оруулж өгсөн. Ийм учраас орон сууцны зээлийг хэвийн явуулахын тулд энэ хүүгийн зөрүүг төсөвт суулгаж өгч байх хэрэгтэй. Мөн 20 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт бас нэг газраас гаргаж ирэх шаардлага бий юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан